ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………….
Энэ сарын 16-22-ны хооронд Энэтхэгийн Нью Дели хотноо болсон чөлөөт бөхийн Азийн аваргаас 67 кг-ын жинд гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа алтан медаль авч зургаан жил манай тамирчдын хүртээгүй тивийн аваргын алтан медалийг эх орондоо авчирсан юм. Чөлөөт бөхийн тамирчид уржигдар эх орондоо ирсэн байна. Тэдний хувьд манай эх оронд ирэх сарын 11, 12-ны өдрүүдэд болох “Mongolian open” тэмцээний бэлтгэлд гарахаар Эрдэнэт явах гэж байхад нь Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаатай ярилцлаа.
-Чөлөөт бөхийн тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн танд баяр хүргэе. Өнөө жилийн Ази тивийн аваргын тэмцээний тухай ярихгүй юу?
-Би өмнө нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа орж байсан. Гурав дахь удаагаа оролцохдоо алтан медаль хүртсэндээ туйлын баяртай байна даа. Ард түмнийхээ хүсэн хүлээсэн чөлөөт бөхийн тивийн аваргын алтан медалийг хүртэж чадсан болохоор сэтгэл өөдрөг байна. Гэхдээ энэ алтан медаль ганцхан Насанбурмаагийн амжилт биш юм аа. Миний ард бэлтгэл хангагч, багш нар, чөлөөт бөхийн холбоо, үндэсний шигшээ баг, ажлын маань хамт олны хүч хөдөлмөр шингэсэн үнэ цэнэтэй медаль юм шүү дээ.
-Таны хувьд өмнө нь Азийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан. Энэ удаа медалийнхаа өнгийг хувиргаж чадсан байна шүү дээ…
-Азийн аварга шалгаруулах тэмцээнд өмнө нь хоёр удаа оролцохдоо би мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Өсвөр залуучуудын ангилалд би мөн медаль хүртэж байсан. Энэ удаагийн алтан медаль миний хувьд Азиас авсан 10 дахь медаль болж байгаа юм.
-Азийн аваргаас алтан медаль хүртсэн болохоор таны бэлтгэл мэдээж сайн байгаа гэж ойлгож байна. Өнөөдөр (өчигдөр) Эрдэнэт рүү бэлтгэлд явах гэж байгаа хэрэг үү?
-Тийм ээ. Бидний хувьд сардаа хоёр тэмцээнд оролцож байгаа болохоор бэлтгэл ерөнхийдөө давгүй байгаа. Азийн аваргаас ирээд гэртээ ганц хоночихоод ахин бэлтгэлдээ гарах гэж байгаа минь энэ. 10 гаруйхан хоногийн дараа эх оронд маань “Мongolian open” тэмцээн болох гэж байна. Тийм болохоор бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийх хэрэгтэй л дээ. Азийн аварга болсон ч бидэнд байнгын бэлтгэл зайлшгүй хэрэгтэй байдаг.
-Та Азийн аваргаас алтан медаль хүртсэн ч бусад тамирчдынхаа тухайд ямар бодолтой байна вэ?
-Манай тамирчид эрч хүч дүүрэн энэ удаагийн Азийн аваргыг зорьсон. Өмнө нь чөлөөтийн эмэгтэйчүүдийн төрөлд Япон, Хятадын тамирчид хүчтэй өрсөлддөг байсан бол өнөөдөр бүх л орны тамирчид хүчтэй өрсөлдөгчийн хэмжээнд хүрсэн. Чөлөөтийн эмэгтэй тамирчид маань цөөхүүлээ ч гэсэн сайхан барилдаж багаараа гуравдугаар байрт шалгарлаа. Цаашид бид илүү хичээл зүтгэлтэй байж дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ хүч үзнэ гэсэн бодолтой байгаа.
-Таны хувьд Казахстан, Хятад, Энэтхэгийн тамирчдыг хожиж аваргын алтан медаль хүртсэн. Ялангуяа сүүлийн хоёр барилдаан ширүүхэн болсон доо?
-Миний хувьд эхний тойрогтоо Казахстаны бөх Зарина Кунангараеваг дарах мэхээр цэвэр ялсан. Харин дараагийн тойрогт Хятадын нэрт тамирчин, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Риксие Жингийг ялсан. Өмнө Риксие Жингтэй алтан цомын тэмцээнд таарч барилдан ялагдаж байсан болохоор даагаа нэхэх сайхан боломж энэ удаа бүрдсэн юм. Хятадын тамирчинтай нэг хэсэгт сугалаа таарчихсан чинь багш нар нервтчихсэн явсан. Багш надад “Миний охин хичээгээрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Багшаа би аварга болноо” гэтэл “Бука чи амлалтандаа хүрээрэй” гэж билээ. Энэтхэгийн тамирчин нутгийнхаа дэвжээн дээр байсан болохоор арай л өөр байсан. Нутгийн иргэдийн уухайн түрлэг үнэндээ л нүсэр сонсогдож байлаа. Энэтхэгт байгаа Монголчууд маань цуглачихсан тэднээс дутуугүй “Монгол, монгол, монгол” гэж орилж байсан нь чихэнд минь тод сонсогдож байсан даа. Эхний үед барилдаан Каур Навлот бид хоёрын барилдаан 1:1-ээр өндөрлөсөн ч сүүлийн оноо авсан гэдгээрээ би хожсон. Дараагийн үед нь 5:2-ын харьцаатайгаар би хожсоноор Ази тивийн аварга болж чадсан.
-Зургаан жилийн дараа эх орондоо алтан медалийг авчирсан болохоор медалийн тавцанд зогсож байхад их л зүйл бодогдсон байх?
-Хамгийн анх Отгонжаргал эгч Энэтхэгийн Нью Дели хотноо болсон Азийн аваргаас алтан медаль хүртэж байсан юм. Мөн Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Энхжаргал эгч маань Ази тивийн аваргын хошой алтан медалийг хүртсэн байдаг. Миний энэ удаагийн тивийн аваргын алтан медаль чөлөөтийн эмэгтэйчүүдийн Азийн аваргын дөрөв дэх алтан медаль нь байлаа. Энэ удаагийн Азийн аваргад манайхан алтан медаль хүртэж, аваргатай болно гэсэн зорилготой байсан. Медалийн тавцанд зогсож байхад олон л зүйл бодогдсон. Гэхдээ тэр олон бодлуудаас илүү монгол төрийн алтан соёмбот далбаа намирч, төрийн дууллаа сонсох л хамгийн сайхан байсан даа. Өсвөр, залуучуудын Азийн аваргад түрүүлэн төрийн дууллаа эгшиглүүлж байсан болохоор энэ удаа насанд хүрэгчдийн 67 кг-д тивийнхээ аварга болчихоод зогсож байхад сайхан л юм билээ.
-Та 63 кг-ын жинд барилддаг байсан. Харин олимпоос хойш 67 кг-ын жинд барилдаж байгаа харагдлаа. Цаашид ч уг жиндээ барилдах уу?
-Намайг бөхийн спортод хөл тавьсан цагаас хойш багш маань өсөж яваа хүүхэд гээд жин хасуулдаггүй байлаа. Өсвөр, залуучуудад байхдаа 60, 65 кг-д барилддаг байсан юм. “Mongolian open”, Азербайжаны Бакуд болох “Алтан гран при” тэмцээнүүдэд уг жиндээ барилдах байх. Цаашдаа бэлтгэл сургуулилтаа сайтар базааж, багш нартайгаа ярилцаж байж л хэдэн кг-ын жинд барилдахаа шийднэ. Би жин хасаад байдаггүй болохоор одоохондоо 67 кг-даа барилдаж байгаа юм.
-Азийн аваргаас дөнгөж ирсэн болохоор ядаж ганц хоёр хоног амарчихаад бэлтгэлдээ гарах юмсан гэж бодож байв уу?
-Бид өөрсдөө дур мэдэн амарна гэж байхгүй л дээ. Шигшээ багийн багш нарын гаргасан төлөвлөгөөний дагуу амрах үедээ амарч, бэлтгэлтэй үедээ бэлтгэлээ хийнэ. Ерөнхийдөө бид долоо хоногийн ням гаригт л амардаг. Жирийн хүмүүс шиг амраад явчихбал бэлтгэл сургуулилт юу болох билээ. Тал бүрийн олон хүчин зүйлсийг бодолцох хэрэгтэй.
-Азийн аваргад оролцож байхад Энэтхэгийн халуун дулаан уур амьсгал, хоол хүнсэнд дасахад бэрхшээлтэй байсан биз?
-Манай тамирчдын хувьд бэлтгэл сургуулилт нь үнэхээр сайхан таарсан байсан. Шигшээ багийн тамирчдаас хэд хэдэн алтан медаль хүртэх боломж байсан гэж бодож байна. Яалт ч үгүй тухайн орны нөхцөл байдлаас шалтгаалан хүссэн амжилтаа гаргаж чадаагүй л дээ. Багаараа түрүүлэх бүрэн боломж бидэнд байсан гэж боддог. Яахав ээ, тэмцээн ганцхан үүгээр дуусаж байгаа биш. Цаашид биднийг олон тэмцээн шил шилээ даран хүлээж байгаа. Манай эрэгтэйчүүдийн хувьд аварга боломж байсан. Барилдааны явцад сүүлийн оноогоор хожих боломжтой байсан ч сүүлийн оноог нь өгөөгүй ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлс гарсан.
-Ямарваа нэгэн тэмцээн уралдааны үед шүүгчдийн зүгээс эзэн орны тамирчин эсхүл үзэмжийн байдлаар шүүх асуудал хэр гардаг вэ?
-Хэн одтой, хийморьтой байгаа нь түрүүлдэг. Тэмцээний үед багш нарын хэлсэн үг бидэнд хууль байдаг. Ерөнхийдөө нэг их тиймэрхүү зүйл ажиглагддаггүй. Од нь гийсэн бөх л тэр өдөр амжилт гаргадаг болов уу гэж боддог.
-Өнгөрсөн ч гэсэн Монголд болсон эмэгтэйчүүдийн багийн “Дэлхийн цом”-ын тэмцээний талаар ярилцъя. Анх удаа эх оронд маань тэр том тэмцээн болж эмэгтэйчүүд маань мөнгөн медаль хүртсэн дээ?
-Манай эмэгтэй тамирчдын хувьд амжилт нь байнга ахиж, сайн барилдаж байгаа. Эмэгтэй чөлөөт бөх Монгол Улсад 1999 оноос эхлэн хөгжиж эхэлсэн. Түүнээс хойш олон сайхан амжилт гаргасан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эхний найман байрт шалгарсан баг дэлхийн цомын тэмцээнд зодоглодог. Манай багийн хувьд өмнө нь долоо, зургаа, тавдугаар байруудад шалгардаг байлаа. Жил бүр багийн амжилт ахиж эхэлсэн. Энэ жил анх удаа мөнгөн медаль хүртлээ. Яахав ээ, дэлхийн цомын тэмцээнд санасандаа хүртэл барилдаж чадаагүй болохоор харамсалтай л байдаг. Гэхдээ цаашид бэлтгэлээ л сайн хийгээд байхад аварга болох боломж бий.
-Сүүлийн жилүүдэд эрэгтэй тамирчдын амжилт буурсан. Энэ удаагийн Азийн аваргаас алтан медаль хүртээгүй ч дориун сайхан оролцчих шиг боллоо. Эрэгтэй багтаа та ямар дүн тавих бол?
-Чөтөөл бөхийн спорт хэцүү л дээ. Барьцгүй барилддаг болохоор тамирчнаас асар их тэвчээр, хөдөлмөр шаарддаг. Чөлөөт бөхийн спорт Монголд хөгжсөн цагаас хойш ахмад үеийн тамирчид маань олон сайхан амжилт гаргасан болохоор байнга биднээс амжилт нэхэж, сайн сайхан явахыг шаарддаг. Эрэгтэй шигшээ багийн тамирчдын хувьд олимп, дэлхийн аваргаас л медаль хүртээгүй болохоос амжилт гаргаж байгаа. Тийм болохоор би муу гэж хэлэхгүй. Сүүлийн үед л хүмүүс эрэгтэй шигшээ багийн тухай таагүй яриа гаргаад байгаа юм. Ур чадвар, техникээрээ аль ч улсын тамирчдаас дутахгүй. Эрэгтэй тамирчдаа цаашид өндөр амжилт гаргаж эх орон, ард түмнээ баярлуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Г.Мандахнаран маань Азийн аварга болох боломж дүүрэн байсан. Гэсэн ч цаг дуусахаас өмнө авсан оноог нь өгөөгүйн улмаас мөнгөн медаль хүртсэн.
-Нэгэнт л чөлөөтийн тамирчинтай уулзсаных чөлөөт, сонгомол бөхийг 2020 оны олимпоос хасах тухай яригдаад байгаа тухай асуулгүй өнгөрч болохгүй нь. Таны бодлоор чөлөөт бөхийн хувь заяа хаашаа эргэх бол?
-Би бол өөдрөгөөр л харж байгаа. Анхны олимпийн наадам зохиогдоход л чөлөөт бөхийн спорт байсан. Тийм болохоор хасагдахгүй байх аа.
Биднийг ийн ярилцаж байхад чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Сүхбаатар гавьяат тамирчин О.Насанбурмааг бэлтгэлдээ явъя хэмээн хэдэнтээ дуудсан тул бидний яриа энэ хүрээд өндөрлөсөн юм.
Э.ЭНХБОЛД