Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуунаас өвөлжилтийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Улсын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Одоогийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувь нь цастай. Эрсдэлийн үнэлгээгээр бол 90 орчим хувь нь өндөр эрсдэлтэй байна гэсэн дүн мэдээ гарсан. Өнөөдрийн байдлаар 88 сум зудын байдалтай байна.
-Зудтай, өндөр эрсдэлтэй газруудад ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Улсын онцгой комисс (УОК)-ын даргын тушаалаар Ажлын хэсэг байгуулагдсан. Үүнд Батлан хамгаалах яам, ХХААХҮЯ, Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам, Гаалийн ерөнхий газар, Монголбанк зэрэг олон байгууллагууд орж байгаа. Нэгдүгээрт, малчдын гар дээр их хэмжээний мах байна. Түүнийг нь эргэлтэд оруулах, махны экспорт хийж байгаа компаниудад амьд мал худалдан авахад нь ямар дэмжлэгүүд үзүүлэх вэ гэдэг дээр ажиллаж байна.
-Өвс, тэжээлийн хувьд ямар байгаа вэ. Үнэ нь нэлээд өндөр боллоо гэж малчид ярьж байна?
-Өвс, тэжээлийн хангалт харьцангуй гайгүй байгаа. Энэ жил малчдын түвшинд өвс, тэжээлийн бэлтгэл 92 хувь, аймаг, сумын аюулгүйн нөөц 79 хувьтай хийгдсэн. Дорнод, Сүхбаатар аймгуудад бэлтгэгдсэн өвс нэлээд их хэмжээтэй байна. Мөн энэ жил газар тариалангийн салбарт ургац арвин байсан учраас 240 мянган тонн тэжээлийн ургамал хурааж авсан.
Гурилын үйлдвэрүүдээс гарах хивэг, улаанбуудайнаас тэжээл рүү шилжсэн буудай гээд аваад үзвэл 412 мянган тонн тэжээлийн нийлүүлэлт хийгдэж байгаа. Гол асуудал нь шатахуун, түлшний хомсдол болчихоод байгаа. Тийм учраас УОК-ын Шуурхай штаб дээр өвж тэжээл болон мал, мах тээвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд QR кодоор шатахуун, түлш нийлүүлэх ажлын бэлтгэл хангагдаж байна.
-Шатахуун, түлшний хомсдол аж ахуйн нэгжүүдээс гадна малчдын амьдралд ч хүнд тусаж байх шиг байна. Үүнээс болоод отор, нүүдэл хийх гэхээр чадахгүй байгаагаа учирлаж байгаа. Үүн дээр ямар нэгэн зохицуулалт хийх үү?
-Отор нүүдэл 10 дугаар сарын 20 гэхэд бүх гэрээгээ хийгээд, зохион байгуулагдаад дуусдаг. Харин энэ жил цас, зудтай байгаатай холбоотойгоор отор нүүдэл нэмэгдэх хандлагатай байна. Гэхдээ нийт нутгаар цасан бүрхүүлтэй байхад одоо отор хийгээд нэмэргүй гэдгийг малчдадаа хэлмээр байгаа юм. Өвс тэжээлээ боломжийнхоо хэрээр бэлдэж, сум, аймаг, орон нутгийнхаа удирдлагуудад хандаж захиалах, татаж авах ажлуудаа хангаад орон нутагтаа өвөлжсөн нь дээр болох шинжтэй байна. Яагаад гэхээр бүхий л нутгаар цас ихтэй байгаа. Хоёрдугаарт, очсон газраа улам хүндрүүлэх магадлал өндөр болчихоод байна. Тэгэхээр одоо отор нүүдэл хийх нь зөв гарц биш гэж харагдаж байгаа юм.
-Энэ сарын дундуур их хэмжээний цас орж, огцом хүйтэрлээ. Гэтэл он гараад, нэгдүгээр сард олон жилийн дунджаас дулаан байх цаг агаарын урьдчилсан мэдээ гарсан байна. Цаг агаараас болоод мөсөн бүрхүүл тогтож байгаа учраас эргээд хаваржилт хүндрэх асуудал гарах уу?
-Ер нь энэ жил нэг бол дулаараад, үгүй бол хүйтрээд байгаа. Цас их орсон ч эргэж хайлаад мөсөн бүрхүүл тогтож байна. Тиймээс одоогийн байдлаар мал бэлчээрт гарч чадахгүй, байран тэжээх маягтай байгаа учраас өвс, тэжээл их хэмжээгээр шаардагдаж байна. Малчид маань өнөөдрийн байдлаар бэлтгэсэн өвснийхөө 20-30 хувийг хэрэглэчихсэн. Тэгэхээр энэ хавар маш их зүтгүүлнэ гэдэг нь тодорхой. Тийм учраас малыг аль болох эдийн засгийн эргэлтэд оруулах талаас нь ажиллаж байна.
-Улсын хэмжээгээр энэ жил хэдий тооны мал өвөлжих тооцоо гарсан бэ?
-Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд 69 сая мал өвөлжинө гэсэн урьдчилсан дүн гарсан. Гэхдээ энэ жилийн нөхцөл байдлаас болоод нядалгаа нэлээд хийгдсэн. Мал тооллогын дүн, мэдээг маргааш/өнөөдөр/ Статистикийн үндэсний хорооноос зарлана. Үүгээр л нэг тоо гарна. Мэдээж 69 саяас бууж таарна байх.
-Малын зүй бус хорогдлын дүн мэдээ бий юу?
-Зүй бус хорогдол харьцангуй гайгүй байгаа. Өнгөрсөн 10 дугаар сард орсон цаснаар 1200 мал цасанд дарагдсан. Харин энэ жилийн хувьд нийтдээ дөрөв орчим сая мал хорогдсон гэсэн мэдээ бий.