Categories
гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчөөр хэн тодрох вэ? DNN.mn

“Аугаа болгон энгийн, энгийн болгон аугаа байдаг”. Энэ бол XXI зууны шинжлэх ухааны зарчим. Учир нь Аж үйлдвэрийн IV хувьсгал интернэт гэдэг зүйлийг бий болгосноор бид аль ч асуудлыг цогцоор нь “харах” боломжтой болсон. Хэн ч байсан эхлээд судлах хэрэглэхүүн буюу тухайн сэдвээр материал цуглуулна. Дараа нь арга зүйгээ сонгоно. Тэгээд энэ хоёрыгоо нийлүүлэнгүүт танаас хамаарахгүй үр дүн гарна. Үүнийг л шинжлэх ухаан гэдэг.

Шинжлэх ухаан өөрөө бичиж, ярьж чаддаггүй учир гарсан үр дүнг та өөрийнхөө нэр дээр бичиж хэвлүүлэхээс өөр аргагүй. Харин гарсан үр дүн чинь урьд нь мэдэгдээгүй байсан зүй тогтол байвал эрдэмтэн болдог. Үнэхээр шинжлэх ухааны нээлт хийсэн гэж бодож байгаа хүн байвал шинжлэх ухааны сэтгүүлд өгүүллэг хэвлүүлэхээсээ өмнө, мөнгө төлж байгаад ч болов уг сэдвээ энгийн үгээр тайлбарлаж, өөрийн улсын өдөр тутмын сонинд хэвлүүлэх хэрэгтэй. Учир нь энэ нь хожим шаардлага гарсан тохиолдолд, олон улсад НҮБ-ын конвенцийн дагуу зохиогчийн эрхээ хамгаалах таны баталгаа болдог юм.

Энэ жил дэлхийн 64 улсад чөлөөт ардчилсан сонгууль зохион байгуулагдана. АНУ-ын “Integrity Institute” стратегийн судалгааны хүрээлэн “Эдгээр улсад дэлхийн хүн амын хагас нь буюу дөрвөн тэрбум гаруй хүн амьдардаг бөгөөд дахин ийм олон сонгууль давхацсан жил 2048 оноос өмнө тохиохгүй” гэж мэдээлсэн. Мэдээж эдгээр сонгуулийн “оргил” нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль байх болно. Иймээс хэдүүлээ XXI зууны шинжлэх ухааны зарчмыг ашиглан, АНУ-ын ерөнхийлөгч хэн болохыг тогтоож “Аугаа болгон энгийн, энгийн болгон аугаа байдаг” гэдгийн үнэн эсэхийг шалгаад үзье.

Америкийн санал асуулгаар тэрбумтан болсон Жорж Гэллапын нэрээр нэрлэгдсэн “Gallup” компани өнөөдөр дэлхийд санал асуулгыг тэргүүлж байна. Энэ компани “Гэллапын арга”-ыг хэрэглэдэг бөгөөд манай улсын санал асуулга ч энэ аргаар явагддаг. Энэхүү арга “Том тогоотой хоолноос ганц халбагаар амсахад л хангалттай” гэсэн зарчим баримталж олон сая сонгогчдод ил захидал илгээн саналыг нь авдаг байсан нүсэр аргыг нийгмийн давхаргын төлөөлөл болгоноос тодорхой тооны санал авдаг болгож дэвшил авчирсан юм. Гэхдээ энэ арга сонгууль ойртох тусам магадлал нь өндөр болдог дутагдалтай талтай. Өөрөөр хэлбэл сонгуульд хэн ялахыг урьдчилан хэлэх боломж тааруу байдаг. Харин сонгогчдын санал гэдэг бол яг үнэндээ тухайн “цаг үеийн шаардлага” юм. Иймээс “Гэллапын арга”-аас татгалзаж, АНУ-ын ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд яг ямар хүн шаардлагатай байгааг “задалж” үзье.

I-харьцангуй залуу, II- төрийн ажлын туршлагатай учир ерөнхийлөгч хийх боломжтой, III- АНУ-ын олон үндэстний төлөөлөл болж чадах, IV- дайн дажин улам даамжрах магадлалтай байгаа учир эмэгтэй, V- өөрийн намын үзэл бодолд үнэнч, VI-гэр бүлийн байдал. Одоо эдгээр шалгуур бүрд нэг оноо өгч хэн бүтэн зургаан оноо авахыг харъя.

Ерөнхийлөгч Жо Байден, ерөнхийлөгч асан Дональд Трамп төдийгүй бүх нэр дэвшиж буй эрчүүд энэ шалгуураар өрсөлдөөнөөс шууд хасагдаж байна. АНУ-ын Ардчилсан намаас гарах магадлалтай Хиллари Клинтон 4, дэд ерөнхийлөгч Камала Харрис 5 оноо авч байна. АНУ-ын Ардчилсан нам зүүний буюу дайны эсрэг үзэл баримтлах ёстой бөгөөд өнөөдөр энэ үзлийг баримтлах аваас сонгогчдод “дарангуйллыг дэмжигч” үзэлтэн болж харагдах тул дэд ерөнхийлөгч Камала Харрис 5 оноо авч байна. Өөрөөр хэлбэл, Камала Харрис сонгуульд өрсөлдвөл дарангуйллын эсрэг дайныг дэмжихээс өөр аргагүй болж, намын гишүүд, дэмжигчдийнхээ саналыг алдана гэсэн үг юм. Харин Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд буй Өмнөд Каролинагийн Бамберг хотод 1972 онд синкх гэр бүлд төрсөн, эцэг эх нь хоёул доктор цолтой болохоосоо өмнө Энэтхэгийн Пунжаб мужийн Амритсараас цагаачилж ирсэн, өөрөө Өмнөд Каролина мужийн Төлөөлөгчдийн танхимд гишүүн мөн тус мужийн захирагчаар сонгогдон ажиллаж, НҮБ-ын АНУ-ын Байнгын төлөөлөгч байсан, “Оросын түрэмгийллийг “нутаг дэвсгэрийн маргаан” гэж нэрлэх, энэ асуудлаар АНУ төвийг сахихыг уриалах нь маш буруу. Учир нь Украины ялалт манай үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцнэ. Израиль болон АНУ террористуудыг устгах үүрэгтэй” гэж хэлж, татвар бууруулахыг зорилгоо гэж үздэг, нөхөр Майкл Хейли нь АНУ-ын Армийн албан хаагч, Өмнөд Каролинагийн Үндэсний гвардийн офицер, тэд Рена, Налин гэсэн хоёр хүүхэдтэй, түүний төрсөн ах Митти бас офицер байсан бөгөөд АНУ-ын армид 20 жил алба хаасан гэсэн үзүүлэлтүүд нэр дэвшигч Никки Хейлид бүтэн зургаан оноо өгч байна. Энэ шинэ арга олон улсад одоогоор огт яригдаагүй байгаа хүнийг АНУ-ын ерөнхийлөгч болох магадлал хамгийн өндөр хэмээн гарган ирж байна. Гэхдээ энэ бол одоогоор шинжлэх ухааны онол. Учир нь аль ч онол батлагдаж байж л шинжлэх ухаан болдог хуультай.

Иймээс л Никки Хейли АНУ-ын ерөнхийлөгч болчихвол энэ шинэ арга санал асуулгын судалгаанд гарсан “нээлт” болох тул би өөрийн эрхийн баталгаа болгох гэж үүнийг сонинд бичиж байгаа хэрэг. Иймээс монгол хүн бүр судалгааны материал цуглуулж, арга зүйгээ сонгон, өөрөөс үл хамаарах дүгнэлт гаргаж нээлт хийх боломж дүүрэн байна. Учир нь шинжлэх ухааны нээлт болгон Байгалийн ухааны салбарт хийгдэж Нобелийн шагнал хүртдэг. Монгол хүн болгоны өвөг, дээдэс унаган байгалийнхаа “эд, эс” нь болж олон мянган жил амьдарсан учир удамшлын тухай Менделийн I–III хуулиар нээлт хийх боломж бусад үндэстнээс танд илүү их бий. Нээлт хийсэн хүн болгон илүү сайхан амьдарна. Учир нь аз жаргал мөнгөнд бус мөнгө олж буй аргад тань байдаг. Үүнийг л “Аугаа болгон энгийн, энгийн болгон аугаа байдаг” гээд буй хэрэг.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *