ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……….
Сэтгэл судлаач Ц.Баттөрийг уншигч та бүхэнтэй уулзуулж байна. Монголчууд монгол хүнээ үзэж чадахаа байчихсан, бүр үнэн голоосоо үзэн яддаг болсон шалтгааны талаар ярилцлаа.
-Монголчууд монгол хүндээ яагаад дургүй болчихсон талаар танаас асуумаар байна. Нэгнийгээ үзэн ядах, харааж зүхэх, зодох, амь насыг нь хөнөөх гээд л олон зүйлийн талаар танаас асууж тодруулах гэсэн юм. Үүнийг мэргэжлийн сэтгэл судлаачийн хувьд тайлбарлаж өгөхгүй юү?
-Таны хэлж байгаа монгол хүн нэгнийгээ үзэн яддаг болчихсон гэдэгтэй зуун хувь санал нийлж байна. Шуудхан хэлэхэд монгол хүний гол дайсан нь монголчууд өөрсдөө болчихоод байна. Асуудлын гол нь үүнд байгаа юм. Та өнөөдөр анзаарч байгаа байх. Таны ойр тойрны хүмүүс нэг газар цугларч ярилцдаг. Харамсалтай нь ярианы гол сэдэв хэн нэгнийг муу хэлэх, үзэн ядах байдаг. Амьдралын боломж нь сайжирч, мэргэжилдээ амжилт гаргаж яваа хэн нэгнийг бид ярихдаа “Энэ хэзээ ийм байсан юм бэ. Хөгийн амьтан гутлаа чирээд явж байдаг байсан. Одоо бүүр өнгө зүс орчихжээ” гэхэд нөгөөх нь “Наадах чинь тэгж яваад мөнгөтэй болсон гэсэн. Ажилдаа амжилт гаргаад байгаа цаад шалтгаан нь ийм учиртай” гээд л ярьдаг. Амжилт гаргаж яваа эмэгтэй хүнийг аль нэг даргатай явалддаг гэх мэтээр ярьдаг. Харин эрэгтэйг нь даргын цүнх барьж гүйсээр байгаад энэ албан тушаалд ирсэн гээд л яриад байдаг. Амьдрал нь тааруу яваа таньдаг хүнийхээ талаар гэхэд “Үе удмаараа арчаагүй хүмүүс байсан юм. Энэ угаасаа ингэж явах заяанд төрчихсөн амьтан” гэх мэтээр ярьдаг. Яагаад энэ бүгдийг яриад байна вэ гэхээр монголчуудын тодорхой, магадгүй дийлэнх хэсэг хүн муугаар хэлэх дон буюу сэтгэцийн нэг төрлийн өвчинд нэрвэгдчихээд байгаа юм. Хүмүүс өөрийн мэдэлгүй ийм төрлийн өвчтэй болчихоод байна. Хүн муулах, үзэн ядах дон буюу сэтгэцийн өвчин нь хүндрээд ирэхээр олон муу үр дагавар дагуулдаг. Хүн муугаар яриад байхаар өөрт нь ямар ч хамааралгүй хүнийг хүртэл үзэн яддаг болчихдог.
Үүний тод жишээг хэлэхэд Солонгост хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа нэгнийгээ барьж өгдөг хүмүүс байдаг. Монгол хүн монгол хүнээ матаж барьж өгөөд байгаа цаад шалтгаан нь нэгдүгээрт, өөрөөс нь илүү мөнгөтэй болоод байна. Ажлаа сайн хийгээд байна гэж атаархаж боддог. Атаархал нь шууд үзэн ядалт, атаа жөтөө, өс хонзон авах үйлдлийг хийлгэдэг.Өөрөөр хэлбэл, өөрийгөө дөвийлгөх буюу эгоизм хэмээх хувиа хичээх үзэл гэх өвчний хавсарсан шинж тэмдэгтэй хүмүүс бусдад атаархаж, өс санаж явдаг. Ингээд элэг нэгтнээ матаж бариулдаг. Дараагийн жишээ нь замын түгжрэлд явж байгаа жолооч нар хоорондоо муудалцдаг. Түгжрэл дундуур машинтайгаа сүлжиж давхин бие биенийхээ урд, хойно орж шахалцдаг. Урд нь явж байгаад гэнэт тормос гишгэж осол аваар гаргах дөхдөг. Тэгснээ машиныхаа цонхыг онгойлгож янз бүрийн хараал хэлдэг. Үүний дараа замын голд зодолддог. Нэгнийгээ хайрлах энэрэх ямар ч сэтгэлгүйгээр зоддог. Цусыг нь гоожуулж байж санаа нь амардаг. Сүүлийн үед нэгнийгээ хажуугаар нь зөрөхдөө мөрлөж гарлаа гээд муудалцаж зодолдоод амийг нь хөнөөсөн хэрэг олон гарч байна. Хүмүүсийн энэ цочмог хурдан уурлаж, байгаа нь бусдыг үзэн ядах өвчнөөс үүдэлтэй юм.
-Юунаас болж бусдыг үзэн ядах өвчтэй болж байна вэ?
-Дэлхийн бусад оронд хүүхдийг дөрвөн настайгаас нь эхлээд хувь хүн болж төлөвшихөд гол нөлөө үзүүлэх хичээл заадаг. Солонгосчууд гэхэд хүүхдүүдээ багаас нь солонгос хүн оюун ухаан бяр чадал гээд бүх зүйлээс дэлхийн бусад улс орны хүмүүсээс илүү. Хамгийн шилдэг нь гэсэн ойлголтыг бат бөх суулгаж өгдөг. Германчууд ч ялгаагүй яг л ийм байдлаар хүүхдүүдээ хүмүүжүүлж байна. Гэтэл манайхан эсрэгээрээ байдаг шүү дээ. Аав, ээж нь гэртээ хүүхдүүдийнхээ хажууд хэн нэгнийг үзэн ядаж, муулаад байдаг. Хүндэлж хайрладаг, хамгийн ихээр үлгэрлэдэг аав, ээж, хамаатан садан нь хэн нэгнийг муу хэлээд байхаар хүүхдийн оюун ухаанд бусдыг үзэн ядаж болдог гэсэн үзэл бат бөх суучихдаг.
Сэтгэцийн өвчний эх үүсвэр нь ёс суртахуунгүй болж байгаагаас үүдэлтэй. Ёс суртахуун байхгүй болохоор хэн нэгнийг хүндэлж, хайрлахгүй болдог. Бас бусдаас ичиж эмээхээ больдог. Энэ байдал бий болоод ирэхээр бие биенийхээ дээр гарах гэсэн, амьтанлаг, араатанлаг сүргийн сэтгэхүй давамгайлчихдаг. Миний түрүүнд ярьсан бусдыг үзэн ядах, монгол хүн монголчуудаа хайрлахгүй байгаа гол шалтгаан үүнээс үүдэлтэй. Ёс суртахуунгүй хүн ичиж, санаа зовохоо больдог. Үүний дараа хэнийг ч хайрлаж энэрэхгүй араатан шинжтэй болдог. Ёс суртахууны асуудлыг хүмүүс маш жижиг асуудал мэт ойлгодог. Үнэндээ энэ бол чухал зүйл юм. Хүүхдүүдээ ёс суртахуунтай, бусдыг хүндэлдэг, хүн чанартай байх, хэн нэгэнд ялагдаж, ялж сурах, монгол хүний үнэ цэнэ ямар байх ёстойг ойлгуулж чадахгүй байгаагаас болж өнөөдрийн араатан шиг зан авиртай монгол хүнийг бид өөрсдийн гараар бүтээж байгаа юм шүү дээ. Хүмүүсийн хоорондын харилцаа, ёс, суртахууныг өөрчлөхгүй бол энэ төрлийн өвчин улам даамжирч, цар хүрээгээ жилээс жилд тэлнэ гэсэн үг юм.
-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв судалгаа хийсэн гэсэн. Тэр судалгааны үр дүнгээр зургаан хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн төрлийн өвчтэй байгаа гэсэн үү?
-Сэтгэцийн эрүүл мэндийн төв одоогоос хэдэн жилийн өмнө хийсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн 18.5 хувь нь сэтгэл түгшилттэй, 17.1 хувь нь нойрны эмгэгтэй, 16.2 хувь нт мэдрэл сульдалтай, 4.4 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй байна. Товчоор хэлбэл, Монголд 5-6 хүний нэг нь сэтгэцийн эмгэгээр өвчилж байдаг гэх судалгааг гаргасан байна. Манай улсын иргэд өвчилж байгаа өөр нэг өвчин байна. Эгоизм буюу хувиа хичээх үзэл. Өөрийгөө хэт их дөвийлгөх, ерөөсөө л энэ хорвоод өөрөөс нь өөр ухаантай хүн байхгүй гэх үзэлтэй хүн олон болоод байна.
-Эрүүл буюу сэтгэцийн ямар ч эмгэггүй гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Нэр томьёонд бие махбодийн хувьд эрүүл, өвчин зовлонгүй, сэтгэл санааны хувьд амар амгалан, нийгэм дунд эзлэх байр суурьтай, дасан зохицох чадвартай хүнийг эрүүл гэдэг. Дасан зохицох чадвар гэдэг маш чухал юм. Ийм чадваргүй хүн байдаг. Бусадтай харилцаж чаддаггүй, шинэ хамт олны дунд ороод нийгэмшиж, өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Эсвэл хүмүүстэй муудалцаж, дандаа муу талыг нь олж хардаг. Бас хамт ажиллаж байгаа хүмүүсээ удирдлагууддаа матдаг хүмүүс байдаг. Энэ бол нэг төрлийн сэтгэцийн эмгэг гэдгийг хэлмээр байна. Бас заргын донтой хүмүүс байдаг. Заргын дон гэдэг биеэ даасан өвчний хам шинж юм. Гэхдээ зарга хийгээд явдаг хүн болгоныг эмгэгтэй, өвчтэй гэж болохгүй. Шударга үнэний төлөө явдаг хүн бий. Хүний гаргаж байгаа зан авир, зан аашаас болоод тухайн хүнийг шизотой гэж болохгүй. Зан ааш, төрөх үйлийн олон шинж хүнд байдаг учраас тэр болгоныг өвчин, эмгэг гэж хамаагүй хэлж болохгүй.
-Сэтгэл гутралын өвчин сэтгэцийн гаралтай өвчний ихэнх хувийг эзэлж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Тийм ээ. Сэтгэл гутралын өвчтэй хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Сэтгэл гутрал нь залхуу, сул дорой гэсэн үг биш, харин энэ нь даралт ихсэх, чихрийн шижин, үе ìөчний өвчинтэй адил эмчилгээ шаардлагатай өвчин юм. Энэ нь аль ч насны хүмүүст тохиолдож болох ба эрүүл мэндийн тусламжтайгаар эмчлэгдэнэ.Сэтгэл гутрал гэж нэрлэгддэг өвчин түр зуурын уйтгарлаж гунихаас ялгаатай юм. Сэтгэл гутрал нь өвчин бөгөөд уйтгар гуниг нь маш хүчтэй, цаг хугацааны хувьд удаан үргэлжилдэг. Иймд энэ нь таны ажил, нийгмийн байдал гэр бүлийг тааламжгүй байдалд оруулдаг. Сэтгэл гутрал нь сэтгэл цочролд оруулахаас гадна өөр олон шинжүүдээр илэрнэ. Сэтгэл гутралд автснаас болж амиа хорлох харамсалтай хэргүүд ар араасаа цувран гарсаар байна. Ер нь сэтгэл гутралтай эсэхээ тестээр үзэж болдог. Доорх шинжүүдээс танд гурав нь илэрч байвал сэтгэл гутралд орсон байх магадлалтай.
“-Та ихэнхдээ сэтгэл дундуур гонсгор байдаг.
-Урьд өмнө нь сонирхол татаж байсан зүйлдээ сонирхолгүй болсон, өдөр ирэх тусам таашаал авах нь буурч буй.
-Та хэвийн хооллож байгаа ч жин ихээхэн нэмэгдсэн, эсвэл мэдэгдэхүйц буурсан.
-Танд байнга өлсөх мэдрэмж төрдөг болсон, эсвэл хоолны дуршил буурсан.
-Нойргүйдэх, эсвэл үргэлж нойрмоглодог болсон.
-Та байнгын хэт сэрэлтэй байх, эсвэл сулрал болон огцом бууралт мэдэрдэг болсон.
-Таны эрч хүч суларч, амархан ядардаг болсон.
-Өөрийгөө хэнд ч хэрэггүй гэсэн мэдрэмж төрж, шалтгаангүйгээр өөрийгөө буруутгадаг болсон.
-Таны оюуны чадавх мэдэгдэхүйц буурч сэтгэл санаагаа төвлөрүүлэн шийдвэр гаргах чадвар буурсан.
-Танд үхэл, амиа хорлох талаар бодлууд бий болсон.
-Амиа хорлох оролддогууд хийсэн” гэсэн арваннэгэн шинж тэмдгээс танд нэгэн зэрэг тав нь илэрч байвал сэтгэл гутралд орсныг илтгэнэ. Сэтгэл гонсгор байх нь сонгодог сэтгэл гутралын аль ч хэлбэрийн анхны бөгөөд зайлшгүй илэрдэг дохио юм.