АНУ-ын Дээд шүүх ерөнхийлөгч асан Дональд Трампыг Колорадо мужид болох Бүгд найрамдах намын анхан шатны сонгуульд оролцохыг хориглосон шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн давж заалдах гомдлыг хэлэлцэх шийдвэр гаргав. Уг хэргийг ирэх хоёрдугаар сард хэлэлцэх бөгөөд гарсан шийдвэр нь орон даяар хэрэгжих юм.
Дональд Трампыг 2021 оны нэгдүгээр сарын 6-нд болсон үймээн самуунд дам оролцсон тул Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах анхан шатны сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах ёстой гэж Колорадо мужийн Дээд шүүх шийдвэр гаргаад байгаа юм. Гэхдээ хууль эрх зүйн үүднээс авч үзвэл Америкийн иргэний дайнаас болж орсон нэмэлт өөрчлөлт Трампад хамаарах эсэх нь асуулт хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, АНУ-ын Үндсэн хуулийн 14 дэх нэмэлт өөрчлөлтөөр “бослогод оролцсон” хэнийг ч холбооны албан тушаал хашихыг хориглосон байдаг ч экс ерөнхийлөгчийн өмгөөлөгчид энэ заалт Трампад хамаарахгүй гэж үзэж байна. Түүний өмгөөлөгчид “Колорадогийн Дээд шүүхийн шийдвэр нь олон сая сонгогчийн эрхийг Үндсэн хуулийн нийцэхгүй заалт ашиглан улс даяар хасах загвар болгон ашиглах магадлалтай” гэж маргаан үүсгээд байгаа юм. Учир нь “Колорадогийн Бүгд найрамдах намын ерөнхийлөгчид нэр дэвшигч тодруулах ажиллагаа бүрмөсөн цуцлагдаж, нээлттэй санал хураалтаар нэр дэвшигчийг саналын хуудасгүйгээр баталгаажуулах үйл явц болох гэж байна” гэж Трампын өмгөөлөгчид онцолсон байна.
Колорадо мужийн Дээд шүүхийн 12 дугаар сард гаргасан шийдвэр нь АНУ-ын түүхэнд анх удаа Үндсэн хуулийн 14 дэх нэмэлт өөрчлөлтийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг хасах зорилгоор ашигласан тохиолдол болж байгаа юм.
АНУ-ын Дээд шүүх Трампын гомдлыг маш хурдан хүлээж авсан бөгөөд ирэх сарын 8-нд мэтгэлцээнүүдийг эхлүүлэхээр товлон, шийдвэрээ хурдан гаргана гэж мэдэгджээ.
Ричмондын их сургуулийн профессор Карл Тобиас Дээд шүүхийн энэхүү түргэвчилсэн шийдвэрийг “Улс даяар янз бүрийн мужуудад өсөн нэмэгдэж буй Трампын эсрэг шүүхэд өгч буй нэхэмжлэлүүдтэй холбоотой” гэж тайлбарлав. Учир нь Колорадо мужаас гадна Мэн мужийн шүүх Трампыг Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах шийдвэрийг гаргаж экс ерөнхийлөгчийн өмгөөлөгчид мөн тус мужийн Дээд шүүхэд хандаад байна. Харин Миннесота, Мичиган мужийн шүүхүүд Трампын эрхийг хасах хүсэлтийг няцаасан бөгөөд бусад мужууд, тухайлбал Орегон мужид уг асуудал шүүхийн шийдвэрийг хүлээж байна.
Дональд Трамп одоогоор ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших магадлал өндөр хэвээр байгаа учир Дээд шүүхийн энэ шийдвэр маш чухал зүйл болчихоод байна. Учир нь Дональд Трамп ерөнхийлөгч байхдаа АНУ-ын Дээд шүүхийн есөн шүүгчийн тавыг нь Бүгд найрамдах намын үзэл баримтлалтай шүүгчээр “сольж” чадсан юм. Гэтэл түүний эсрэг зарим муж улсын шүүхийн гаргаад буй шийдвэр болох “Үндсэн хуулийн заалт АНУ-ын бүх иргэнд адил үйлчлэх ёстой” гэсэн зарчим нь яг үнэндээ АНУ-ын Бүгд найрамдах намын үзэл баримтлал юм. Гэхдээ Трампын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийг будилаантуулах гэсэн оролдлого нь холбооны хэд хэдэн муж улсын шүүхийн маргаан болж байгаа боловч аль ч шүүх “бослого өдөөн турхирсан” хэргээр Дональд Трампад эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа нь түүний өмгөөлөгчдөд найдлага төрүүлэн давж заалдаад байгаа юм.
Г.АМАРСАНАА