Categories
мэдээ нийгэм

Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир: “Сурах бичгийн цахим бүртгэлийн систем” ЕБС-иудад 100 хувь нэвтэрнэ DNN.mn

Ерөнхий боловсролын сургуулиудын номын санд “Сурах бичгийн цахим бүртгэлийн систем” нэвтэрснийг та бүхэнд дуулгаж буйдаа баяртай байна. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон “Боловсрол МН” төслийн хүрээнд БШУЯ, Боловсролын Ерөнхий газар, “Гэрэгэ ЭдТек” ХХК хамтран энэхүү системийг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд одоогоор улсын хэмжээнд 832 сургууль уг систем нэгдэж, 863 номын санч, 890 санхүү, 6000 гаруй багш, 39 мянган сурагч “Сурах бичгийн цахим бүртгэлийн систем”-ийг ашиглаж байгаа юм.

Энэхүү системийн талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд дэлхий даяар цахим шилжилт хийж, цахимжуулах үйл явц хурдацтай өрнөж байна. Манай улсын хувьд ч “Цахим үндэстэн” болох зорилго тавьж, төрийн ихэнх үйлчилгээ хялбар болоод байгаа. “Сурах бичгийн цахим бүртгэлийн систем” нэвтэрсэн нь үүний нэг баталгаа болж байна гэж харж байна?

-Цахимыг ойлгох хандлага ч нэлээд өөр болж байна. Жишээ нь, нэг байгууллагын удирдлага гадагшаа, дотогшоо томилолтоор явахад ард нь бүх бичиг цаас нь овоордог, тушаал шийдвэр нь хүлээгддэг, дарга л ирж байж тэр асуудал нь цааш явдаг байсан ийм үе саяхныг болтол байлаа. Жишээлбэл, Боловсролын ерөнхий газрын хувьд улсын хэмжээний бүхий л хөрөнгө оруулалт, түүний гүйцэтгэл нь манайхаар хянагдаж, гарын үсэг зурж байж гардаг. Улсын хэмжээний бүх цэцэрлэг, ЕБС-ийн санхүүжилт сар бүр манайхаас олгогддог, хэрвээ бүх юм цаасан хэлбэрээр явбал дарга нь эзгүй бол хугацаанд нь санхүүжилтээ олгож чадахгүй ч гэх юм уу, ийм л нөхцөл байдал үүсдэг байсан. Гэтэл одоо бол ERP бичиг хэргийн систем, И-Монголиа системүүд нэвтэрснээр хэн нэгэн албан тушаалтан нэгж байгууллагад зөвлөн тусалж ажиллаж байхдаа ч юм уу, албан томилолт, магадгүй ээлжийн амралтаа эдэлж байхдаа бичиг цаасаа хянах, ажилтнуудаа ажлаа үргэлжлүүлэх боломжийг нь олгох зэрэг олон шатны ажил энэ цахимаар явагдаж байна. Яг үүнтэй адил сурах бичгийн тогтолцоог өөрчилж, шинэчилж, шинэ болгох гэж нэлээд олон жил зүтгэж байна. Сурах бичгүүдийг тухайн орон нутгийн сургууль болгон Exсel хэлбэрээр хэрэгцээгээ тодорхойлсон нь Боловсрол, шинжлэх ухааны газарт нэгтгэгдээд түүнийг БШУЯ, одоогоор Боловсролын ерөнхий газар захиалсных нь дагуу, цаасан суурьтай судалгаан дээр нь үндэслээд орон нутаг руу жилдээ нэг удаа сурах бичгийг хүргэх, түгээх үйлчилгээ үзүүлдэг. Зарим сургуулийн элсэлт буурна, заримынх нь нэмэгддэг. Гэтэл бид хавар, тавдугаар сард нэг удаагийн судалгаанд үндэслээд найм, есдүгээр сард түгээлтээ хийдэг. Нэгэнт сургууль дээр оччихсон сурах бичгийг сургууль, орон нутаг хооронд шилжүүлэх гэж бөөн асуудал үүсдэг. Нэг талд нь илүүдээд, нөгөө талд нь дутагдаад байдаг. Гэтэл хэрэгцээнд нь үндэслээд сурах бичгүүдээ хэвлүүчихсэн байдаг, захиалчихсан байдаг. Үүнийгээ төр шийдэж чаддаггүй. Энэ чинь механик, цаасан суурьтай, заавал утсаар ярьж байж, заавал газар дээр нь очиж хянаж байж явдаг тогтолцоо байсан.

-Цахим бүртгэлийн систем нэвтэрснээр, одоо?

-Нэгдүгээрт, өдөр тутамдаа, бодит цагийн төлөв дээр сурах бичиг хаана, хэн дээр хуваарилагдаж байна вэ, хаана илүүдэл, дутагдалтай байна гэдэг байгаа нөхцөл байдлыг бүгдийг нь БШУ-ны газрын дарга, сургуулийн захирал, БШУЯ, БЕГ-ынхан шат шатандаа харж, хянадаг мэдээлэлтэй болсон. Сурах бичгийн түгээлт, хуваарилалт, түүнийгээ дагасан түрээсийн төлбөр мөнгөний цогц систем энэ хичээлийн жилээс улс даяар бүрэн нэвтэрч байна. Хоёрдугаарт, сурах бичгийг хүүхдүүдэд хэрэглүүлэхэд төлбөрийн систем хамгийн гол асуудал байдаг. Өмнө нь тухайн нэг номын санч дээр бэлэн мөнгө хураагддаг, тодорхой хугацаанд хуримтлуулж байж нэг удаагийн гүйлгээ хийгддэг байсан. Нэг хүн дээр бэлэн мөнгө удаан хугацаанд төвлөрөхөөр аль аль талдаа хяналт сулардаг. Үүнийг дагаж асуудал үүсдэг. Зарим аймаг түрээсийн сурах бичгийн төлбөрөө 60-70 хувьтай хуримтлуулаад шилжүүлдэг, зарим нь 30 хувьтай л төлдөг. Бид сурах бичгээ хуваарилахдаа захиалгаар нь хуваариалаад байдаг. Төлбөрөө цаг хугацаанд нь хийсэн, сайн төвлөрүүлж чадсанд нь сурах бичгийн нөхөн хангалтыг нь өгч байх ёстой байтал чаддаггүй байсан гэх мэт асуудал, хүндрэл үүсдэг байсан. Гэтэл хэрэгцээндээ тохирсон, бодит цагийн төлөв дээр буй ийм систем нэвтэрнэ гэдэг цаашдаа хэрэглэгчдэд ч тэр, захиалгын үнэн бодит байдал дээр өндөр үр дүн авчрах систем гэж ойлгож болно.

Одоогоор хичнээн сургуульд энэ систем нэвтэрсэн байгаа вэ?

-Ерөнхий боловсролын сургуулиудад бүгдэд нь 100 хувь нэвтрэх ёстой. Өнөөдрийн байдлаар 832 сургууль нэьтэрсэн байна. Жил бүр Шинээр сургууль, цэцэрлэгийн барилгууд баригдаж, шинээр нэмэгдэж байна. Сургууль ашиглалтад орлоо л бол номын сангийн “Сурах бичгийн цахим бүртгэлийн систем”-ийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Ингэж байж бид бодит цагийн төлөв дээр хэрэгцээгээ зөв тодорхойлж, тэнд хуримтлагдаж буй орлогоо зөв тооцож, дараагий жилийн захиалгаа тооцоолж, хэвлэлийн компаниудтай гэрээгээ байгуулж ажиллах бодитой нөхцөл бүрдэж байгаа юм.

-Намар хичээл эхлэхтэй зэрэгцэн сурах бичигтэй холбоотой хэл ам их гардаг байсан. Сүүлийн жилүүдэд ер тийм юм дуулдаагүй юм. Нэгдсэн системтэй болж, цэгцэрчихсэн юм байж л дээ?

-Энэ систем рүү шилжихийн тулд бид 2-3 жилийн хугацаанд бэлтгэл ажил хангасан. Сургууль болгон энэ системийг нэвтрүүлэх, хэрэглэх, ашиглах боловсон хүчнээ сургах томоохон ажилтай нүүр тулсан. Хоёрдугаарт, оргүй хоосноос бий болчихгүй. Тодорхой төхөөрөмж сууриулах ёстой. Тэрийгээ ашиглах ёстой. Энэ бүгдийг бий болгоход тодорхой хугацаа орсон нь тэр. Сургуулиудад ийм төхөөрөмж суурилуулах зардал байдаггүй байлаа. Системийг нэвтрүүлэх интернэт, тоног төхөөрөмж байдаггүй байлаа. 2022 оноос боловсролын салбарт маш том төсөв санхүүгийн реформ хийгдсэн. Сургуулийн хувьсах зардал ердөө гуравхан бүрэлдэхүүн хэсэгтэй байлаа шүү дээ. Цалин, НД, хичээл практик. Хичээл практик нь нийт зардлын хоёр гурван хувийг л эзэлнэ. Асуудлаа шийдэж чаддаггүй тийм л зардал байсан. Одоо бол сургуулийн хувьсах зардал 10 бүрэлдэхүүн хэсэгтэй болсон. Үүн дотор багшид цахим дата хэрэглээний зардал гэж сар болгон 15-25 мянган төгрөгийн зардал, багшид хичээл практикийн зардал гэж сар болгон 30-40 мянган төгрөг гэх мэт зардалуудыг хувьсах зардалд нь суулгадаг болсон. Хамгийн гол нь энэ системээ нэвтрүүлэх, тоног төхөөрөмжөө сургуулиудад нийлүүлэх зардлын эх үүсвэр гарах буюу нөхөн хангалтын зардал нь хувьсах зардалд нь суудаг болчихсон. Тэгэхээр сургуулиуд өөртөө хэрэгтэй байгаа зүйлээ нөхөн хангалтын зардлаараа шийдэх төсвийн эх үүсвэрийг нь шийдээд өгчихсөн. Хоёр, гурван жилийн хугацаанд “Гэрэгэ Эдтек” ХХК-тай хамтарч, санамж бичиг байгуулж ажиллаад төсөв санхүүгийн реформын хүрээнд эх үүсвэрийг нь шийдээд явж байна. Нөхөн хангалтын зардал болон бараа үйлчилгээний бусад зардлаараа сурах бичгийн түрээс, нөхөн хангалт болон бусад асуудлаа шийдэхийн тулд нэгдүгээрт, сурах бичгийн бүртгэлийн нэгдсэн систем хэрэгтэй, энэ системийг иж бүрэн нэвтрүүлэхийн тулд сурах бичгээ бүртгэдэг пос машин хэрэгтэй болсон. Үүнийг шийдчихвэл төлбөрөө цаг тухайд нь, эцэг эх, асран хамгаалагчдын, өөрийнх нь захиалгын дагуу шууд шийддэг системтэй болчихож байгаа юм. Өмнө нь механикаар, гар аргаар, анги удирдсан багш нь сурах бичгийн түрээсийн төлбөрийг хураадаг байсан. Энэ үед маш олон хүндрэл гардаг байсан. Багш ангийнхаа хүүхдүүдийн мөнгийг бүрэн хурааж авах гэж цаг алддаг. Хуримтлуулсан мөнгөө номын сандаа өгнө, номын санчаас нягтлан нярав гээд олон хүний гар дамждаг асар их механик ажиллагаа ордог байсан. Одоо бол эцэг эх, асран хамгаалагч хүүхдийнхээ сурах бичгийн түрээсийн төлбөрийг пос машинаар төлөхөд хүүхдийнх нь нэр устай ном сурах бичиг нь баркодтой очдог болсон. Бэлэн мөнгө гар дээгүүр дамждаг механик ажиллагаа байхгүй болсон гэсэн үг. Бүх юм ухаалаг болж эхэлж байна. Хүүхэд номоо гээж, алга болголоо гэхэд бүх ном баркодтой, хэний ном бэ, аль аймаг, хаана байгаа вэ гэдэг нь пос төхөөрөмж болон систем дээр бүртгэлтэйгээ байгаа.

Тухайн сурагч сурах бичгийнхээ түрээсийн төлбөрийг цаг тухайд нь шилжүүлж байна гэдэг бол дараагийн хүүхдэдээ боломж олгож байгаа юм гэдгийг л сурагчид ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн сурагчийн төлсөн сурах бичгийн түрээсийн төлбөр дараагийн хүүхдийн ашиглах сурах бичгийг хэвлүүлэх зардал болж очдог гэдгийг ойлгож, биеэ биеэ дэмжиж байгаа юм. Бүх юм ухаалаг, шилэн болоод эхлэхээр зөвхөн сурах бичиг биш бусад зүйлийг, жишээ нь “Үдийн хоолны систем”-тэй болж эхэлж байна.

-“Сурах бичгийн цахим бүртгэлийн систем” нэвтэрсний бас нэг давуу тал нь сурах бичгийн хүргэлтийн үйлчилгээтэй болжээ. Өмнө нь бараг аравдугаар сар гарчихаад байхад сурах бичиг ирээгүй гэдэг гомдол ялангуяа хөдөө орон нутаг, алслагдсан сумдаас мэр сэр дуулддаг байсан даа?

-Хуучин бол түрээсийн болон нөхөн хангалтын сурах бичгийг бид хэвлүүлэхдээ тухайн хэвлэсэн компани сурах бичгээ хүргэнэ гэдэг гэрээтэй байдаг байсан. Хэвлэлийн компани Боловсрол, шинжлэх ухааны газарт хүргээд өгчихдөг байв. Ирсэн сурах бичгийг дор дор нь, тэр даруйд нь алс холын сумдаас эхлүүлээд Төв, Хөвсгөл, Завхан гээд олон сумтай аймгуудад хүргэлт хийх зардал мөнгө, хүний нөөцийн боломж байхгүй шүү дээ. Эхний компани сурах бичгээ эрт хэвлээд аваад ирдэг, дараагийнх нь компани хэвлэсэн сурах бичгээ авчрахаар нэг мөр тухайн сум руу нь бөөнөөр нь хүргэж өгье гэж хадгалсаар байтал эхний сурах бичиг нь хүргэгдээгүй, дараагийнх нь хоёр сарын дараа ирдэг байх жишээний. Ингээд бөөнөөр нь тухайн сум руу явуулдаг. Сурагчид хоёр сарын дараа сурах бичигтэй болдог байсан гэсэн үг. Одоо бол түгээлтийн компани дээр бүх юм төвлөрч байгаа учраас компаниуд гэрээгээр хүлээсэн үүрэг буюу наймдугаар сарын 20-нд сурах бичгээ нийлүүлээгүй бол түгээлтийн компани түгээлтдээ гарч чадахгүй. Үндэсний хэмжээнд нэг компани эрх аваад түгээж байгаа. Одоо асуудал яаж цэгцэрч байна вэ гэхээр түгээлтийн компани сурах бичгүүдээ хугацаандаа авахыг шаардаж эхэлнэ. Хугацаанд авчихдаг учраас гэрээний дагуу ажлын тав хоногт түгээлтээ хийдэг болсон. Ингээд бүх юм цэгцрээд ухаалаг болчихоод байна.

-Сурах бичгийн нэгдсэн цахим бүртгэлтэй болсон нь Монгол Улсын боловсролын салбарт хийгдэж буй томоохон шинэчлэлийн эхлэл болжээ. Та дээр дурдлаа, “Үдийн хоолны систем” гэж. Боловсролын салбар энэ мэт өөр ямар ямар систем нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

-Би сая зөвхөн номын сангийн систем ярилаа. Үүний цаана бид энэ системтэйгээ уялдуулаад үдийн хоолны систем, цэцэрлэг сургуулийн хүүхдүүдийн ирцийн системүүдийг нэвтрүүлээд явчихвал олон зүйл ухаалаг болж, үр ашиггүй зардал гарахаас сэргийлнэ. Сургуулиудын үдийн хоолны захиалгын системийг ойрын үед хийнэ.

-Ярилцсанд баярлалаа.

Д.ГАНСАРУУЛ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *