Шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэртэй ярилцлаа.
– Манайд одоо хэрэглэгдэж байгаа шатахуун болон дизель түлшийг мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүс янз бүрээр л тайлбарлаж байна. Яг өнөөдөр нийлүүлэгдэж байгаа шатахуун, дизель түлш стандартын шаардлага хангаж байна уу?
– Стандартын шаардлага хангадаггүй.
Үүний гол агуулга нь Монгол Улсын стандартуудыг зөрчиж байгаа юм. Бүтээгдэхүүн зах зээлд гарахад чанарын сертификат байдаг. Тэгвэл манайд хэрэглэгдэж байгаа шатахуун гарал үүслийн бичиг байхгүй л гэсэн үг. Өнөөдөр Дэлхий нийт евро5 шатахуун руу шилжих гэж байна. Евро5 шатахууны ялгаруулдаг PPM буюу агаар бохирдуулагч хүхэрлэг хийн хэмжээ нь 50 РРМ байдаг.
Өнөөдөр Монгол Улсын импортолж буй евро2 стандартын АИ 92-оос гарч буй РРМ-ын хэмжээ нь 450-600 РРМ. Харин яг одоо керосин болон нафта найруулаад зах зээлд нийлүүлж буй шатахуун болон дизель түлшнээс 4,800-6,700 РРМ гарч байгаа. Европын холбооны улс орнууд өнөөдөр 50 РРМ-ыг аюултай гэж үзээд 2040 оноос дизель тэрэг явуулахыг хориглож байна. Гэтэл өнөөдөр бид 6,000- 7,000 PPM буюу хүхэрлэг хийгээр амьсгалаад явж байна. Энэ бол маш аюултай үзэгдэл.
Манайхаас өөр аль ч улс оронд ийм хортой үзэгдэл байхгүй. Хамгийн аюултай нь хүүхдийн биед асар хортой. Учир нь тээврийн хэрэгслийн яндангаас ялгарч буй хүнд метал нэг метрээс дээшээ дэгддэггүй. Өөрөөр хэлбэл яндангаас ялгарсан утаа газрын гадаргаас дээш нэг метрийн зайд оршиж байна гэсэн үг. Энэ нь бага насны хүүхдийг хордуулж байгаа юм. Та бүхэн Эрүүл мэндийн яамнаас гаргасан хүүхдийн өвчлөлийн тоон үзүүлэлтийг хараарай. 2012 оноос хойш хэд дахин нэмэгдсэн байгаа. Учир нь 2012 оноос хойш хольсон буюу хуурамч шатахуун хэрэглээд явж ирсэн.
Үр дүнд нь хүүхдийн өвчлөл, хорт хавдрын тоон үзүүлэлт гэрлийн хурдаар нэмэгдэж байна. Үүнд анхаарч байгаа хүн бараг алга. Хуурамч шатахууны бизнес ядуу буурай, хуучин машин ихтэй, авлигаар асуудлаа шийддэг улсад цэцэглэдэг.
– Энэ талаарх иргэдийн ойлголт сул байх шиг.
– Иргэд 300 литр дизель түлш дээр 700 литр керосин найруулаад дизель түлш гаргаж авдаг. А80 шатахуун дээр актав нэмээд А-92 гаргадаг юм байна гэж ойлгоод байх шиг. Энэ нь буруу. Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу керосин, нафта.
– Энэ талаарх иргэдийн ойлголт сул байх шиг.
– Иргэд 300 литр дизель түлш дээр 700 литр керосин найруулаад дизель түлш гаргаж авдаг. А80 шатахуун дээр актав нэмээд А-92 гаргадаг юм байна гэж ойлгоод байх шиг. Энэ нь буруу. Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу керосин, нафта. Керосин бол дизель түлшинд ордог, завсрын бүтээгдэхүүн. Дизель түлш болоогүй, шингэрүүлсэн хэлбэр нь гэсэн үг. Харин нафта бол шатахуун болоогүй шингэрүүлсэн хэлбэр гэж ойлгож болно. Энгийнээр тайлбарлахад ийм.
– Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт энэ нь хор хөнөөлтэй юу?
– Чанар стандартын шаардлага хангахгүй хольж найруулсан бүтээгдэхүүнийг авто машинд хийхээр эвдрэл гэмтэл их гарна. Яагаад гэвэл оруулж ирсэн бүтээгдэхүүнээ хооронд нь нийлүүлээд миксерддэг учраас маш өндөр шаталттай, ууршилт ихтэй. Авто машины мотор маш цэвэрхэн байх ёстой. Тэр дотор тос, агаар. шатахуун эсвэл орж шатаад, уур, утаа болоод гарах ёстой.
Гэтэл нефтийн туслах бүтээгдэхүүнээр хийсэн түлш юм уу, шатахуун хэрэглэхээр моторт тортог ихээр үүсдэг. Үүнээс болж, мотор доголдоно, очлуураа хаяхаа болино. Хоёрдугаарт, машины апартурыг хог болгодог. Үүнийг би л яриад байгаа юм биш. Та “Таван толгой”-д явдаг том оврын тээврийн хэрэгслийн жолооч нараас асуухад үүнийг хэлнэ. Тэд том машин эд ангиудаа сард л 2-3 удаа сольж байгаа талаараа хэлнэ. Энэ нь эдийн засгийн асар их хор хохирол дагуулдаг.
– Улсаас зах зээлд борлуулагдаж байгаа шатахуун, дизель түлшинд хяналт тавьдаггүй юм уу?
– Монголд энэ төрлийн бүтээгдэхүүний чанар, стандартад шалгалт хийдэг байгууллага алга. Мэргэжлийн хяналт ШТС-ын шатахуун шахаж байгаа хоолой, агуулах гэх мэт техникийн үзүүлэлтэд хяналт тавьдаг байсан. Энэ байгууллага татан буугдаад салбар яамд руугаа шингэчихлээ.
Стандарт хэмжил зүйн газар бол шахуургын насос нь 20 литр шахаж байна уу, 21 литр шахаж байна уу гэдэг дээр л хяналт тавьдаг. Ашигт малтмал газрын тосны газар нөөц тодорхойлдог, яам бодлого хэрэгжүүлдэг, ШӨХТГ газар Хэрэглэгчдийн тухай хуулиараа л явдаг. Ингээд харахад тухайн бүтээгдэхүүн дээр хяналт тавьдаг байгууллага алга.
Манай холбоо бол бүтээгдэхүүний чанар стандартыг л ярьж шаардлага тавьдаг. Монгол Улсад MNS:2016, MNS:2017 гэдэг хоёр стандарт байдаг. Энэ стандартад нийцсэн бүтээгдэхүүн л оруулж ирэх, борлуулах ёстой.
– Стандарт бус шатахуун зарагдаж байгааг та онцолж байна. Нийслэлд хэд хэдэн удаагийн давтамжтайгаар эвгүй үнэр гарах боллоо. Энэ нь найруулсан шатахуунтай холбоотой юу?
– Үүнийг баримт судалгаагүйгээр шууд хэлэх боломжгүй л дээ. Ерөнхийдөө шатахууны найрлагаар нь бодоод үзэхэд тийм үнэр гарах үндэслэл байхгүй. Хэрэв шатахуунаас тухайн үнэр гарч байгаа бол өдөр бүр, цаг тутам л сэнгэнэнэ.
Үе үе давтамжтайгаар үнэртэнэ гэдэг нь өөр шалтгаантайг харуулж байна. Харин найруулсан хуурамч шатахууны нөлөөгөөр мянга, мянган хүүхэд хүнд металлд хордож өвчинд шаналж байгаа нь үнэн. Үүний баталгаа нь эмнэлгээр дүүрэн байгаа нялх хүүхдүүд.