Categories
мэдээ нийгэм

Монголын Энтрепренерүүд “Ногоон бизнес загварыг хөгжүүлэх боломж, туршлага” сэдвээр чууллаа DNN

МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачлагаар “Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган-2023” /2023.11.30/ МУИС-ийн Номын санд болж өндөрлөлөө.

2014 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн уг чуулганыг энэ жил “Ногоон Бизнес-Тогтвортой Хөгжил” уриан дор “Ногоон Бизнес Загварыг Хөгжүүлэх Боломж, Туршлага” сэдвийн хүрээнд оролцогч талууд байр сууриа илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Чуулганы үеэр МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан ярихдаа “МУИС-ийн Бизнесийн сургуулиас 2014 оноос эхлээд Энтрепренерүүдийн чуулганг ес дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ чуулганы зорилго Монголын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, чиглэлд төр хувийн хэвшил, академик байгууллагуудынг хамтын ажиллагааг үүсгэх зорилготой.

Энэ жилийн хувьд ногоон бизнесийг яаж хөгжүүлэх вэ гэдэгт илүү ач холбогдол өгч байна. Үүнд хоёр гурван зүйл бий. Нэгд, төрийн бодлого ногоон үйлдвэрлэлийг дэмжихийн тулд ямар байх ёстой вэ гэдэг дээр бид ярилцаж байна. Үүнд БОАЖЯ, Ойн газар, Усны газар, ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийн газар гээд гол байгууллагууд бүгд оролцож байна. Хоёрт, ногоон санхүүжилтийг ямар зарчмаар олгох ёстой юм бэ гэдэг дээр ажилладаг банкны секторын бүх байгууллага оролцож байна. Дээрээс нь бизнесийн байгууллагуудаас ногоон бизнесийг яаж бий болгодог вэ гэдэг дээр туршлага солилцох платформыг үүсгэж байна гэж харж байна. Түүнээс гадна ногоон боловсрол олгох асуудал маш чухал” гэсэн бол Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа “Ногоон хөгжлийн тухай дэлхий нийтийн хандлагатай Монгол Улс дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах ёстой. Тухайлаад ойн тухай ярья. Бид дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлтөнд газрын гадарга, аливаа баялгийн эмх замбараагүй зүй зохисгүй ашиглалттай холбоотой зүйлс бий. Үүний нэг нь ойн нөөц. Хөнөөлт шавж, түймрийн нөлөөгөөр ойн сан бүхий газар доройтолд орж байна.

Сүүлийн 30 гаруй жилийн статистикийг харахад 1.6 сая га талбай ямар нэгэн байдлаар доройтсон. Доройтоод байгаа нөөц баялгаа бид нөхөн сэргээх шаардлагатай. Үүний нэг нь “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр” гэсэн юм. Чуулганд Банк, санхүүгийн байгууллагууд, Гарааны бизнес эрхлэгчид, Бодлого болосвруулагчид, Их дээд сургуулиудын удирдлага, багш, судлаачид, оюутнууд, Ногоон бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөлөл, олон улсын байгууллагын 60 гаруй хүн оролцов.

 

Б.ЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *