Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Энхбат: БНСУ-д ажилладаг залуус нэгнээ хясаж ажлаас нь гаргадаг асуудал бол хайрцаглагдсан, багаар ажиллаж чаддаггүй сэтгэлгээний илрэл DNN.mn

Олон нийтийн сүлжээнд нэгэн иргэн БНСУ-д ажиллаж буй монгол залуус нэгнийгээ ажлаасаа шахаж гаргасан. Анх тухайн байгууллагад 20 орчим монгол залуус ажилладаг байсан ч “Ажлаас хэнийг хасмаар байна вэ” гэдэг асуулгаар халагдсаар хоёулхнаа үлдсэн тухай бодит кейсийг хуваалцсан байлаа. Энэ асуудлын хүрээнд сэтгэл зүйч Ц.Энхбаттай ярилцлаа.

————————————————————————————

-БНСУ-д ажиллаж байгаа монгол залуус нэгнийгээ хясаж хавчиж гаргасаар, сүүлд нь хоёулхнаа үлдсэн тухай кейсийг та олж уншсан байх. Монголчууд гадны улсад ажиллаж амьдрахдаа яагаад ийм үндэстэндээ, нэгэндээ хайргүй ханддаг болов оо. Сэтгэлзүй талаас нь та мэргэжлийн хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Юуны өмнө энд хувь хүмүүсийн хоорондын харилцааны асуудал байсан гэж харж болно. Нөгөө талаар хувь хүмүүс өөрсдийнх нь сэтгэлзүйн дотоод асуудлууд нөлөөлдөг. Үүнээс гадна бас нэг учир шалтгаан бий. Энэ нь хүмүүс бидэнд далд ухамсрын түвшний сэтгэлзүйн асуудлууд гэж байдаг. Далд ухамсрын түвшинд ажиглагддаг нэг зүйл бол монголчуудад их, бага хаадуудын үеийн сэтгэлзүйн травманууд байдаг. Жишээ нь, төрсөн ах, дүүгээ эрх мэдлийн төлөө, хаан ширээний төлөө хөнөөдөг, замаасаа зайлуулдаг байсан.

Мөн Манжийн үеийн сэтгэлзүйн травманууд ч үлдсэн. Хэн нэгэнд итгэдэггүй гэх мэт. Далд ухамсрын түвшний асуудлууд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна уу гэж харж байна.

-Нэгнийгээ үгүйсгэх, өөрийгөө “би л илүү, сайн” гэдэг үзэл манайханд байдаг. Энэ байдал ч нөлөөлж болох уу?

-Тухайн хүн тодорхой хэмжээний зорилго тавиад, гадаадад би заавал сайн байх ёстой, би заавал ийм болж байж, ард үлдсэн, Монголд байгаа гэр бүлээ тэжээнэ гэдэг сэтгэлзүйтэй байна шүү дээ. Нэг ёсондоо заавал амжилттай байх ёстой гэдэг зорилгын тэмцэл явагдаж байгаа.

Таны хэлснээр монголчууд амиа бодох гэхээс илүү заавал ийм байх ёстой гэдэг хайрцаглагдсан, багаараа ажиллаж чаддаггүй сэтгэлгээнд баригдаж байгаа нь анзаарагддаг.

-Нэгнийгээ хүний нутагт ийм хүнд нөхцөл байдалд оруулж байгаа нь үндэстнээсээ урвасан хэрэг биш үү. Тэд ийм байхад дотоодод улсын төсвөө, өмчөө идэх гэдэг жижиг асуудал юм шиг ээ?

-БНСУ-д нэгнийгээ хясаж хавчсан гэх энэ жишээ бол олон янзын нөхцөл байдлыг харуулж байна гэдгийг би дахин хэлье. Хувь хүний дотоод асуудлууд байна. Нөгөө талаар тухайн хоёр хүний хоорондын зөрчлийн асуудал ч байгаа. Гуравт, үндэстэн хоорондын сая дурддаг травманууд байгаа. Дараагийнх нь магадгүй тодорхой хэмжээний зөрчил асуудлууд гарсан бөгөөд түүнийгээ шийдвэрлэх чадваруудыг эзэмшиж чадсан уу гэж харах ёстой.

-Үндэстэн нэгэндээ хайргүй, нөмөр нөөлөггүй байгаа энэ сэтгэлгээ ганц манайд байна уу. Та энэ талаар судалж үзсэн үү?

-Үндэстэн хоорондын сэтгэлзүйг судалдаг угсаатны сэтгэлзүй гэдэг шинжлэх ухааны салбар бий. Судлаад үзэхээр үндэстэн болгонд өөр өөрийн сэтгэлзүйн травманууд байдаг. Манай дотоодод ч тэр. Нутгийн иргэдийн сэтгэлзүйн хоорондын ялгаатай байдлыг авч үзье л дээ. Наад зах нь, говьд амьдардаг айлуудыг харахаар хэдэн км-ээр алслагдсан айлаа “манай саахалт айл” гэдэг ч юм уу, газар нутгийн хэмжээнд хол айл, хүмүүсээ сэтгэлзүйн хувьд хамаатуулах буюу ойр дотны сэтгэлзүйн байдал илүү ажиглагддаг. Говийн айлуудаар явахад энүүхэн, энд гээд л толгойгоороо, эрүүгээрээ дохиж байх жишэтэй. Яг яваад үзэхээр нэлээд олон км хол байх ч юм уу. Харин хангайн хүмүүс болохоор илүү тодорхой ярих гээд байдаг. Говийн хүмүүс ерөнхийлдөг сэтгэлзүйн онцлогтой гэж харж болохоор юм.

Тэгэхээр тухайн хүн хаана ямар газар нутагт амьдарч байна, ямар орчинд амьдарч байна вэ гэдгээс шалтгаалаад сэтгэлзүй нь тогтож байдаг учраас үүний л илрэл болов уу гэж харж байна.

-Уг нь бид Монголоос гараад нэг л үндэстэн, амь нэгтэй байх ёстой. Гэтэл энэ кейс дээр гардагчлан нэгнийгээ ажил амьдралгүй болтол нь хавчиж, хясаж болох юм уу?

-Үндэстэн, адилхан монголчууд гэдэг утгаараа бид түүхийн хувьд ч, сэтгэлзүйн хувьд ч маш баялаг ард түмэн. Түүнийгээ дагаад сэтгэлзүйн хувьд ч маш өргөн хүрээний асуудал олонтой. Дээр багаар ажиллах тухай хэлсэн шүү дээ. Үүн дээр нэмээд нөхөрлөл гэдэг зүйлийг бас онцлох ёстой. Хэн нэгэнтэй танилцаж, хамтран ажиллаж байгаа бол нөхөрлөлдөө илүү үнэнч байх зарчим харагдаж байна. Энэ бол монголчуудын хүмүүжлийн асуудал шүү дээ.

Үндэстний сэтгэлгээг залахад урлагийнхан нэлээд зүйлүүдийг хийх хэрэгтэй болов уу гэж хардаг. Наад зах нь дуу шүлэг, кино контентуудаараа энэ асуудлуудыг хөндөж гаргаж ирсэн, шийдсэн байх нь манайд чухал болж байна. Жишээ нь, дуучин Г.Эрдэнэчимэгийн “Хонгор үр минь” гэдэг дуунд “Зэлээр дүүрэн адууны минь ижил нь хаана байна, хонгор үр ээ” гэж гардаг. Энэ дуу тухайн үеийн түүхэнд амьд бүхнийг хиар цохисон байгааг долоо хоногийн турш харж явж байгаа хүний тухай гардаг. Айдас түгшүүр, өшөө хорслын тухай гардаг. Төгсгөлдөө эв найрамдалтай болж байгаа тухай өгүүлдэг. Дууны аялгуу, утга агуулга сэтгэл заслын нэг хэлбэр.

Хүн бүр мэдэхгүй ч далд ухамсрын түвшинд үндэстний асуудлууд байдаг. Түүнийг шийдэх нь чухал. Жишээ нь, 76 гишүүн гэхээр ямар мэдрэмж төрдөг билээ, хятад хүн гэхээр юу бодогддог вэ. Гэтэл хятад хүнтэй ч уулзаж учирч үзээгүй байх жишээтэй.

-Далд ухамсрын тэр ухамсаргүй гэмээр юм уу мэдрэмжийг яаж засах ёстой вэ?

-Урлагийн сэтгэл заслаар үндэстэн рүүгээ чиглэсэн, үндэстний мөн чанар үнэт зүйлийг сэргээсэн контентууд хийх ёстой болов уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *