“Ковид-19” цар тахал дэлхий нийтийг нөмөрч, хүн төрөлхтөн айдаст автаж байсан хэцүү он жилүүд ард үлджээ. Одоогоос яг гурван жил гаруйн өмнө манай улс дотооддоо халдвар алдаж, дээр дооргүй сандралдан учраа олохгүй хатуу хөл хорионд орж байв. Монгол Улс 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн нийт долоон удаагийн хөл хорионд 79 хоногийг өнгөрөөсөн. Ингэхдээ улаан, улбар шар буюу гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байлаа. Хил, гааль нь хаалттай, сургууль, цэцэрлэгүүд нь цахимаар хичээллэж, худалдаа үйлчилгээний салбарууд цөм хаалгаа барьж, ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт доройтов. Цар тахлын дэгдэлт цаг, минутаар бүртгэгдэж, нас баралтын тоо улам нэмэгдсээр, улаан бүсэд ажиллах эмч мэргэжилтнүүд хүртэл халдвар авсан хар өдрүүд үргэлжилж байсан билээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газраас ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгаа идэвхжүүлэх олон шат дараатай арга хэмжээ авсны хүчинд цар тахлыг амжилттай даван туулж чадсан.
Цар тахлын ард эрсдэл багатай гарч чадсан хамгийн том хүчин зүйл бол вакцинжуулалтыг онцолно. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажлаа авснаас хойш нэг сар хүрэхгүйн хугацаанд ард түмнээ вакцинжуулж эхэлсэн санагдаж байна. Тэд тун богино хугацаанд олон улсын шилдэг туршлагад үндэслэсэн, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон, шуурхай, шийдэмгий, шинэ бодлого дэвшүүлж амжилттай ажиллаж чадсан нь ард түмэнд итгэл өгч байлаа. Гэвч дайны хажуугаар дажин гэгчээр “вакцин бол хор” гэсэн үзэлтнүүд, ухуулагчид хаа сайгүй гарч ирэв.
Тэд “Вакцин хийлгээд үхээд байна” гэсэн сөрөг мессэжийг нийгэмд тарааж энэ ажлын эрчийг сулруулах гэж нөлөөлж байсан удаатай. Харин Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, төрийн түшээд иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж, өөрсдөө үлгэрлэж байв.
Ямар сайндаа эрдэмтдийн зөвлөлийнхөн өдөр бүр мэдээлэл хийх болгондоо “Ковид-19”-ийн эсрэг вакцин аюулгүй, амьд вирус агуулдаггүй учир ямар нэг өвчин үүсгэхгүй, хүний удмын мэдээлэлд нөлөөлөх ямар ч үндэслэлгүй. Вакцин бол нас баралтаас 92 хувь хамгаална” гэж сануулдаг байх вэ дээ.
Тухайн үед Монгол Улсын Засгийн газраас иргэдээ дархлаажуулах хангалттай вакцины нөөц бүрдүүлж чадсан. Дэлхий дахинд нэвтэрсэн хамгийн эрэлттэй, үр дүнтэй вакцинуудыг манай улс татан авч иргэдээ дөрвөн тун вакцинд хамруулсны үр дүнд бид энгийн амьдралдаа аажмаар шилжсэн билээ. 3.3 сая иргэнээ дөрвөн тун вакцинд хамруулна гэдэг бол амар ажил биш. Ингээд 2022 оны хоёрдугаар сарын 14 гэхэд нийт зорилтот хүн хамын 92 хувь нь вакцинд хамрагдсан дүнтэй байв. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэг жил хүрэхгүй хугацаанд хийсэн маш том ажил. Энэхүү вакцинжуулалтын үр дүнд Монгол Улс цар тахлын улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалж байлаа.
Ингэснээр монголчууд 1.5 жилийг товчилж чадсан юм. Бид гадаад ертөнцөд үүдээ нээж, олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсон билээ. Монгол Улсын цар тахлын эсрэг авсан арга хэмжээг олон улс өндрөөр үнэлж, харьцангуй хохирол багатай даван туулсан орноор нэрлэдэг нь. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын өнгөрсөн гурван жилд хийсэн ажлуудын нэг том амжилт юм.
М.МӨНХ