Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хөдөө орон нутагт үргэлжлэн орсон цас хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн. Энэ талаар сурвалжиллаа. Өнгөрсөн өдрүүдэд нөхцөл байдал улс орон даяар ямар байсан талаар ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэгтэй ярилцлаа.
-Өнгөрсөн өдрүүдийн цаснаар орон даяар нөхцөл байдал ямар байв?
-Онцгой байдлын байгууллагаас арваннэгдүгээр сарын 3-6-ны өглөөг хүртэлх хугацаанд 46 техник хэрэгсэлтэйгээр 280 алба хаагч ажилласан. 12 аймгийн 24 суманд үүрэг гүйцэтгэсэн. Нийт ажиллах хугацаанд гал түймрийн дуудлага, цасанд боогдсон, хээр төөрсөн гэх дуудлагууд давамгайлсан. Энэхүү дуудлагуудыг буцаагаад дүгнээд үзэхээр малчид, ард иргэд, тээвэрчид маань цаг агаарын мэдээг анхаарч сонсож, түүндээ дүн шинжилгээ хийгээд холын замд гармаар байна. Малаа хол бэлчээмээргүй байна. Бага насны хүүхдээ малд явуулмааргүй байна. Яг энэ өдрүүдээр отор нүүдэл хийх, хаваржаанаас өвөлжөөндөө буух гэх мэт нүүдэл хийсэн дуудлага мэдээлэл давамгайлсан. Тиймээс малчид, иргэд цаг агаарын мэдээг сонсож дүн шинжилгээ хийгээд, дараа дараагийн үйл ажиллагааг төлөвлөдөг байх шаардлага тулгараад байна. Цаг уур болон мэргэжлийн байгууллагуудаас мэдээллийг цаг алдалгүй шуурхай дамжуулж байгаа. Үүн дээр
мэдээллийн эх сурвалжууд, хэвлэл мэдээллийн бүх байгууллага байнга хамтран ажиллаж, бүх сувгаар дамжуулан, мэдээлж байна. Гэвч иргэд өөрсдийн хайхрамжгүй хэнэггүй байдлаас болж харамсалтай зүйлүүд тохиолдож байна.
-Цахим сүлжээнд арван иргэн осгож нас барсан гэсэн мэдээлэл явж байна лээ?
-Найман хүн амь насаа алдсан гэсэн харамсалтай мэдээлэл байна.
-Малын тоо толгой хорогдсон уу?
-Мал олноор хорогдсон тохиолдол одоогоор бүртгэгдээгүй.
-Зам даваа гүвээнд машин хаагдаж боогдлоо гэсэн дуудлага их байсан уу?
-Улаанбаатар хотын хоёр дүүрэг, найман аймгийн нутагт зам даваа боогдлоо гэдэг нийт 42 дуудлага ирсэн. Эдгээр дуудлагаас 152 иргэний амь насыг авран хамгаалсан. 42 тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагааг Онцгой байдлын алба хаагчид зохион байгуулсан.
-Одоогоор хаалттай зам бий юу?
-Одоо зам хаагдсан зүйл байхгүй. Бүх зорчих хэсгийг нээсэн.
ОБЕГ-аас дээрх мэдээллийг өглөө. Завхан аймагт нөхцөл байдал ямар байгаа талаар Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга Ө.Болдоос тодруулахад “Завхан аймгийн төв цас ихтэй байгаа. Хөдөө орон нутгаар маш их цас орсон.
Одоо дахин шуурах юм бол зудын байдалд орох эрсдэл үүссэн. Өвөлжилт хүндхэн эхэлж байна. Онцгой байдлын газарт машин суусан, төөрсөн, цаснаар мал уруудсан гэх дуудлага их ирсэн. Хүн хохирсон, мал хорогдсон зүйл одоогоор байхгүй” гэв.
Төв аймгийн Эрдэнэсант суманд үргэлжлэн орсон цасны улмаас таван насанд хүрсэн иргэн, нэг хүүхэд цасан шуурганд төөрч, осгож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сарантуяагаас тодрууллаа.
-Танай суманд нэлээд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн мэдээлэлтэй байна. Одоогоор нөхцөл байдал ямар байна вэ?
-Одоогоор сумын нийт нутаг дэвсгэрээр цасан бүрхүүл тогтсон. Цасны зузаан багадаа 34-40 см. Энэ бол хамгийн нийтлэг хэмжээ. Гуу жалга дүүрсэн, баг хоорондын машин техник явдаг замууд бүгд хаагдсан. Хөдөө сумаас төв рүү орж ирдэг замууд бүгд хаагдсан. Иймэрхүү л байдалтай байлаа. Тэр өдөр эхэндээ бороо орсон. Үргэлжлээд цас болсон учраас маш их нягтаршсан, доороо мөстэй болчихсон. Өвөлжилт нэлээд хүндрэх төлөвтэй эхэлж байна.
-Энэ өдрүүдэд дуудлага мэдээлэл их ирсэн үү. Хүний амь эрсэдсэн тохиолдол бүртгэгдсэн байсан?
-Шуурганд төөрлөө, малтайгаа уруудлаа гэсэн 12 иргэний дуудлага мэдээлэл сумын Онцгой комисст ирсэн. Үүнээс насанд хүрсэн таван хүн, нэг хүүхэд нас барсан харамсалтай мэдээлэлтэй байна. Шуурганд осолдож нас барсан.
-Мал хорогдсон талаар мэдээлэл бий юу?
-Одоогоор мал хорогдсон тухай мэдээлэл ирсэн зүйл алга. Намрын шуурганд мал хорогдох нь бага байдаг. Гэхдээ одоо ямар нөхцөл байдалтай байна гэхээр ер нь их олон айл тэрхүү шуурганаар малаа алдсан. Олон ч айл малаа олж, шүүж, бүртгэж амжаагүй байна. Ерөнхийдөө айлууд малынхаа эрэлд их явж байна. Одоогоор мал олон тоогоор хорогдсон, хохирол амссан гэсэн мэдээлэл байхгүй. Өнөөдөр (өчигдөр) сумаас ажлын хэсэг гараад багуудад ажиллаж байна. Тэрхүү мэдээлэл нэгтгэгдэж гарсны дараа хорогдсон малын тоо толгой мэдэгдэх байх. Түүний дараа л хорогдсон малын тоо мэдээлэгдэх болов уу гэж бодож байна.
-Сумын хувьд өвөлжилтийн бэлтгэл байдлаа хэр хангасан бэ?
-Малчин өрхүүд өөрсдийнхөө хэмжээнд малынхаа өвс тэжээлийг бэлтгэсэн. Малчин өрхийн шалгуур үзүүлэлт гэдэг албан даалгаврууд өгөгддөг. Түүнийхээ дагуу бэлтгэлээ хангасан. Өөрсдийнхөө бололцоо, нөөц, хөрөнгө чинээний хэрээр таримал тэжээл, гараар бэлтгэсэн хадлангаа бэлтгэсэн. Манай сум харьцангуй газар тариалан ихтэй учраас тэжээлийн будаа нөөцөлсөн. Ийм л байдалтай өвөлжилтийн бэлтгэлийг хангасан.
-Танай суманд малчин өрх хэд байдаг вэ. Өвөл цаг агаарын байдал хүндэрнэ гэж эхнээсээ мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. Энэ талаар малчин өрхүүдэд сэрэмжлүүлэх байдлаар хэр ажиллаж байгаа вэ?
-Манай суманд 938 малчин өрх байгаа. Мэдээллийн хэрэгслүүдээр малчин өрхүүдэд зориулсан цаг агаарын мэдээ маш их тавигдсан. Тэр мэдээллийг бид боломжийн хэрээр мэдээллийн сувгуудаараа шэйрлээд, тааглаад, түгээж байсан. Өөрсдийн фэйсбүүк хуудас, баг бүрийн иргэдтэйгээ харилцдаг фэйсбүүк группүүдээр тараадаг. Дээрээс нь хурал цуглаан болгоноор мэргэжлийн байгууллагуудын урьдчилсан мэдээлэл ийм байна гэж сануулдаг. Мөн УЦУГ-аас гаргасан албан мэдээллийг иргэдийн гар утсанд масс мессеж хэлбэрээр дамжуулдаг. Дээр нь самбар, үзүүлэн зэргээр мэдээллүүдээ түгээж байсан.
-Тэдгээр 938 малчин өрхөд дараа дараагийн сэрэмжлүүлэг, анхааруулгыг тасралтгүй өгч байна уу?
-Бид цаг агаар урьдчилсан мэдээллүүд дээр үнэлэлт дүгнэлт хийгээд одоо өвөлжилт хүндэрнэ гэдэг нь гарцаагүй боллоо гэдэг дүгнэлтэд хүрсэн. Сумын Онцгой комисс хэд хэдэн удаа хуралдлаа. Нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийж, үнэлгээ өглөө. Ер нь сумын хэмжээнд цасан бүрхүүл тогтчихлоо. Доод цасан бүрхүүл нь нэлээд их хэмжээний цастай тогтчихсон. Тийм учраас өвөлжилт гарцаагүй хүндрэх нөхцөл байдал руугаа орлоо гэдгийг багууддаа сануулж, ажлын хэсэг гарчихсан ажиллаад явж байна.
-Бусад аймаг, сумдын нутгаас отор нүүдлээр ирсэн малчид байсан уу?
-Одоогоор отроор ирсэн малчин байхгүй. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд сумын зарим малчид байнга сумын зах хязгаараар нутаглаж байдаг. Энэ жилийн хувьд зориод отроор ирсэн малчид алга.
-Цас дагтаршсан гэхээр мал цасан доор дарагдсан өвсийг ухаж идэх боломжгүй болчихсон гэсэн үг үү?
-Боломжгүй болсон.
Сумын хэмжээнд нөхцөл байдал ийм байна. Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Өвөрхангай аймгийг зорьж байсан иргэн Б.Баттулга тус сумын нутаг дэвсгэрт цасанд боогдон цааш явах аргагүй болсноо сумын фэйсбүүк группэд нийтлэн тусламж хүсчээ.
Иргэн Б.Баттулгатай холбогдон тухайн үед юу болсон талаар тодрууллаа.
-Та хотоос хэдэн цагт гарч, хэзээ Эрдэнэсант суманд очсон бэ?
-Би Улаанбаатар хотоос өдрийн 13:00 цагийн үед гарсан. 10 км газар маш удаан түгжирч, цасанд боогдсон. Ингээд 3-наас 4-нд шилжих шөнийн 03:00 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд очсон.
-Тухайн үед цасан шуурга болж байсан шүү дээ. Нөхцөл байдал ямар байсан бэ?
-Үзэгдэх орчин тэр чигтээ хязгаарлагдсан. Машины хаалга, цонх онгойлгох боломжгүй болтол цасан шуурга шуурсан. Эрдэнэсант сумын Онцгой байдлын хэлтсээс арга хэмжээ авсан ч тухайн үед цас түрэх ганц л техник хэрэгсэл байсан. Тэр нь цасаа түрж хүчрэхгүй, зам хаасан нөхцөл байдалтай байсан даа.
-Машин дотор болон гадаа температур тэр үед хэдтэй байсан бэ?
-Машин дотор -2 градус байсан. Гадаах цаг агаарын мэдээлэл худлаа заагаад, аль нь үнэн эсэхийг мэдэх боломж гараагүй. Гадаа 10 секунд зогсоход л гар хайрч, чих халуу дүүгэж байсан.
-Таныг тус сумын фэйсбүүк группэд тусламж хүссэн пост бичихэд хүмүүс тусалсан уу?
-Эрдэнэсант сумын нэг иргэн манайд ирээд хоночих гэж бичсэн. Даанч очих ямар ч боломж байгаагүй. Бас нэг хүн хоол цай дөхүүлээд өгье гэсэн ч хашааны хаалгаа онгойлгож чадахааргүй тийм их цас нөмөрсөн байсан.
6 replies on “ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Өвөлжилт хүндхэн эхэлж байна гэв DNN.mn”
Чтобы быстро войти в казино, 1xslots скачать на андроид — это надёжное решение.
Для уверенного старта активируйте промокод на лаки джет и получите бонус.
Теперь ставки на спорт стали ещё проще — просто скачайте приложение БК и начните выигрывать
Скачать Lucky jet и начните свою удачу прямо сейчас.
Play premium casino games on 888Starz Pakistan and use promo code 888LEGAL.
Aprovecha grandes bonos con 1xslots codigo promocional y maximiza tus apuestas.