Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, ХНХЯ-ны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал нар 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суман дахь Ахмад настны үндэсний төвд ажиллалаа.
Байгууллагын үйл ажиллагаа, үйлчлүүлэгчдийн асаргаа, сувилгаа эрүүл ахуйн тусламж үйлчилгээ, хоол хүнсний илчлэг, чанар, асрамжийн газрын стандартын хэрэгжилттэй танилцаж, албан хаагчдын санал хүсэлтийг сонслоо.
Хүний нөөцийг бүрдүүлэх, эмч, сувилагчийн хомсдол нь тулгамдаж байгаа асуудлын нэг ч байгууллага, удирдлагын зүгээс санаачлага гарган төгсөгчдийг урьж ажиллуулж байгааг сайшаагаад асрамжийн үйлчилгээний холбогдох хууль журам, үйлчилгээний стандартыг мөрдөж ажиллахаас гадна үйлчлүүлэгчийн эрхийг дээдлэх, ялгаварлан гадуурхалд өртүүлэхгүй байх, тэднийг сонсох, санал, гомдлыг нь тухай бүр шийдвэрлэж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга анхаарууллаа.
Мөн 2023 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажил, арга хэмжээний биелэлтийг бүрэн хэрэгжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, орон байрны дулаан халаалт, эмчилгээ сувилгаа шаардлагатай асруулагчдын асаргаа сувилгааны материал, эм тарианы нөөцийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах үүрэг даалгавар өглөө.