Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 2023 онд орон нутгийн алслагдсан бүс нутагт эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг шуурхай хүргэх алсын дуудлагын баг томилох, биеийн ерөнхий байдал маш хүнд, газраар тээвэрлэх боломжгүй буюу эрчимт эмчилгээний тусламж шаардлагатай үйлчлүүлэгчдийг нисдэг тэргээр тээвэрлэн авчрах, телемедицин (цахим зөвлөн туслах үйлчилгээ)-гээр дамжуулан орон нутагт гэмтэж, осолдсон иргэд үйлчлүүлэгчдэд яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж ажиллалаа.
Тухайлбал, ГССҮТ-ийн Эмнэл зүй хариуцсан дэд захирал Р.Гантуяагаар ахлуулсан баг хөдөө орон нутгийн 21 аймгаас биеийн байдал хүнд 133 иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн авчирч, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн байна.
Мөн алслагдсан бүсийн орон нутгийн иргэдэд гэмтэл согогийн яаралтай тусламж үйлчилгээг шуурхай хүргэх, толгой, хүзүү, нуруу болон хавсарсан хүнд гэмтэлтэй үйлчлүүлэгчдэд мэс засал эмчилгээ хийх, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор ГССҮТ-ийн алсын дуудлагын баг нийт 75 удаагийн томилтоор аймаг, сумдад газар дээр нь хүрч ажиллажээ.
Түүнчлэн ГССҮТ-өөс орон нутгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлгүүдтэй хамтран телемедицин хийж, гэмтлийн шалтгаантай буюу биеийн ерөнхий байдал маш хүнд 101 үйлчлүүлэгчид цахим зөвлөн туслах үйлчилгээг яаралтай үзүүллээ.