Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн иргэдэд салбарын бодлогын шинэчлэл, шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар танилцууллаа DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг иргэд олон нийтэд танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон тус яамны удирдлагууд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт алслагдмал гурван дүүрэгт ажилласан бол өнөөдөр Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хамтран хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлого, бодлогын хэрэгжилт, үйл ажиллагаа, хууль тогтоомжийн чиглэлээр мэдээлэл өгөх, шинэчлэн батлагдсан хууль тогтоомжийг танилцуулах уулзалтыг зохион байгуулж байна.

Уулзалтыг нээж ХНХ-ын сайд Х.Булгантуяа хэлсэн үгэндээ, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, хувь хүн хоорондын хөдөлмөрийн гэрээгээр болон уртын ээлжээр ажиллах, мөн ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгохтой холбоотой харилцааг, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулиар дотоодын хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх, ажлын байрыг хамгаалах, ажиллах хүчийг мэргэшүүлэх зарчмыг,  Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгаар хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоонд шилжих, засаглалыг сайжруулах, үйлчилгээг цахимжуулах, шилэн, ил тод, хүнд сурталгүй болгох, тэтгэврийг өвлүүлэх, ажил олгогчийг дэмжих зэрэг олон шинэ өөрчлөлтийг зохицуулсан болохыг дурдаад “Цаашид төрийн үйлчилгээний албан хаагчдын ангиллыг шинэчлэн цалин хөлсийг инфляци, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэхээр зорьж байна” гэлээ.

Уулзалтаар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл, тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлсэн арга хэмжээний дүн, Нийгмийн халамжийн хэрэгжилт, бодлогын шинэчлэл, Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Баянзүрх дүүрэгт нийт 130866 даатгуулагч иргэнтэй. 47168 тэтгэвэр авагч иргэн бий.

Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ХНХ-ын сайдын зөвлөх Т.Бат-Эрдэнэ, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал, Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал, Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын зөвлөх Ж.Батбаатар, НДЕГ-ын дарга Ц.Ганцэцэг болон харьяа байгууллагуудын удирдлага, холбогдох бусад албан тушаалтнууд, Баянзүрх дүүргийн 650 орчим иргэн, даатгуулагчид оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *