Орос хүчээр өөртөө нэгтгэсэн Украины Крымийг чөлөөлөх Хар тэнгис дэх тулаан 2024 оны дайны “хүндийн төв” болох ёстой гэж Украины ерөнхийлөгч Владимир Зеленский The Economist сэтгүүлд өгсөн ярилцлагаар мэдэгдэв. Тэрбээр “Крымийн хойгийг бусад цэргээс нь тусгаарлаж, Оросын цэргийг чадавхгүй болгон энэ нутгаас ирж буй халдлагыг зогсоох явдал Украины хувьд онц чухал зорилт байх болно” гэж хэлсэн байна. Украины удирдагч “Крымийг чөлөөлөх нь дэлхий дахинд үлгэр дуурайлал үзүүлэх бөгөөд Оросын дотоодод ч асар их нөлөөтэй байх болно.
Учир нь Кремль “суртал ухуулгынхаа гол элемент”-ээ алдсан гэдгийг Оросын “мянга мянган” иргэн харах болно. Оросын цэрэг, офицерууд зөвхөн Оросын ерөнхийлөгч Владимир Путины хувийн амбицаас болж хий дэмий үхсэн гэдгийг мэдэж авцгаана” гэж онцлов. Украин улс стратегийн чухал ялалт байгуулж, Оросын Хар тэнгисийн флотын олон хөлөг онгоцыг бид устгасан гэж онцлон тэмдэглээд “Их Британийн Батлан хамгаалах яамны тооцоолсноор энэ флотын тавны нэгийг бид устгасан байна. Орос сүүлийн 240 жилийн турш эзэмшиж байсан тэнгисийн цэргийн баазаа алдсан нь Владимир Путины хувьд маш их ичгүүртэй хэрэг” гэж Зеленскийн хэлснийг “The Economist” эш татжээ.
Үүний зэрэгцээ бидний амжилт манай барууны түншүүдээс ирэх цэргийн тусламжаас шууд хамаарна гэж Украины төрийн тэргүүн тэмдэглэв. Түүний хэлснээр, хэрэв Украинд Герман улс алсын тусгалтай далавчит пуужингуудаа нийлүүлбэл манай зэвсэгт хүчин Керчийн гүүрийг устгаж, Крымийг Оросоос үр дүнтэй тусгаарлах боломжтой болно гээд “Оросын иргэд энэ гүүр бол цэргийн байгууламж гэдгийг мэдэж байх ёстой” гэжээ.
Мөн Зеленский “Украиныг дэмжсэнээр Европ Оросын түрэмгийллээс өөрийгөө хамгаалж байна. Европын иргэд бидэнд мөнгө, зэвсэг өгснөөр тэд өөрсдийгөө хамгаалж байна. Та бүхэн бидний хүүхдүүдийг биш, өөрсдийнхөө хүүхдүүдийг аварч байна” гэж анхааруулан “Хэрэв Орос Украины хүүхдүүдийг хүчээр зөөж байгааг зөвшөөрвөл тэд дараа нь та нарын хүүхдүүдийг ч авах болно. Хэрэв орос украинчуудын эрхийг зөрчвөл дэлхийн бусад иргэдийн эрхийг зөрчих болно. Путин араатан амьтан шиг сул дорой байдлыг мэдэрдэг. Иймээс тэр бол араатан. Тэр цус амталж байж хүч чадлаа мэдэрдэг. Иймээс энэ араатныг дарж авахгүй бол чамайг бүх Европыг, НАТО-г, эрх чөлөө, ардчилалтай нь хамт тэр оройн хоол болгон идэх болно. Иймээс Европын орнууд өөрсдийнхөө сайн сайхны төлөө Украиныг дэмжихийн тулд Америкийг лоббидох ёстой. Учир нь Европын хэд хэдэн орны тагнуулын алба ОХУ-аас тэдний нутаг дэвсгэрт болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудад халдлага үйлдэх магадлалтай байгааг илрүүлсэн байна” гэж Зеленский хэлэв. Харин энхийн хэлэлцээр хийх саналын тухайд Зеленский “Би ОХУ-аас энх тайван тогтоох үндсэн алхмуудын оронд зөвхөн террорист алхмууд хийж буйг л харж байна.
Барууны зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Оросууд мөргөлдөөнийг зогсоох хүсэл эрмэлзэлтэй байна” гэж байгаа нь Орос зөв шударгадаа биш, харин хангалттай пуужин, сум, бэлтгэгдсэн цэрэг байхгүй болсон учир тэдэнд сэргэлт авах завсарлага хэрэгтэй байгаа юм. Тэгээд тэд хүчээ дахин хуримтлуулсны дараа дайныг их хүчээр үргэлжлүүлэх болно” гэж мэдэгдсэн байна.
Г.АМАРСАНАА