Энэ оны эхний өдрөөс ХХОАТ нэг хувь боллоо. Уг хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан иргэдийн дунд үүсээд байгаа эргэлзээтэй асуудлаар ТЕГ-ын Татвар төлөгчид үйлчлэх газрын Татварын улсын байцаагч Ц.Ундармаагаас тодрууллаа.
-Шинээр хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу ХХОАТ-ыг хэн, хэн төлөх вэ. ХХОАТ гэхээр зөвхөн хувь хүнээс авах уу. Эсвэл хувийн хэвшил болон төрийн байгууллага орж байгаа юу?
-ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд үйл ажиллагааны орлоготой иргэн орлогын дүн хамаарахгүйгээр нэг хувиар татвар төлөх боломжтой болсон. Нэмэлт өөрчлөлтөөс өмнө зөвхөн 50 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой иргэн хүсэлт илгээж, хялбаршуулсан горимд бүртгүүлснээр нэг хувиар татвар төлөх боломжтой байсан. Иргэдийн хувьд сонголт хийх боломжтой. Ингэхдээ нэгдүгээрт, хүсэлтээ илгээж бүртгүүлж нийт борлуулалтын орлогоос нэг хувиар татвар төлж болно. Хоёрдугаарт, нийт борлуулалтын орлогоос хууль тогтоомжид заасан нөхцөл шаардлагыг хангасан зардлаа хасаад ашгаасаа 10 хувиар татвар төлөх үү гэдгээ сонгож болно.
-Хувь хүн цалингаа авлаа гэж бодъё. Иргэн Батаагийн дансанд 800 мянган төгрөгийн цалин ормогц нэг хувийг нь татварт авчих уу. Батаа цаашаа Доржид мөнгө шилжүүлэхэд түүнээс бас нэг хувийн татвар тооцно гэсэн үг үү. Энэ маягаар иргэн Батаагийн 800 мянган төгрөгийн цалин дуусан дуустал татвар бодогдсоор байх юм уу?
-Хувь хүний дансанд орсон гүйлгээ болгоныг орлого гэж үзэх боломжгүй. ХХОАТ-ын тухай хуульд зааснаар цалин хөдөлмөрийн хөлсний орлого, шууд бус орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлого, бусад орлого, үйл ажиллагааны орлого гэж зургаан төрлийн орлогод албан татвар ногдуулахаар заасан.
-Хувь хүний дансанд орж байгаа орлогод нэг хувийн татвар ногдуулахаар бэлэн мөнгөний гүйлгээ эрчимжиж, далд эдийн засаг нэмэгдэх сөрөг талтай гэж зарим нь шүүмжилж байгаа харагдсан. Тэгэхээр иргэдийн данснаас дансанд дамжих гүйлгээ болгонд энэ нэг хувийн татвар авахгүй байх нь ээ?
-Нэг хувиар татвар төлөх боломжтой заалт нь зөвхөн үйл ажиллагааны орлогод хамаарагдана. Үүнд үйлдвэрлэл эрхэлсэн, бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлж олсон орлогууд багтана. Үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн орлого олох тухай бүрдээ төлбөрийн баримтаа олгох үүрэгтэй. Орлогын нийт дүнг төлбөрийн баримтын дүнгээр тодорхойлно. ХХОАТ-ын тухай хуульд заасан нэмэлт өөрчлөлт нь татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, татварын ачааллыг бууруулах, бизнес эрхэлж байгаа хүмүүсийг дэмжих зорилготой юм.
Бизнес эрхлэгч хувь хүний нийт үйл ажиллагааны борлуулалтын орлогын нэг хувиар албан татвар төлөх эрх боломж нээгдэж өргөжиж байгаа ч 50.0 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх үүрэг нь хэвээрээ гэдгийг анхаарах шаардлагатай.
-Үйлчилгээ эрхлэгч байлаа гэж бодъё. Жишээлбэл, найман нэрийн барааны дэлгүүр борлуулж байгаа бараанаас олсон орлого болгондоо нэг хувийн татвар төлөх нь. Зарсан барааныхаа мөнгийг бөөний төвд шилжүүлмэгц тэндээс нь бас нэг хувийн татвар оногдуулах уу. Бөөний төв дэлгүүрүүдэд нийлүүлсэн барааныхаа ашгийг аваад үйлдвэрт мөнгөө тушаахад үйлдвэрлэгчээс нь бас нэг хувийн татвар авах юм уу?
-Худалдаа эрхлэгч бөөний төв, худалдааны төв, барааны дэлгүүр борлуулалт хийх тухай бүрдээ төлбөрийн баримт олгон борлуулалт бүртгэгддэг. Иймд бараа бэлтгэхтэй холбоотой худалдан авалтаа зардлаар бүртгэдэг. Тухайн барааг худалдан авч борлуулж байгаа иргэдийн хувьд худалдан авсан барааг зардлаар бүртгэж, борлуулах бүрдээ төлбөрийн баримт олгон борлуулалтын орлогоор бүртгэнэ.
НӨАТ-ыг тооцохдоо борлуулсан дүнд төлөх НӨАТ ногдож, үүнээс барааг худалдаж авахдаа төлсөн НӨАТ-ыг хасч тооцох юм. Өөрөөр хэлбэл зөвхөн ашигт ногдож байгаа НӨАТ-ыг төлдөг тул давхардсан тооцоолол хийгддэггүй.
М.МӨНХ