Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Үйлст: Хүн өөрийн гэсэн сонирхолтой байж, өөрийгөө хайрлаж сураагүйгээс ганцаардалд орох эрсдэлтэй DNN.mn

Сэтгэл зүйч Ж.Үйлсттэй ганцаардлын талаар ярилцлаа.

-Ганцаардлыг яаж таньж мэдэх вэ. Энэ нь хүний сэтгэл зүйд ямар үр дагавартай вэ?

-Ганцаардал гэж үүнийг хэлнэ гэдэг товч тодорхойлолт байхгүй. Ерөнхийдөө сэтгэл хөдлөлийн хувьд ямар шинж тэмдэг илэрч байна, зан үйлийн хувьд ямар өөрчлөлт гарч байгаагаас тодорхойлж болдог. Сэтгэл хөдлөлийн хувьд жишээ нь, гуниглах, гутрах, өөрийгөө бусдаас тусгаарлах, ганцаараа байхыг илүүд үзэж, харилцаагаа хумиж эхэлдэг. Нийгмийн үйл ажиллагаанаас цааргалдаг. Утсаар ярихгүй байх, мессэж бичихэд хариу өгөхгүй байх үйлдэл ч үүнд орно. Өөрийгөө үнэлэх үнэлэмжийн хувьд буурдаг. Өөрийгөө бусадтай харьцуулах, бусдаас ялгаатай гэж мэдрэх гэх мэтээр өөрийнх нь үнэлэмжид нөлөөлж байдаг. Үүнээс гадна олны дунд сэтгэл түгших, тавгүйтэх байдал илүү мэдэрдэг. Тайзан дээр гараагүй мөртлөө хүмүүс хараад, ажиглаад байгаа юм шиг түгшсэн мэдрэмжийг мэдэрдэг. Хүмүүсийн дунд орохоор сандрах, тавгүйтэх сэтгэл хөдлөлийг мэдэрнэ.

Зан үйлийн хувьд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ биечлэн болон ямар ч хэлбэрээр харилцахаас татгалздаг. Ихэвчлэн хорт зуршилд татагдах хандлагатай. Аливаа зүйлийг ганцаараа хийх байдал нь давуу болдог. Архи уулаа гэхэд олуулаа уудаг байсан бол ганцаараа уухыг илүү үзнэ. Энэ бол ганцаардаж байгаагийн шинж. Тоглоом тоглолоо гэхэд багаараа тоглох биш ганцаараа тоглох тоглоомжийг сонгох жишээтэй. Нэг зүйл бий. Ганцаардлыг танихад хэцүү. Ганцаардаж байгаагаа нууж чаддаг хүмүүс ч бий. Олны дунд хамгийн нээлттэй, олонтойгоо байдаг хүмүүс мэдрэмжийн хувьд хүмүүстэй холбогдож чадаж байна уу гэдэг л чухал. Нийгэм дэх байр суурь өндөртэй, хүмүүсийг хөгжөөгөөд, тэднийг сонсож, эв найрамдалтай харилцаад яваад байдаг боловч дотоод сэтгэлээ илэрхийлэхгүй байна гэдэг том шинж тэмдэг. Хүмүүстэй гүн гүнзгий яриа өрнүүлж чаддаг уу гэхэд эргэлзээтэй, хариулж чадахгүй бол ганцаардсан гэсэн үг.

-Ганцаардлыг таньчихаад нуугаад байна уу, эсвэл таньж чадахгүй байна уу гэдэг асуулт урган гарч байна?

-Ихэнхдээ хэн ч надад тусалж чадахгүй, би өөрөө ч энэ байдлаас гарч чадахгүй гэх найдваргүй мэдрэмж ганцаардлын үед төрдөг. Гэхдээ үүнийгээ мэдэж байгаа тохиолдол ч байна, мэдэхгүй ч байгаа тохиолдол байна. Мэдэж байх тусмаа илүү тусгаарлах байдал руу ордог хүмүүс олон. Мэдэхгүй мөртлөө харилцаанаас ядраад байна, хүмүүс надад таалагдахгүй байна гэдэг байдалтай хүмүүс ч байдаг.

-Хэдхэн хоногийн өмнө ДЭМБ ганцаардлыг өвчин хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрлөө гэж олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Монголчуудын амьдралын хэв маяг, уламжлалт харилцаанд ганцаардлыг өвчин гэж хүлээж авах битгий хэл буруутгах хандлага дийлэнх. Харин сэтгэл судлалын шинжлэх ухаанд өвчин талаас нь хэрхэн харж болох вэ?

-Ганцаардлыг өвчин гэж оношилж ярихаас илүү амьдралын хэв маяг болон тухайн хүний зан төлөвийн байдал нь ганцаардалд өртөх эрсдэлийг нэмэгдүүлэх бай болдог. Энэ байдал өсвөр насны хүүхдүүдийн дунд их тохиолддог. Насанд хүрсэн хойноо нийгмийн харилцаанд ороход үр дагавар нь гарах нь олонтаа. Хүүхэд байх үед нь эцэг эх нь гэрээс гаргадаггүй, олон нийтийн харилцаанд оруулдаггүй, эсвэл амьдралын онцгой хэв маяг, соёл уламжлалаас үүдэлтэйгээр хүүхэд том болоход харилцаан дээр асуудал үүсдэг. Товчхондоо, амьдралынхаа аль нэг үед тусгаарлагдмал байдалд байсан нь ирээдүйд нийгмийн харилцаанд орж чадахгүй, ганцаардал руу хөтлөх нөхцөлийг бүрдүүлдэг.

Бас нэг зүйл хэлбэл, ганцаардалд темпераментийн хэв маяг нөлөөлж байна. Темпераментийн дөрвөн төрөл бий. Холериек, сангвиник, флегматик, меланхолик хэв шинж гэж бий. Меланхолик хүмүүсийн хувьд илүү хөөрөл саатлын процессоор тодорхойлдог. Тархины үйл ажиллагаанд саатал давамгайлсан үйл ажиллагаа байдаг. Гэхдээ энэ нь дорой гэсэн үг биш.

 

Үйл хөдлөл нь удаан, зан үйлийн хувьд илүү мэдрэмтгий, эмзэг, аливаа зүйлийн гүнийг ухаж боддог, утга учрыг хайдаг зан төлөв. Энэ нь өөрөө хүнд сонгомлоор ганцаараа байх нөхцөлд тухтай байдаг. Олон хүний харилцаанд орохоор ядарна. Тиймээс хүчээ нөөхийн тулд харилцаанаас татгалзах шинж чанартай. Энэ тохиолдолд нийгмийн харилцааны ур чадвар дутагдах байдал хавсарвал ганцаардал болдог.

Яг таны хэлснээр ганцаардал өвчин юм аа гээд шууд оношилж, нэрлэх нь өнөөдрийн манай нийгэмд тийм ч таатай зүйл биш болов уу гэж үзэж байна. Өнөөдрийн нийгэмд хүний сэтгэцийн байдлаар нэр хоч өгөх, шүүмжлэх, доромжлох хандлага түлхүү байна. Тэгэхээр өвчин гэж оношлох нь чухал биш. Харин ганцаардал юунаас болоод яагаад үүсэв гэдгийг нийгэмд түгээж өгвөл илүү сайн үр дагавартай. Жишээ нь, ангид таагүй ааштай хүүхэд байлаа гэхэд түүнд нэр хоч өгөн, гадуурхах хандлага бий. Хүүхэд ийм байдлаар нийгмийн харилцаанд орж чадахгүй удаан үргэлжилбэл ганцаардмал нэгэн болж өснө. Тиймээс хүмүүст сэтгэл зүйн мэдлэг мэдээлэл хангалттай сайн түгээгүй, хэрэглээнд сайн ороогүй байгаа учраас бид шалтгаан нөхцөл, түүнээс хамгаалах талаар түлхүү ярих нь зөв болов уу.

-Ганцаардал ямар үр дагаварт хүргэдэг вэ?

-Мэдээж хүн өөрийгөө нийгмээс тусгаарлаад байвал дасан зохицох чадвар буурч эхэлнэ. Хүн гурван байдлаар дасан зохицдог. Амьдралын хэв маягт, орчин нөхцөлд, хүнд дасан зохицох үзэгдэл явагддаг. Ганцаардлын үед үүний аль нэг нь эсвэл гурвуулаа хөгжлийн хувьд зогсох эрсдэлтэй. Дасан зохицох чадвар гэдэг сэтгэл зүйн дархлаатай байх, аливаа зүйлд уян хатан байж асуудлыг давах туулах явдал шүү дээ. Энэ чадварыг л зогсонги байдалд оруулчихдаг.

Нөгөө талаар харилцаанд орохоо багасгаад өөрийгөө ганцаардмал байдлаар таагүй мэдрэмж удаан мэдэрснээр анхаарал төвлөрөх, ой тогтоолт, цаашлаад шийдвэр гаргах чадваруудад нөлөөлж эхэлнэ. Жишээ нь, юм болгоныг хойшлуулдаг, шийдвэр гаргах гэж эргэлздэг, зайлсхийдэг, шийдвэр гаргаж чаддаггүй, өмнөөс нь хэн нэгэн шийдвэрийг нь гаргах байдал руу очно. Бүтээлч байдал гэдэг хүнийг урам зоригтой, сэдэлтэй, идэвхтэй амьдралын үйл ажиллагаанд хөтөлдөг. Гэтэл энэ байдал хаагдаж эхэлдэг.

Зарим тохиолдолд ганцаардлыг сайнаар ашиглах нь бий. Өөрөөр хэлбэл, стрессээ ашигтай хэлбэр рүү шилжүүлдэг. Урлаг руу, спорт руу шилжүүлнэ. Нэг төрлийн сонирхол хоббигоо хөгжүүлэх байдлаар нэг зүйлдээ орж түүнийгээ хөгжүүлж ашигтайгаар ашигласан тохиолдол байна. Гэхдээ хэт туйлшрах хандлагатай. Бусад зүйлээ орхиод нэг зүйл рүүгээ гүн ордог. Энэ үед амьдарлын баланс алдагддаг. Үүнийгээ давуу тал болгоод амжилт гаргасан хүмүүс байдаг. Гэхдээ ямар баланстай байх вэ гэдэг чухал. Амжилтын цаана амьдрал тэнцвэртэй байсан уу гэдэг анхаарах зүйл. Шинэ гайхалтай нээлт хийсэн хүмүүсийн ар гэрийн амьдрал, харилцааны асуудал, гэрлэлт нөхөрлөл маш тодорхойгүй, бүтэлгүй байдаг. Нэг ёсондоо өвдөлтөө даван туулж байгаа нэг хэлбэр. Ганцаардана, гуниглана, таагүй мэдрэмжийг нэг дор мэдэрнэ гэдэг маш хүнд. Бие физиологиор бол маш хүчтэй даралтаар даруулж, өвдөж байгаа хэлбэр гэсэн үг. Тэр өвдөлтийг мэдрэхгүйн тулд мэдээгүйжүүлж байгаа арга хэрэгсэл гэж үзэж болно.

-Өнөөдөр манай нийгэмд ганцаардал ямар байна вэ. Өндөр байна уу, эсвэл бага байдаг юм болов уу?

-Нарийвчилж судалсан зүйл хараахан мэдэхгүй юм. Гэхдээ ажиглагдаж байгаа нэг зүйл бол би Европод амьдарч байгаад Монголд ирсэн. Европын хөгжил өндөр оронд бүх юм ном журмын дагуу байдаг. Харилцаа хүртэл загвар дотор байх ёстой. Тэр загвараас зөрчвөл нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөхгүй болчихдог. Өндөр хөгжилтэй оронд санхүү амьдралын хэв маяг өндөр, нийгмээс авч байгаа стресс бага, бүх зүйл гоё сайхан, хоол хүнснээс, байгалиас авч байгаа мэдрэмж сайхан байгаа хэрнээ яагаад ч юм гуниглах ганцаардах мэдрэмж маш их төрдөг.

Эсрэгээрээ Монголд асуудал ихтэй, өдөр тутмын амьдралын буцалсан байдалд ганцаардах мэдрэмжээ мэдэрч амжихгүй өнгөрөх явдал байдаг юм уу гэмээр. Хүн чинь өөрөө нийгмийн бүтээгдэхүүн учраас нийгэмтэйгээ ямар харилцаатай байгаа вэ гэдэг чухал. Нийгэмд тодорхой хэмжээний байр сурь эзэлж байгаа мэдрэмж маш чухал. Гэр бүл, анги хамт олон, ажил дээрээ, найз нөхдийн хүрээлэл дунд ямар нэгэн сонирхлын бүлэгт байгаа юу гэдэг чухал. Олон бүлэгт харьяалагдаж чухал гэдэг мэдрэмж авч байх тусам ганцаардах эрсдэл буурна. Харин эдгээр харилцаанд асуудал үүсч, өөрийгөө тусгаарлаад эхэлбэл ганцаардал нөхцөлийг нэмэгдүүлж байдаг.

-Хөгшчүүд амьдралын хэв маягаас шалтгаалж ганцаардаж байна, намайг сонсох хүн алга гэж гомдоллох явдал ажиглагддаг. Ер нь ганцаардлаас яаж сэргийлэх вэ, ганцаардсан нэгнээ яаж дэмжиж туслах ёстой вэ?

-Бид заримдаа өдөр тутмын амьдралдаа мэдээлэл солилцохдоо харилцаа үүсгэчихлээ болчихлоо гэж боддог. Хүнд идэвхтэй сонсож өгөх гэдэг маш чухал байдаг. Асуултаа зорилготойгоор сонирхон асуух, хариултыг анхааралтайгаар сонсож өгөх харилцаа дутагдаад байгаагаас би хэн нэгэнтэйгээ холбогдож чадахгүй байна гэдэг мэдрэмжийг авдаг. Эсвэл гэр бүлийн соёл, таагүй харилцаанаас үүдэж нэгнийгээ байнга шүүмжилдэг хүмүүс бий. Хүүхдүүд нь аль хэдийнээ нас биед хүрчихсэн байхад ээж аав нь шүүмжилж, харьцуулж, буруутгах өнгө аястай харьцаад байхаар нөгөө талд хамгаалах өөрийгөө шууд механизм ажиллаж эхэлдэг. Юун нөгөө хүнээ сонсох, анхаарах. Тиймээс энэ тал дээр анхаарах ёстой гэсэн үг.

Өнөөдөр манай нийгэм маш чөлөөтэй болчихсон. Олон жилийн өмнө биднийг анх ажиллаж эхэлж байхад 60, 70 настай үйлчлүүлэгч хоёр жилдээ нэг байсан бол одоо харьцангуй олон болсон нь сайшаалтай. Тэд өөрсдийгөө хөгширсөн гэж бодохгүй, би өөр баймаар байна гэж ирж байгаа хүмүүс нэмэгдсэн. Тэгэхээр дотоодод байгаа асуудлаа өөрсдөө таньж мэдэхгүй байгаа тохиолдолд мэргэжлийн хүнд, мэргэжлийн газарт хандах боломжтой. Үр хүүхэд, эцэг эхчүүд нь зав чөлөө байхгүй, боломжгүй тохиолдолд мэргэжлийн хүнтэй холбож өгөх нь үр дүнтэй.

Өөр нэг чухал зүйлийг онцлоход хүн өөрийн гэсэн сонирхолтой, өөрийгөө хайрлаж сурсан байх хэрэгтэй. Бусдаас хайр анхаарлыг хүсэх биш өөрийгөө анхаардаг, өөртөө цаг гаргадаг болох ёстой. Өөрийгөө бүрэн дүүрэн хайрлаж чадаагүй, өөртөө цаг зориулж сураагүй учраас өөр хэн нэгэн нь дүүргэж өгөх ёстой юм шиг бусдаас маш их хүлээлттэй байдаг. Гэтэл бусад нь ч бас өөр өөрсдийн амьдралтай. Дор хаяж энэ зүйлд суралцсан байх ёстой. Түүнээс гадна хил хязгаарын зааг гэдгийг мэдэх нь чухал. Хүн болгонд тэр хүн нийгэмд хэр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа үгүйгээс өөрийн гэсэн орон зай цаг хугацаа хэрэгтэй байдаг. Жишээ нь, гэртээ хүүхдээ хардаг эмэгтэйг гэртээ л байгаа юм чинь гэдэг байдлаар бүх ажлыг тохох хандлага бий. Ээж аав тэтгэвэртээ гарчихсан юм чинь гээд хүүхэд харах ёстой гэдэг. Хөгшин настай хүн үеийнхээ хүмүүстэй уулзмаар байгаа, ямар нэгэн сонирхлоор холбогдмоор байгаа. Гэтэл тэр зааг хязгаарыг нь эвдчихдэг учраас ааштай ууртай хүмүүс болцгоодог. Хүн бүр өөр өөрийнхөө хил хязгаарыг бариад, надад амьдрах эрх байгаа. Тиймээс өөр өөрсдийн асуудлыг зохицуулъя. Ядаж би долоо хоногийн нэг хоёр өдөр нь, эсвэл өдөртөө хоёр цагийг гаргамаар байна гэдэг хатуу байр суурьтай зогсож байх хэрэгтэй юм. Ингэж чадаагүйгээс болоод хохирогчийн дүрд орсон хүмүүс олон болсон.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *