Томуу өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар ЭМЯ-наас мэдээллээ.
Улсын хэмжээнд амбулаториор 243621 хүн үйлчлүүлснээс 22440 тохиолдол буюу 9.2 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсөд байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт түргэн тусламжийн дуудлагын 28.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Уг үзүүлэлтийг өнгөрсөн долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 4.6 хувиар өсчээ.
Томуугийн тандалт, судалгаагаар 21 аймаг, найман дүүргийн нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд нийт 9020 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүний 2818 буюу 31.2 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 85.5 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна. Үүнээс 51.6 хувь нь тав хүртэлх насныхан. Өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 10-14 насанд 1.4 хувиар нэмэгдсэн байна.
Нийслэлийн хэмжээнд 16 эмнэлгийн 2308 орон дээр томуу, томуу төст өвчний шалтгаант өвчлөлөөс хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна.