Categories
гадаад мэдээ

Танилц: “Манчестер Юнайтед” багийн шинэ эзэн Жим Рэтклифф DNN.mn

Энэ зураг дээр харагдаж буй эрийг уул уурхайн салбарын ажилтан, жолооч, уурхайчин гэж андуурав аа.

Их Британи улсын баячуудын эгнээнд хоёрт бичигддэг, 29.6 тэрбум фунт стэрлингийн хөрөнгөтэй гэдгийг Sunday Times Rich List зарласан Жим Рэтклифф хэмээх далан нэгэн настай англи эр бөлгөө. Тэр он солигдох мөчид Английн хөлбөмбөгийн хамгийн том багуудын нэг болох “Манчестер Юнайтед”-ийн хувьцааны 25 хувийг худалдан авч ах дүү Глейзерүүдээс тус багийг салгах үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Энэхүү наймаа өнөөдөртөө юуг илэрхийлнэ вэ гэвэл. Ямар ч байсан Катарын шейх Жаассим бэн Хамада Аль-Танигийн 5,5 тэрбум фунт стэрлингээр “МЮ”-г бүхлээр нь худалдан авах гэсэн хэдэн жилийн оролдлого “будаа” боллоо гэсэн үг. Америкийн тэрбумтан ах дүү Глейзерүүд (тэдэнд 71 хувь үлдэж байгаа) дангаараа шийдвэр гаргах эрхгүй болсон гэдэг нь “МЮ”-гийн балиашгуудийг баярлуулна. Хамгийн гол нь шинэ эзэн Олд Траффордыг шинэчлэх, бэлтгэлийн баазыг өргөтгөхөд 300 сая фунт зарцуулна гэж мэдэгдлээ.

Жим Рэтклифф 25 хувийн 1.25 тэрбум фунтаар өнгөрөгч оны 12 дугаар сарын 24-нд худалдаж авсан өдрөө хуучин эзэдтэй тохиролцсон зарим гэрээгээ танилцуулсан. Энэ өдрөөс эхлэн уг багийн хөлбөмбөгтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг тэр хариуцах бөгөөд Глейзерүүд арилжаа, наймаа ашиг орлого, зар сурталчилгааны талаа мэдэж байхаар болсныг сонордуулсан билээ.

Жим Рэтклиффийг товч танилцуулъя. Тэр бол INEOS компанийн босс бөгөөд химийн гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг олон төрлийн үйлдвэрүүд нь Англи, Шотланд, Ирланд гээд улсуудад өчнөөнөөрөө бий. Тэр хар багаасаа “МЮ” багийн үнэнч фен байсан гэдэг нь олон баримт ярилцлагаас тод томруун харагддаг нь яалт ч үгүй үнэн юм. Тэр “Олд Траффорд”-оос хагас цагийн явдлын зайтай газарт төрж өссөн гэхээр хүүхэд нас нь энэ том багтай холбоотой байхаас гарцаагүй байж таарах нь. Их Британид зориулсан ба гаргасан амжилтуудыг нь үнэлж 2018 онд “сэр” цол олгосон, “МЮ”-гээс гадна Францын хөлбөмбөгийн “Ницца”, Швейцарийн “Лозанна” багуудыг эзэмшдэг. Мөнгө үнэртсэн л бол тууштай тэмцэж зорилгодоо хүрдэг, хатуу чанга арга барилтай хүн гэж тодорхойлдог. “МЮ”-гийн үнэнч балиашгуудын хувьд баг нь араб хүн рүү явчихаагүй, 18 жилийн туршид үзэн ядаж явсан америк эздээс холдож эхэлж буй нь эерэг үзүүүлэлт гэж үзжээ.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *