Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

А.Адъяасүрэн: Эрх баригчид сонгогчдын төлөөллөө сонгох эрхийг хулгайлж байна DNN.mn

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй сонгуулийн тойрог болон, “Нүүрсний хэрэг”-т холбогдсон асуудлаар нь ярилцлаа.


-АН-ын дотоод асуудал өнөөдөр хэр байгаа вэ. Ерөнхий ойлголцолд бүрэн хүрч, ирэх оны сонгуульд ороход ямар нэгэн асуудалгүй болсон уу?

-Ардчилсан нам дотроо бол асуудалгүй л дээ, уг нь. Гаднаас эрх баригчид л будилуулсаар өдий хүрсэн. Сонгуульд ороход бэлэн болсон, нэгэн дээвэр доор орсон.

-Ирэх оны сонгуулийг тойрогт нэр дэвших болон жагсаалтаар явуулахаар болсон. Танай намын хувьд жагсаалтынхаа эрэмбийг ямар шалгуураар тогтоох вэ. Хүйсийн харьцааг яаж хангахаар болсон юм бэ?

-Удахгүй намын Үндэсний бодлогын хороо/ҮБХ/-ны хурлаар нэр дэвших журмыг хэлэлцэж батлах байх. Хүйсийн харьцааг хуульд заасан хэмжээнд барих нь тодорхой. Ардчилсан зарчим нь олонхын шийдвэрийг чухалчилдаг болохоор би олонхоо дагаж таарна. Наана нь саналаа хэлэхэд туйлшрал их байна. Дан залуучууд байх ёстой ч гэдэг юм уу. Хүний амьдрал, аливаа ажлын бүтээмж, явцыг харж байхад ахмад, дунд, залуу насныхан тэнцвэртэй харьцаатай байж л ажил үйлс сайхан бүтдэг. Дан залуус сэтгэлийн хөөрлөөр түргэднэ, алдаа их гаргана. Зориг нь л сайхан байх. Ахмадууд хашир нь дэндүү. Шинэ зүйлээс жийрхэнэ. Дунд насныхан болохоор аль, аль талын тэнцвэрийг хангаад, зохицуулах чадвар сайтай байдаг юм шиг байгаа юм. Зүгээр л харанхуйгаар одоо хууччуул боль, хөгшчүүл зайгаа тавь гэх нь өрөөсгөл. Хүйсийн харьцаа ярьдаг шигээ насны харьцаа ч байх хэрэгтэй.

-УИХ-ын сонгууль энэ удаад бүсчилсэн томсгосон тойргоор явахаар болсныг хувь улстөрчийн хувьд хэрхэн харж байгаа вэ?

-Сонголт том хүрээг хамрах тусмаа алдах магадлал ихэсдэг. Тойргийг томсгохоор улсаа аварна гэх ухуулга маш хүчтэй явлаа. Том тойрогтой ч үгээгүй ядуу улсууд өчнөөн бий. Асуудлын гол нь тойргийн хэмжээнд биш төр барьж байгаа хүмүүсийн тархинд байгааг ярихгүй байгаа юм. Тэртээ 1990 оноос шинэ тогтолцоогоор явахаар шийдсэнээс хойшхи хугацааны 90 хувьд нь коммунистууд засагласан. Шинэ нийгмийг хуучин удирдлага, хуучин арга барилаар, үхширсэн сэтгэхүйгээр үргэлжлүүлэн удирдуулсанд л гол алдаа байгаа болохоос тойргийн хэмжээ ямар ч хамаагүй.

Хуулийн хулгай гэж үүнийг л хэлнэ. Коммунистууд биднээс хулгайлж болох бүхнийг хулгайлсан. Одоо сонгогчдын төлөөллөө сонгох эрхийг хулгайлж байна. Тэд хулгайгаа бусад руу чихэхдээ гарамгай юм билээ. Нүүрсний сонсгол үүнийг яруу тод харуулж байгаа. Найман жил бүх шатанд дангаар ноёрхож засаглачихаад, хамар доор нь үндэсний баялгийг өм цөм хулгайлж байхыг хараагүй, мэдээгүй дүр эсгээд, эцэст нь шийдвэр гаргах ямар ч эрх мэдэлгүй, хүний ачаа зөөж амьдардаг хүмүүс рүү хулгайгаа чихээд дуусах гэж байна. А цэгээс Б цэг рүү хүний ачаа зөөж яваа хүн дутаавал ачуулсан, хүлээж авсан талууд хатуу чанга ханддаг ийм л бизнес шүү дээ. Энд хулгай хийх ямар ч зай байхгүй. Эрх баригчид ард түмний сүүлчийн эрхийг, сонгох эрхийг хулгайлж байхад, сөрөх ёстой намууд нь алгаа тосоод хүлээж авдаг арчаагүй улс төр нэгэнт тогтжээ. Ядаж сурталчилгааны хугацааг тойргийн хэмжээтэй уялдуулж тогтоохыг шаардах ёстой биз дээ. Сурталчилгааны 14 хоногт дөрвөн аймгаар тойроод сурталчилгаагаа хийчих нэр дэвшигч өнөөдөр олдох уу.

-Энэ нь эмэгтэйчүүд болон шинэ нэр дэвшигчдэд халтай гэсэн яриа гарч байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-МАН тойрог томсгохоор намын гишүүд болон төрийн албан хаагчдын хүчээр нэг юм тэсч үлдэнэ гэсэн цээжний тооцоо хийчихээд баясаад байгаа юм. Явж үзээгүй зам сайхан санагддаг гэж үг бий. Бодит байдал юу болохыг бурхан ч мэдэхгүй. Таамаглах ямар ч боломжгүй сонгууль болох нь тодорхой. Орвонгоор нь эргүүлэх ч сонголт хийгдэж болно. Ард түмэн тэнэг биш, найман жил хулгайгаас өөр зүйл хийгээгүй, өр тавихаас өөр шийдэлгүй, дарамтлахаас өөр шидгүй ийм хүмүүсийг хуйгаар нь сэгсэрч хаях байх.

-Та ирэх сонгуульд нэр дэвших үү. Эсвэл намынхаа жагсаалтад орох уу?

-Нэр дэвших үгүйг би дангаараа шийддэггүй. Намын гишүүд, дэмжигчид, тойргийн сонгогчид мэдээж гэр бүлийнхэн гээд олон хүний санаа, дэмжлэгийг харж байж л шийднэ. Нэр дэвшүүлэх журам яаж гарахыг харна.

-Баян-Өлгий аймгийг дангаар нь тойрог болгосон дээр юу хэлэх вэ. Энэ нь зөв үү?

-За би энэ тухайд маш тодорхой байр сууриа УИХ-ын чуулган дээр хэлсэн. Бүсчилсэн хөгжлийн төлөө тойргоо томруулсан гэж ярьчихаад Баян-Өлгий аймгийг бүсчилсэн хөгжлөөс гадуур үлдээж байгаа ялгаварлан гадуурхалт болсон. Баян-Өлгийгөөс сонгогдох гурван гишүүн үлдсэн 123 гишүүний саналд шууд дарагдах, өөрсдийнх нь дуу хоолой сонсогдохгүйд хүрэх нөхцөл шууд үүсч байгаа юм. Хоёрдугаарт, салан тусгаарлах санаа бодлыг хөөргөдөх эрсдэл шууд бий болно. Нэг зүйл сануулж хэлэхэд казах үндэстэн бол манай үндэсний цөөнх биш. Шилжин суурьшсан цөөнх. Үндэсний цөөнх гэх нэршил уугуул хүмүүст л хамаатай байдаг.

Өнгөрсөн зууны 1912 онд Богд хаан нутаг өгч, шилжин суурьшуулсан түүхэн баримт нь бий. Хожим 1930 онд Засгийн газар суурьшлын бүсийг нь тодорхой болгосон тогтоол гаргаж байжээ. Үндсэн хуульд гарал үүсэл, үндэс угсаагаар ялгаварлахыг хориглосон заалт ч бий шүү дээ. Баян-Өлгийг тусад нь сонгууль хийдэг болгох нь ялгаварлал, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Яг хуулиа баривал Үндсэн хуулийн цэц дээр энэ хууль унана. Ганц би ийм бодолтой биш юм билээ. Өөр гишүүд ч ийм байр суурь илэрхийлсэн. Монгол нэгдмэл улс учир бүх зүйл дээр ижил тэгш хандах ёстой. Ялангуяа улс төрийн асуудал дээр тусгаарлаж болохгүй. Тусгаарлах, ялгаварлах нь ямар үр дүнд хүргэж болдгийг яг одоо Газын зурваст болж байгаа хямрал харуулж байгаа шүү. Израиль, Газын зурвас дахь палестин иргэдээ ялгаварлаж, тусдаа сонгууль явуулдаг болгосон нь салан тусгаарлах үзлийг гааруулсан. Олон жилийн турш мөргөлдөөн, хямрал гарах үндэс болсон байдаг.

-Таныг үндсэндээ гишүүн болсноос тань хойш л нүүрсний асуудалд холбож ирлээ. Мөн сая болж өнгөрсөн Нүүрсний сонсголд гэрчээр дуудсан. Нүүрсний хулгайн асуудалд та ямар тайлбар хийх вэ?

-“Нүүрсний хэрэг” гэх шуугиан гараад жил л болж байна. Энэ хэрэгт намайг холбогдуулах гэхдээ аль гурван жилийн өмнө 2020 оны эхээр надтай холбогдуулж шуугиулсан зүйлээ ахин дахин сөхөөд байгаа нь огт үндэслэлгүй юм. Гурван жилийн өмнө сонгуулийн жил байсан учир надад “хэрэг үүсгэж, яллагдагчаар татлаа” гээд шуугиулсан. Сонгууль дуустал хэрэгтэн мэт харагдуулж байгаад сонгууль дуусахаар хэрэгсэхгүй болгоод орхисон тийм л зүйл. Тэр хэрэг гэх гүтгэлэг бол хоёр хүний хооронд зээлийн гэрээ байгуулж, өгч авалцсан зүйл л юм, угтаа. Өнгөрсөн жилээс “Нүүрсний хэрэг” гэж шуугиулаад МАН-ын баахан гишүүний нэр гарах болоход нам ялгалгүй тэмцэж байгаа дүр оруулахын тулд ахиад л миний нэрийг хавчуулаад явсан. Олон нийт үнэнийг мэдэх хэрэгтэй. Ганц би энэ хэргийг “жүжиг” гээд байгаа юм биш. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг шүүх дээр хэлсэн шүү дээ. Түүнийг ингэж хэлснээс нь хойш үгүйсгэсэн, няцаасан ямар нэгэн мэдэгдэл гараагүй байгаа. Намайг нүүрсний хэрэгт холбогдуулах гээд байгаа нь үүнтэй яг адил шүү дээ. Өнгөрсөн 2020 оны хоёрдугаар сард намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө, “Нүүрсний хэрэг” гэж шуугихаас гурван жилийн өмнөх зүйл. МАН-аас намайг сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд янз бүрээр оролдож эхэлсэн юм. Би тэр үед төрийн ямар нэгэн өндөр албан тушаал хашдаггүй. Бизнес хийдэг л хүн байсан.

Харин манай эгч зээлийн гэрээ хийж, хүнд мөнгө зээлүүлснийг намайг сонгуульд өрсөлдөгч болох нь гэж харсан хүмүүс хувиргаад намайг хийчихсэн мэтээр гүтгэсэн. Харамсалтай нь эмэгтэй хүн ийм зүйл хийсэн байдаг. Манай эгчийн өгсөн тэр зээлийн хариуд надад ашигтай ямар нэг шийдвэр огт гаргаагүй. Би ямар нэг давуу байдал олж аваагүй. Нотлогдоогүй, нотлогдох боломж, үндэслэлгүй хилс хэрэг тохох гэж оролдсон ийм л зүйл. Прокуророос хэрэгсэхгүй болгосон. Гэтэл улс төрийн зорилгоор сэргээгээд, ирэх сонгууль хүртэл намайг гэмт хэрэгтэн болгож харагдуулах төлөвлөгөөний л нэг хэсэг. Ийм илэрхий зүйл дээр улстөржиж, төрийн дарамт үзүүлсэн л хэрэг болсон. “Эрдэнэ Тавантолгой”-н захирал байсан Б.Ганхуяг шиг хэлэхэд нэг шанага нүүрсний асуудал надад байхгүй. Эрх баригчдад хатуухан хэлэхэд та нар буруу газраас “нүүрсний хулгайчаа” хайгаад байна. Нүүрс тээврийн компанид хулгай хийх боломж бүр огт байхгүй.

-Томсгосон тойрог нь сонгуулийн сурталчилгаа хийх, иргэдтэй бүрэн уулзаж, өөрсдийгөө таниулахад халгаатай. Тиймээс тараах мате­риал буюу хэвлэмэл материалын тоо хэмжээг нэмэх хэрэгтэй гэж байгаа дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Тойргоо томсгочихоод нэр дэвшигчид сонгогчдодоо мөрийн хөтөлбөрөө танилцуулах, үзэл санаагаа ойлгуулах боломж өгөлгүй хяссан. Ардчиллын зарчмыг уландаа гишгэсэн л хууль баталчихаад байгаа. Шинэ гэлтгүй бүх нэр дэвшигч сурталчилгаа хийх боломж хомс, маш давчуу хугацаатай сонгууль болох гэж байна. Үр дүн нь таамаглах аргагүй юм болно. Нэг зүйл хэлэхэд сонгуулийн хуулийг өөртөө ашигтайгаар шийдлээ гэсэн бүхэн эсрэг үр дүн амссан түүхтэй шүү.

-Таныг өмнөх Ерөн­хийлөгчтэй холбож их ярьдаг. “Хөх Монголын Хөх туг” гээд нэг хэсэг явсан. Үнэхээр тэр хүн танд чиглэл, үүрэг өгдөг юм уу?

-Х.Баттулга бол Монголын ард түмний олонхын дэмжлэгийг хүлээсэн, хүндтэй хүн. Тэр хүн надад ямар нэг чиглэл өгнө гэж юу байх вэ дээ. Би харин үнэт санал, зөвлөгөөг нь сонсохыг хичээж явдаг. Нутгийн ах, Ерөнхийлөгчийн албыг нэр хүндтэй хашсан хүн. Яагаад сонсохгүй, харахгүй, уулзахгүй явах ёстой гэж. “Хөх Монголын Хөх туг” аян намын гишүүд, дэмжигчдийг идэвхжүүлж, хөдөлгөөнд оруулсан зөв зүйл. Оролцоход болохгүй зүйл бий юу. Энэ чинь хууль бус юм уу.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *