Categories
гадаад мэдээ

Газын зурвасын барилга байшингийн 50 гаруй хувь нь эвдэрч сүйджээ DNN.mn

Газын зурваст Израилын хүчний ажиллагаа үргэлжилсэн хэвээр байна.

Хүн амын нягтшил ихтэй Газа хотын хорооллууд дунд, тэр дундаа “Аль Шифа” зэрэг дөрвөн ч эмнэлгийн ойр орчимд цохилт өгснөөс өвчтөнүүд, эмнэлгийн алба хаагчид, толгой хоргодож байгаа олон зуун мянган энгийн иргэд туйлын хүнд бэрх нөхцөлд байгаа талаар хэвлэлүүд мэдээлсээр байна.

Түүнээс гадна энэ бүс нутагт ажиллаж байгаа НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолкер Тюркийг Израил улс өөртөө болон Палестиний эзлэгдсэн нутгууд руу нэвтрүүлэхээс татгалзжээ.

Газын зурвасын гол хот Газад эмнэлгийн цогцолборуудын ойр орчмыг пуужингаар харваж, бас газрын тулаан болж байгаагаас хэд хэдэн хүн шархадсан тухай Газын зурвасын ЭМЯ-ны төлөөлөгч “Аль-Жазирад” мэдээлжээ.

Израилын хүчнийхэн “Аль-Шифа” эмнэлгийн дор Хамасын удирдлагын төв болон томоохон хонгилын сүлжээ байдаг гэж мэдэгддэг.

Харин Хамас бүлэг болон эмнэлгийн алба хаагчид энэ мэдээллийг эрс үгүйсгэдэг байна.

Мөн Газын зурваст ажилладаг Индонезийн эмнэлэг орчимд бөмбөгдөлт болсноос эмнэлгийн байр нь эвдрэлд орсон, мөн түлш шатахуунгүй болсноос өчигдөр эмнэлгийн үйл ажиллагаа нь бүрэн зогсоход хүрсэн талаар  эмнэлгийн дарга Атеф Калутын видео мэдэгдлийг “MER-C” групп дамжуулжээ.

Энэ зуур нийт амь үрэгдсэн палестинчуудын тоо 10800-аас давж, тэдгээрийн 4400 гаруй нь хүүхэд байгааг Газын зурвасын ЭМЯ мэдээлсэн.

Израилын талаас амь үрэгдсэн 1400 гаруй, үүний олонх нь аравдугаар сарын 7-ны халдлага дайралтад өртөгсөд, дээрээс нь 240-өөд хүн Хамасын барьцаанд байна гэж мэдээлэв.

Үүний зэрэгцээ Израил-Хамасын хямралын эхний нэг сарын дотор Палестиний ДНБ-ий хэмжээ 4 гаруй хувиар хорогдсоныг НҮБ-ын тайлан мэдээ харууллаа.

Илтгэлийг танилцуулсан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ахлах ажилтан одоогийн дайн хямрал Палестиний эдийн засагт урьд үзэгдээгүй их гарз хохирол учруулж байгааг тэмдэглэжээ.

Мөн Газын зурвасын нийт барилга байшингийн 50 гаруй гаруй хувь нь буюу 40 мянгаад нь Израилын бөмбөгдөлтөд нурж сүйдсэн, нийт хохирол мөнгөн дүнгээр 4 тэрбум орчим долларт хүрсэн гэж Газын зурвасын засаг захиргааны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *