ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС …………..
Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнтэй уулзаж хөөрөлдлөө.
-Монголын төрийн эрхэм дээдэст хаяглан бичсэн захидлыг тань харсан. Жаахан бухимдаад байх шиг санагдсан…
-Би төр гэдэг үгэнд их хүндэтгэлтэй ханддаг юм. Төр гэдэг өөрөө хоосон чанар. “Ээ, төрийн сүлд минь өршөө” гэж уулга алддаг өвгөдийн өвөр дээр өссөн болохоор би төр гэдэг үгэнд маш их хайртай. Өнөө цагт төрийн сайн, муу байгаа нь төрийн түшээдээс шалтгаалдаг. Тиймээс ойрд төрийн түшээдэд жаахан гомдонгуй байгаа даа. Тэд сонгосон санаанд минь хүрсэнгүй, итгэсний дайтай байсангүй. Ард түмнийг ийм байлгана гэж санасангүй.
-Төр бол хоосон чанартай гэж хэллээ. Төрийн түшээ гэгдэж байгаа далан зургаан нөхөр чинь бодит хүмүүс. Та гэхэд хэнийг Их хурлын гишүүнээр сонгов?
-Манайх гэр бүлээрээ сонгуульд санал өгөөгүй. Ирэх сонгуульд ч санал өгөхгүй. Би эрхээ эдлэх ёстой.
-Тэгэхээр иргэн таны төлөөлөл Монголын төрд байхгүй гэсэн үг үү?
-Эд нар Монголын ард түмний төлөөлөл юм чинь миний ч төлөөлөл яах аргагүй мөн л дөө. Төрд гарч ирж байгаа улсыг худлаа яриад байхаар л гомдоод байх юм. Гудамж талбайгүй хашгичаад шал худлаа зан гаргаад байхаар санал өгөхөөс ч дур гутах юм байна шүү дээ. Би сонгуулиа өгөөгүй байлаа гэхэд эд нар гарахгүй гэсэн хууль байхгүй. Тэгэхээр саналаа өгсөн ч, өгөөгүй ч ялгаагүй. Над шиг настай хүн үр хүүхэдтэйгээ амар жимэр байж байгаад үхэлтэй уулзах юмсан гэж боддог боллоо. -Та уран бүтээлээрээ омог бадрангуй, өөдрөг гэгээн, бас ч шазруун омголон хүн. Анзаараад байхад та жаахан гундуухан байх шиг санагдах юм. Үхэл мөхөл ч ярьж байх шиг…
-Хамгийн ухаантай хүн өглөө болгон үхлийн тухай боддог гэдэг юм. Гэлээ гэхдээ би өнөө маргаашгүй үхье гэж дуудаад байгаа юм алга. Үхэл намайг дуудсан дуудаагүй тэртэй тэргүй ирэх болно. Үхэл ирэхэд би гомдохооргүй л амьдарч байна. Үхэл ч ер нь гомдохоор юм биш.
-Жам юм чинь гэж үү?
-Баярлууштай юм шүү дээ. Миний гутаж байгаа
юм бол хүн гэдэг амьтан хүн байж чаддаггүй юм байна. Хүн дэлхий, уул уус, мод чулуу гээд байгалийн сайхнаас ер уйддаггүй. Хүн гутранги амьдралаас уйдаж байгаа бол хүн хүнээсээ л уйддаг юм байна. Би саяхан “Хүмүүн гэгч аугаа их болж чадна. Хүн адгийн новш байж чадна. Мөрөөрөө хүн байх гэж л мэрийгээд мэрийгээд бага чадна” гэж нэг шүлэг бичсэн. Мөрөөрөө амьдрах гэдгийн утгыг нэг ойлгох юмсан. Харамсалтай нь хаа хаанаа тийм биш болчихлоо л доо. Би хормой дороосоо, хажуунаасаа амар амгаланг эрдэг, нэхдэг хүн шиг байгаа юм. Муухай юм бага сонсохсон. Чих уг нь дуу чимээний хогийн сав болохоос хов жив, новшны сав биш. Чих, нүд хоёр хог цуглуулж байхад заяасан эрхтэн биш. Элдвийн муу юм үзэж, сонсож байхад зориулагдсан эд биш болохоор чих, нүд, тархи гурваа өнөөгийн тэнэглэлээс их харамлаж байна. Харамлах ёстой ч гэж бодож байна.
-Мөрөөрөө амьдрах, жудагтай байх гэдэг монгол хүний гайхамшигтай чанарууд өдрөөс өдөрт л алга болоод байна уу даа?
-Уламжлалыг их мартаж байгаа үед жудаг, заншил хоёр гээгдэж байна. Төр ч гэсэн уламжлалгүй л явж байгаа. Уламжлалгүй, зорилгогүй төрийн доор хүн жудаг, заншил хоёроо гээх юу ч биш. Эх орноо гээчихгүй л бол барав болж.
-Зарим хүмүүс ч эх орноо бараг гээчихээд байгаа юм биш үү?
-Би ч муу юм нэг их сонсохгүй “Энэ худлаа байгаасай” л гэж сэтгэлээ цайруулж суух юм. Энэ цуурхал байх гэсэн үг л ойрын үед миний дархлаа болж байна. Дэндүү мэдрэмтгий төрсөндөө хаа хамаагүй юманд сэтгэл их зовох юм.
-Монголын зохиолчдоос герман хэлээр зохиолоо туурвидаг Чинагийн Галсан, дорнын сайхан найрагтай та хоёрын бүтээлийг л Нобелийн шагнал авна гэж мэтгэх хүн байдаг. Танай хүүхдүүд Франц зэрэг барууны орнуудад амьдарч байна. Уран бүтээлээ өрнийн олон хүн ярьдаг хэлнээ хөрвүүлж хэвлүүлээд тэр нэр хүндтэй шагналд нэр дэвшүүлж болдоггүй юм уу?
-“Саваагүй нохой саранд хуцна” гэдэг. Хүн “Би ямар дайны хүн билээ, би хэн билээ” гэдгээ эхлээд таньдаг байх хэрэгтэй. Нобелийн шагнал гэдгийг би боддог ч үгүй. Миний ном герман хэлээр гарсан. Хоёр жилийн өмнө шүлгийн томоохон түүвэр Бээжинд хятад хэлээр хэвлэгдсэн. Солонгос хэлээр бас гарсан. Солонгосууд маш их уншдаг. Хятадад олон мянган хувь хэвлэгдсэн мөртлөө дороо байхгүй болсон. Миний номыг орчуулсан хүн хятадын орчуулгын дээд шагнал хүртсэн. Энэ онд герман хэлээр гарлаа. Японд хайку шүлгүүд маань зөндөө гарсан. Гадаадын улс орны хэлнээ бүтээл минь гарсаар байгаа. Анх Ази-Африкийн зохиолчдын “Лотос” сэтгүүлд МУИС-ийн багш Гомбосүрэнгийн орчуулгаар миний хоёр гурван шүлэг хэвлэгдсэн. Бага залуу насандаа сонссон миний хамгийн том баяр тэр байлаа. Одоо бол миний нас шагналаас илүү үхэл бодож байх нас. Би шагналынхаа тэмдгүүдийг тэгтлээ их зүүдэг ч үгүй. Би шагнал авчихаад “Төр намайг үнслээ” гэж хэлдэг байсан. Үнссэнийх нь төлөө би төрдөө баярладаг. Гэлээ гэхдээ тэмдгээ гялалзуулаад зүүгээд гүйгээд байх сонирхол надад байдаггүй. Тэмдэг байтугай зангиа ховорхон зүүдэг хүн шүү дээ, би. Тиймээс тэр том Нобелийн шагналыг надтай хамаатуулж ойлгох хэрэггүй. Тэр Ч.Галсан, Д.Урианхай эд нар л авах учиртай уран бүтээлчид. Би энэ тухай мөрөөддөг ч үгүй. Миний хүлээж байгаа шагнал минь юу байна гэвэл үр хүүхэд маань нүдэнд маань харагдаад амар амгалан байж байвал, ач зээ нар маань сургууль соёлын босго даваад, ойр орчмын хүмүүс эрүүл энх, элдвийн ёс бусын юманд өртчихгүй байвал хамгийн том шагнал минь юм даа.
-Та тайван амгалан байх л хамгаас том шагнал гэлээ. Таны “Энх тайван, амар амгалан, эв найрамдал гэдэг оршуулгын газарт л хэрэгждэг” гэсэн афоризмтой зөрчилдөөд байх шиг санагдах юм. Ер нь хүн төрөлхтөн ийм эв найрамдалгүй байх заяатай юм уу, эсвэл монголчууд л эв түнжин муутай үндэстэн юм уу?
-Эвдрэлийн шалтаг заавал хоёр юмны дундаас үүсдэг. Юм хоёр биш нэг байвал эвдрэлийн шалтаг огт байхгүй байх болно. Худал, үнэн гэж саармагжуулаад биднийг их үймүүлж байх шиг байна. Хүн болгон өөртөө үнэн. Төр-үнэн, ард түмэн-үнэн хоёрын хоорондох үнэний зай холдоод байна. Хүн бол сүүдэртэй, дэлхийн чулуу болгон сүүдэртэй. Алдахгүй юм гэж орчлонд яаж байхав. Алдаа их олон болбол айхавтар. Мэдээлэл эрхэлж байгаа сэтгүүлчид та нар ямагт үнэний эрэлчид байх ёстой. Сэтгүүлчид бол тохиолдлын олзоор юм уу, аливаа сонирхолтой юмаар гэдсээ цатгадаг улс биш, гэрэл гэгээгээр хооллодог үнэний эрэлчин гэж би хэчнээн олон хэлдэг гээч.
-Лхагвасүрэн ах аа, та бид хоёр улаан нүүрээ харж урд урдаасаа хараад ярилцаж суугаа мөртлөө нэг л хөндийхөн нэгнээ хянасан цэнэсэн мэт байдалтай харилцаад байх шиг. Танд нэг л гоморхол байгаад байна даа?
-Насны бөгсөнд тэтгэвэрт гарлаа. Эх орондоо нэмэргүй нэг муу өвгөн үр хүүхдийнхээ гарыг хараад яахав гээд “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг хийж байгаа улстай хамтран зөвлөх редактороор ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Монголын ард түмэн үзээд байдаг сайхан нэвтрүүлэг дээ. Тэгсэн танай сонинд “Монголын сэтгүүл зүйг гутаасан этгээд” гэж хэрэгт орсон. Би бичсэн хүнийг багцаалдаж байна. Би сонинд нь гомдохгүй байгаа. Сонин бол юуг ч үмхэж, зажилж, залгиж байдаг том амтай амьтан. Би залуу зандан насандаа “Утга зохиол, урлаг” сонинд ажиллаж л байсан. Би өөрөө буруу юм хийгээгүй байж ингэж хэлүүлсэндээ гомдож байгаа юм. Өдий насандаа учраа олоогүй хүүхдээр гоочлуулаад суумааргүй санагдаж байна. Энэ цаагуураа муухай хагсуургатай юм даа. Үхэхийнх нь өмнө гомдоож үхүүлье гэсэн бодлого явуулахгүй л байх. Харин үхсэний минь дараа авсанд минь амар байлгахгүй гэсэн бодлого юм болов уу даа гэж холын юм бодож сууна.
-“Монгол хүн хэчнээн их зовж гунилаа ч уудаг аягандаа нулимс дусаадаггүй” гэж та их сайхан хэлсэн байдаг даа?
-Тийм болохоор л би хамт байдаг, өрөвдөж явдаг хүүхдүүд дээрээ шүлсээ хаяж, тэд нарыг зүхмээргүй байна. Намайг хайрлаагүйнх нь төлөө, хүн хайрладаггүй хүн болж өсч байгаагийнх нь төлөө би хайрлаад байна. Би Монгол Улсад гэм тарьснаа ер мэдэхгүй юм. Би архи уудаггүй, айлаар ордоггүй, тэнээд явчихдаггүй, амиа л дөнгөж борлуулж явдаг амьтан шүү дээ. Би Монголын утга зохиолын хаяаг тавиад жил дэрлэж, уран бүтээлээ хийж, арваад настайгаасаа ажил төрөлд орон гаран амьдарч ирсэн хүн. Би ажлаас зөндөө халагдаж л байсан. Хэнд ч хорсож занаж явсангүй. Мөрөөрөө өтөлчихөөд уран бүтээл хийж явахад минь ингэж зүхээд яах нь вэ дээ. Хүнийг өөдлүүлэх юмаа байг гэхэд гутаах юмаа хийж чаддаг болчихоод хүн рүү нулимж сураасай гэж ойрын үед их гутранги байна даа.
-Та зурагтаар хөөрөлдөхдөө “Чойном бол сэтгэлгээний яруу найрагч биш” гэж хэлээд багагүй зэм хүртэх шиг болов уу?
-Би хэний ч тухай ил, далд “Тэр сайн найрагч, тэр муу найрагч” гэж хэлж явдаггүй. Чойномын тухай сэтгүүлч асуухаар нь “Найрагч мөн, сэтгэлгээний яруу найрагч биш” гэж хэлсэн. Гарцаагүй үнэнийг хэлж байгаа юм. Америкт амьдарч байгаа Хулганайн Тэргэл гэдэг яруу найрагч бий. Би Монголын зохиолчдын хорооны дарга байхдаа сонгож Утга зохиолын ангид оруулсан авьяаслаг арван гурван хүүхдийн л нэг байгаа юм. Х.Тэргэл фейсбүүк дээрээ “Г.Аюурзана, Б.Лхагвасүрэн хоёр Р.Чойном, О.Дашбалбар хоёрын дэргэд юу ч биш” гэж бичсэн байна лээ. Г.Аюурзана бид хоёр хамтдаа хэрэгтэн болж байгаа юм шиг байна.
-Олон нийтийн сүлжээнд таны овог нэр бүхий цахим хаяг байна лээ. Та өөрөө хөтөлдөг юм уу?
-Би цахимд ерөөсөө ордоггүй. Утсаараа мессеж ч бичиж чадахгүй. Нэг хүн л миний өмнөөс уран бүтээлийг минь туж л хийгээд байх юм. Миний хүүхдүүд ч шүлгийг минь цахимд хийдэггүй.
-Би таныг нарийн бичгийн даргаараа л цахим хаягаа хөтлүүлдэг юм байна гэж ойлгоод байсан юм…
-Надад юуных нь нарийн бичгийн дарга байхав. Надад хоол унд, амь амьдралын минь нарийн бичиг гэргий Баасан маань л байна.
-“Паанан”, “Соёо” туужийг бичсэн зохиолч Доржзовдын Энхболд, “Их хөлгөн туульс” бүтээлээрээ алдаршсан зураач Ш.Тэнгисболд нарын оюун санааны эцэг нь таныг байсан гэх юм билээ?
-Залуу зандан насанд минь сүүдэр шиг л дагадаг байсан хүүхдүүд. Сайхан өсөж өндийцгөөсөн. Шүнгийн Болд (Тэнгисболд)-доо, Доржзовдын Энхболд, Шагдарсүрэнгийн Гүрбазар, Цэндийн Чимэддорж, дуучин Намдагийн Төмөрхуяг нарын намайг дагадаг байсан муусайн дүү нарынхаа алдаанд нь ч хайртай. Хэрвээ сүнс гэж юм байдаг бол би үхсэн хойноо ч хар нялхаас нь мэдэх энэ дүү нараа хайрлана. Дуучин Төмөрхуяг Хан Хэнтийгээсээ дөнгөж ирээд манай хашаанд бууж байсан. Хөгжмийн зохиолч Ц.Чинзоригтойгоо уран бүтээлээ хийгээд туж л хамт байсан.
-Чинжиг та хоёр “Үүлэн цэнхэр хангай” дуу анхлан хийснээс хойш олон ч уран бүтээл дээр хамтран ажилласан даа?
-“Зүүдний говь”, “Хожуу хайрын дуу”, “Эх орондоо дуулах бүүвэйн дуу” гээд маш олон уран бүтээл хамтарч хийсэн. Бид хоёрын “Илдэн уулын цуурай” хэмээх хөгжмийн томоохон бүтээл Монголоос анх удаа ЮНЕСКО-гийн алтан санд орсон. Би хэзээ ч хар багын найз, уран бүтээлийн нөхөд, сайхан дүү нараасаа урваж хөрвөж байгаагүй. Бүгд мэднэ дээ. Жагдалын Лхагваа, Дарма Батбаяр, Урианхай, Лувсандамбын Дашням бид хар залуугаасаа 1968 оноос эхэлж үерхсэн. Биднийг “гарын таван хуруу” гэдэг, шинэ цагийн хэлээр гэр бүлийн найзууд байсан даа. Насны эрхээр найзуудтайгаа ч ховорхон уулзах болж.