Европын холбоо/ ЕХ/-ны дипломат албаны тэргүүн Жозеп Боррел Британийн Guardian сонинд өгсөн ярилцлагадаа “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украинд хэсэгчлэн ялалт байгуулснаар сэтгэл нь ханахгүй, энэ улсыг бүрэн хяналтдаа авах хүртлээ урт удаан дайн үргэлжлүүлэх бодолтой байна” гэж мэдэгджээ. Боррелын хэлснээр, “ОХУ-ын удирдагч мөн ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгууль буюу АНУ-ын эрх мэдлийн өөрчлөлтөд найдаж байна. Учир нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж буй Дональд Трамп Украинд цэргийн дэмжлэг үзүүлэхээ зогсоож, Оросын эрх баригчидтай буулт хийх бодолтой байгаагаа илэрхийлсэн.
Путин Украины үлдсэн хэсэг Европын холбоонд орох нөхцөлд сэтгэл хангалуун байж чадахгүй. Тэр хэсэг нутаг дэвсгэрийн ялалтад сэтгэл хангалуун байж чадахгүй. Дайныг зогсоохгүй байх нь ялангуяа Америкийн сонгуулийн өмнө түүнд илүү таатай хувилбар байж магадгүй юм. Тиймээс бид удаан үргэлжлэх өндөр эрчимтэй мөргөлдөөнд бэлэн байх ёстой. Путин бүрэн ялалт хүртэл дайн хийсээр байх болно”.
ЕХ-ны дипломат албаны дарга Боррелл мөн Украины дайн бол бүх Европын хувь заяаг шийдэх мөч гээд “Орос зөвхөн Украины муж нутгуудад төдийгүй манай тивд бүхэлд нь заналхийлж байна” гэж онцолсон байна. Үүнтэй холбогдуулан тэрбээр ЕХ-ны улсуудыг Украинд туслах явдалд шийдвэртэй байхыг уриалжээ.
Тэрбээр “2022 оны хоёрдугаар сард Оросын 150 мянган цэргийн албан хаагч Украины хил дээр төвлөрч байсан бол одоо Оросын цэргийн 450 мянган албан хаагч тус улсын нутаг дэвсгэрт байлдааны ажиллагаанд оролцож байна, өөрөөр хэлбэл “гурав дахин их цэрэг” гэж нэмж хэлжээ. Боррелл “Оросын яагаад ийм хүсэл эрмэлзлэлтэй байгаа шалтгааныг түүний түүхэн өвөөс хайх хэрэгтэй. Учир нь Орос хэзээ ч улс болж чадахгүй. Орос үргэлж эзэнт гүрэн байсан. Хаантай, Зөвлөлтэй, одоо Путинтэй байна. Энэ нь Оросын улс төрийн байнгын өвөрмөц байдал бөгөөд үүнийхээ үр дүнд тэд хөршүүддээ байнга заналхийлэл учруулж байсан бол өнөөдөр бидэнд тулсан аюул болж байна” гэж мэдэгдэв.
Г.АМАРСАНАА
One reply on “Жозеп Боррель: Орос манай тивд заналхийлж байна DNN.mn”
Дэлхийд ОХУ биш, харин НАТО, АНУ заналхийлж байгаа юм биш үү??? Жозеп Боррель оо???