Categories
мэдээ улс-төр

Эрхэм гишүүд ээ, бүгдээрээ хожъё DNN.mn

 

НӨАТ-ын буцаан ол­голтын хоёр хувийг таван хувь болгоно, болгохгүй гэх маргаан олон нийтийн анхаарлын төвд байна. УИХ иргэдийн саналыг цахимаар хүлээн авах “Д-өргөдөл” плат­форм нэвтрүүлж, эхний нийтийн өргөдөл долоо хүрэхгүй хоногийн дотор 100 мянган дэмжлэг авч орхив. Энэ нь өнөөдөр бидний маргаад байгаа НӨАТ-ын буцаан олголтын тухай юм. Товчхондоо, иргэд, аж ахуйн нэгжүүдийн олон жил ярьж байгаа  санаачилга.  Үүнийгээ ч тэд дэмжсэн. Гэвч Засгийн газрын нэр бүхий сайд нар тэргүүтэй УИХ-ын зарим ги­шүүд илтэд эсэргүүцэж буй.

Сонгууль дөхсөн попрол гэж нэг талаас даапаалж байгаа ч 100 мянган хүний саналыг үл тоолоо, иргэдээ сонсоогүй түшээдэд санал өгөхгүй зэрэг уриалгууд ч давхар явж харагдана. Энэ бүхнийг хойш тавиад бодит тооцоонд үндэслэн харах гээд үзье.

Иргэд, ААН-үүд, УИХ-ын даргатайгаа эсрэгцээд байгаа Сангийн яамныхны албан,  албан бус, ам дамж­сан олон шалтаг, тайл­баруудаас эхлээд тоймлоё.

Нэгд, НӨАТ-ын иргэдийн урамшууллын буцаан ол­голтын хэмжээг 50 хувь бол­гон нэмэгдүүлэх нь дундаж давхаргыг бус цөөн тооны өндөр хэрэглээтэй чинээлэг иргэдийг дэмжсэн үр дүнгүй бодлого. Буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлэхэд тө­сөвт 600 тэрбум төгрөг шаардлагатай боловч энэ эх үүсвэрийн 50 хувийг хамгийн өндөр орлоготой 10 хувь л хүртэх юм.

Хоёрт, НӨАТ нь эдийн засгийн аль ч хямралын үед эдийн  засаг,  төсвийн  хамгийн тогтвортой найдвартай эх үүсвэр байдаг. Иймд НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг нэмэх нь эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг алдагдуулах, өрийн дарамтыг нэмэгдүүлэх цааш­лаад гадаад өрийн дефолтод орох ноцтой үр дагавартай.

Гуравт, Бүх төрлийн И-баримт өгдөггүй далд эдийн засгийн хамрагдалтыг нэмэх зорилт туссан.

Татварын орлого 23.9 хувиар өсч байхад бид НӨАТ дээр далд эдийн засгаа бууруулж И-баримтаа нэмэг­дүүлж хамрагдалтыг нэмэгдүүлнэ гэдгээ тооцоолж 34 хувиар нэмж тооцсон” гэсэн гурван агуулгаар л Сангийн сайд Б.Жавхлан еөрнхийдөө тайлбарлаж буй. Тэрбээр УИХ-ын чуулган дээр “НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх ямар ч боломжгүй. Сонгууль дөхсөн хийрхэл” гэж хүртэл чанга дуугараад амжсан. Нэг талаас төсвөө зоригтой хамгаалж байгаа үйлдэлд нь баяр хүргэмээр.

Гэхдээ…

Энэ бүх шалтгаан үндэс­лэл­­тэй юу.

Нэгд, Засгийн газрын гишүүд 2021 оны тавдугаар сард Төрийн ордонд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзах үеэр Сангийн сайд Б.Жавхлан “…Том татвар тө­лөгчдөө яаж дэмжих вэ гэвэл татвар, мөнгөний бодлогын орчин тогтвортой байна, төр зээлжих зэрэглэлээ сайж­руу­лах үүрэгтэй…” гэсан агуул­­гыг ярьж байв. Харин өнөөдөр тэрбээр том татвар төлөгч­дөө “…Цөөн тооны өндөр хэрэг­лээтэй чинээлэг иргэдийг дэмжсэн үр дүнгүй бодлого” гэж тодорхойлж байгаа нь маш ноцтой тайл­бар. Улсын төсвийн гол орлого татвар мөн. Татварын хувь хэмжээ багасах, татвар төлөгчид цөөрөх маш аюултай. Тэр утгаараа татвар төлөгчдийг их, бага гэж ялгаварлах нь зохимжгүй үйлдэл. Ялангуяа том татвар төлөгчдөө “…Баян чинээлэг” хэмээн матаж буй үйлдэл төрийн сайд хүнд байх ёсгүй юм. Нөгөө талаар НӨАТ-ын урамшууллын буцаан олголт гэдэг бол татвар төлөгчид урамшуулалд багахан хувийг буцааж авч байгаа л явдал. Их татвар төлбөл их урамшуулал авна, бага төлбөл багыг л авна. Хэний ч бодоод ойлгочих энгийн тооцоолол. Улсад их татвар төлсөн иргэн, ААН түүндээ тохирсон урамшуулал авахад юу нь буруу байна вэ. Баялаг бүтээгчид, хөрөнгөтэй нэгнээ үзэн ядах сэтгэлгээг төрийн түшээ хүн дэвэргэж болохгүй юм.

Хоёрт, НӨАТ бол төсвийн тогтвортой байдлыг хангах хэрэгсэл огт биш ээ. Төсөв хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үүнийг маш тодорхой сануулж, үрэн таран хийчихээд байгаа Төсвийн тогтвортой байдлын сангаа зориулалтын дагуу ашиглах ёстой болохоос иргэдийн татвараар төсвөө нөхөж болохгүйг Сангийн сайдад сануулаад амжсан. Үүнээс гадна НӨАТ-ын урамшууллын хувийг далд эдийн засагтай холбож буй. Сангийн сайд өөрөө ч “…НӨАТ-аар дамжуулж далд эдийн засаг руу орох гэсэн эрсдэлтэй хэсгийг бага ч гэсэн хумьж байгаа нь жил ирэх тусам хүрээгээ тэлнэ. Тэр хэмжээгээр далд эдийн засгийн хэмжээ буурч байна” гэж хэлж байсан удаатай. Зөв өө. НӨАТ-ын хуулийг баталсан зорилго ерөөсөө л энэ. Үүргээ ч биелүүлж буй. Гэхдээ хуулийн хэрэгжилтийг чамбайруулснаар төсөвт нэмэлтээр олж болох орлогын дүнг тэр мартав уу. Тэгээд ч төсвийн ачааг НӨАТ-аа шударгаар төлөгчид нуруундаа үүрч буй нь зөв гэж үү.

Гуравт, УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын Төс­­вийн байнгын хорооны өнгөрсөн лхагва гаригийн хурал­даан мэдээлэл хийхдээ “Монголбанк, Үндэсний статис­тикийн хороо зэрэг холбог­дох байгууллагууд тооцоо, судалгаа хийсэн. НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, сайжруулснаар тө­сөвт төвлөрөх орлогыг нэмэг­­дүүлэх боломжтой гэсэн үндэслэлийг дээрх бай­­гуул­лагууд холбогдох олон улсын зөвшөөрөгдсөн аргачлалаар тооцон ирүүлсэн. Уг тооцооллоор хуулийн хэрэг­жилт сайжирч, холбогдох арга хэмжээнүүдийг авснаар төсвийн орлого  534-635 тэр­­бум төгрөгөөр нэмэгдэх боломж­той. Мөн буцаан ол­голтыг нэмэгдүүлснээр ир­гэдийн орол­цоотойгоор татварын орчин дахь хууль зөрчсөн, шударга бус үйлд­лийг ил­рүүлэх, авлигатай тэмцэх асуудалд эерэг нөлөө гарна. Одоогоор татвараас  зайлсхийх асуудлаар улсын  хэмжээнд 620 хэрэг шал­гагдаж байна” гэжээ. Сангийн яам зөвхөн зардал яриад буй ч орлого ярихгүй байгаа нь хачирхалтай. Зарим судал­гаагаар ДНБ-ий  20 хувьд хүрсэн гэгдэх далд эдийн засагт хэдэн төгрөг эргэлдэж байгааг эрхэм Сангийн сайд маань мэдэх болов уу.

Өөр нэг сонин тооцооллыг хуваалцъя. НӨАТ бол ямар ч нөхцөлд автоматаар Улсын төсөв руу 10 хувь нь шилжиж байдаг тогтолцоо. Харин эргээд яг тэр тооцоолол, бараа бүтээгдэхүүн бүрээр хоёр хувийн урамшууллаа иргэд авдаг уу гэвэл ҮГҮЙ. Энд маш том алдагдал, иргэдийн бухимдлын гогцоо бий гэж хэлж болно. 2022 онд Монгол Улс 3.9 их наяд төгрөгийн НӨАТ-ын орлого төсөвтөө бүрдүүлжээ. Үүнээс 261 тэрбум төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтын урамшуулалд өгсөн байна. 261 тэрбум төгрөг нь 3.9 их наяд төгрөгийн 6.7 хувь. Үлдсэн 93.3 хувь нь улсын төсөвтөө үлдсэн. Төсөв талаасаа 20 хувь буцаагаад иргэдэд урамшуулалд гарч байгаа биш, 6.7 хувь л гарч байгаа гэсэн үг. Хэрэв НӨАТ-ын буцаан олголт таван хувь байсан бол 652.5 тэрбум төгрөг буюу 16.7 хувь болох байсан. Өөрөөр хэлбэл, 83.3 хувь нь төсөвтөө үлдэнэ. НӨАТ-ын иргэдэд урамшуулал болгон өгөх буцаан олголтыг таван хувь болгохоор НӨАТ-ын орлогын 50 хувиа алдана гэж айлгаж байгаа нь өөрөө буруу юм. Одоо ч 20 хувиа буцаагаад өгч байгаа гэж байгаа ч төсөв талаасаа 6.7 хувийг  л өгч байгааг ийм хялбархан тооцож болно. Үлдсэн 13.3 хувийг ААН, компаниудын төлсөн НӨАТ-тай холбоотой бөгөөд тэд энэ урамшууллыг авдаггүй хэмээн уг санаачилгыг анхлан гаргасан талуудын нэг болох СЕО клубийн ерөнхийлөгч Б.Гантулга хэвлэлд тайлбар­ласан байна.

Дахиад нэг тооцоо, судалгаа. 2022 оны байдлаар 1.1 сая иргэн буюу насанд хүрсэн иргэдийн дөнгөж 48.6 хувь нь И-баримтад  бүрт­гүүлсэн. Улаанбаатар хотын 15 худалдааны төвийн 279 цэгээс авсан тандан судал­гаа­гаар худалдаа эрх­лэгчдийн 53.0 хувь нь И-баримт өгдөг байна. Тэгэхдээ И-баримтыг зөвхөн иргэд шаардсан тохиолдолд, эсвэл үнийн дүн өндөртэй бараанд л ихэвчлэн өгч байгаа нь  тогтоогджээ.  Харин   хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 34.9 хувь нь И-баримтад бүрт­гүүлсэн  байдаг аж. 50 сая төгрөгөөс дээш бор­луулалт­тай, НӨАТ төлөгч биш 4292 хувиа­раа хөдөлмөр эрхлэгч байгаа бө­гөөд тэдний нийт борлуулалт 2022 онд 1.9 их наяд төгрөг байна. 50 сая төгрөгөөс дээш борлуулалттай 5.4 мянган  аж ахуйн нэгж НӨАТ төлөгч биш байна. Тэдний нийт борлуулалт 2022 онд 2.5 их наяд төгрөгт хүрсэн байна. НӨАТ-ын буцаан ол­голтыг нэмэгдүүлснээр тат­варын системд бүртгүүлсэн ч төлөөгүй байгаа эдгээр 4.4 их наядын орлогод татвар тооцох боломж бүрдэнэ гэж үздэг. НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын хувь хэмжээ бага байгаа нь далд эдийн засагтай холбогдож байгаа шалтгааны гол тайлбар ердөө л энэ. Урамшууллын  хувь хоёроос тав руу шилжих нь төсөвт ирэх дарамт тийм ч хүнд биш. Харин эсрэгээрээ далд эдийн засгийг хумьж, татварын орлого их наядаар нэмэгдэх гарц шийдэл харагдаж байна. Бидэнд гарц, шийдэл хангалттай байна Эрхэм гишүүд ээ.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны лхагва гаригийн хуралдаанаар НӨАТ-ын бу­цаан олголтын хоёр хувийг таван хувь болгож нэмэгдүүлэх талаар нийтийн өргөдлийг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн гишүүд далд эдийн засгийн дээрх тооцоолол дээр тогтож харах ёстой.

Үүнээс гадна Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын урамшуулал таван хувь бол­бол 600 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдана гэж буй. МҮХАҮТ-ын ерөн­хийлөгч Д.Энхтүвшин “Бодит тооцоолол 600 тэрбум биш 400 тэрбумын эх үүсвэр шаардагдана. НӨАТ-ын татварыг жигд төлье. Зарим нь төлөөд зарим нь төлдөггүй байж болохгүй. Төлөхгүй хэсгээс авч байгаа ажил үйлчилгээ бизнесүүдийн хувьд зардал болдог. Энэ утгаараа жигд төлдөг болъё” гэсэн нь татвар төлөгчдийн зүгээс тавих л шаардлагын нэг. Энэ тухай УИХ-ын ги­шүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “НӨАТ-ын буцаан олголтыг нэмэг­дүүлэхэд Сангийн яам 600  гаруй тэрбум шаардлагатай гэсэн бол Худалдаа аж үйлд­вэрийн танхимынхан 400 гаруй тэрбум гэсэн тоо хэлсэн. Ингэж 200 тэрбумын зөрүү гаргаж болохгүй. Тооцоо тодорхой бус байна. Аж  ахуйн нэгжийнхэндээ илүү итгэж байна. Яагаад вэ гэвэл тэд өөрийнхөө мөнгийг тоолж байна шүү дээ. Тиймээс бодит, тооцоо судалгааг гаргахын тулд хэлэлцэх ёстой” гэснийг орхиж болохгүй юм.

Харин  энэ нэмэлт  үүс­вэрийг хэрхэн олох талаар УИХ-ын гишүүн,  Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр “Татварын үндсэн зарчим тэгш шударга байх ёстой. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр 615 тэрбум олох хэцүү гээд байна. Энэ үгүй юм. 2022 онд Авлигатай тэмцэх газар төсөвт 2.3 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн. Уул уурхайн биржийн тухай хуулийг батал­сан. Нүүрс, төмрийн хүдрийг зарж орлого олсон. Одоо зэ­сээ худалдах хэрэгтэй. Зэс тойрсон шимэгчдийг болиу­лах хэрэгтэй. Зэсийг худалдвал их наядаар орлого нэмэгдэх магадлалтай. Бидэнд боломж байна. Зохицуулалтай төртэй улс орон хөгжиж байна. Бид ядаж төсвөө алдагдалгүй батлах хэрэгтэй. Зардлаа хэм­нэх хэрэгтэй. Энэ мэт олон хэмнэлтээс 615 тэрбум бай­тугайг олно. 100 мянган хүн са­нал өгнө гэдэг асуудал байна гэсэн үг учраас УИХ хэлэлцэх ёстой” гэжээ. Энэ бол байж болох хувилбаруудын нэг юм.

Үүнээс харахад НӨАТ-ын урамшууллын хувийг нэмэг­дүүлэх нь чинээлэг хэсэг бүл­гийг тэтгэсэн явдал гэдэг ойлголт  байх  боломжгүй.  Урам­шууллын хувийг нэмэгдүүлэх нь далд эдийн засгийг хумих том хөшүүрэг гэдэг нь тооцоо судалгаатайгаа гараад ирж байна. Эх үүсвэрийн хувьд шийдвэрлэх боломж Сангийн яам, Засгийн газар, УИХ-д бүрэн нээлттэй. Яг үнэндээ сонгуульд зориулсан усалгааг татвар төлснийхөө хэрээр авах гэж байгаа иргэдийн урамшууллаас илүү 2024 оны төсвөөс суга татаад гаргаад ирж болно. Сонгуулиас хоёр­хон сарын өмнө төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувиар нэмэх, 21 аймагт тэнгэр, га­зар шиг ялгаатай хөрөнгө оруулалтын төсвүүд баталсан гээд л ярих боломжтой. Ерөө­сөө энэ бүхэн зөв эдийн засгийн тогтолцоо биш гэдгийг Б.Жавхлан сайд хамгийн сайн мэдэж байгаа. Ерөөсөө НӨАТ тойрсон энэ асуудалд бодит байдал дээр нэмэхээс аргагүй нөхцөлд байгаа нь харагдаж байна. Цаг хугацаа тулсан үед улсын төсвийг задлах амаргүй ч үр дагавар нь олон нийтийн, ард түмний төлөө, татварын шударга  тогтолцоог  бүрдүүлэх, далд эдийн засгийг бууруулах ач холбогдол илүү өндөр байгааг албаныхан өнгөр­­­сөн  хуга­цаанд  хангалттай ойл­госон болов уу.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Мөн 16 дугаар зүйлийн 12-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэр­лүүлэх эрхтэй. Төрийн бай­гууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлд Үндсэн хуульд заасан энэхүү засаглах эрхээ ард түмэн эдлэхдээ “…тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ УИХ-ын албан ёсны программ хангамжаар дамжуулан хэрэгжүүлж бол­но” гэж заасан. Энэ бол өнөөд­рийн парламентын ги­шүүдийн батлалцсан, дагаж мөрддөг хуулиуд. Монголын ард түмэн эдгээр эрхээ эдэлж, саналаа өглөө. Тэр ут­гаараа УИХ-ын гишүүдийн хувьд анхаарах, дэмжих том агуулга юм. Сонгогчид бэлэн мөнгө, халамж хүссэнгүй. Тэд татварын шударга орчин бүрдүүлэхийг, төлсөн тат­варынхаа хэмжээгээр урам­шуулал авах эрхээ эдлэхийг л хүслээ. Өнөөдрийн ард түмний нуруун дээр энэ улсын эдийн засгийн хүндрэл, татварын олон дарамт, үнийн дарамтууд явж буй. Угтаа чөлөөт эдийн засагтай, улс төрийн  чадварлаг хүчинтэй улс орны ард түмэн нуруу тэнэгэр, ажлын байртай, боломжийн орлоготой, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гагцхүү тэр эрхүүдийг өнөөдрийн төр засаг, УИХ-ын гишүүд, Засгийн газар хангах үүргийг хүлээн сонгогдсон. Тиймээс өнөөдрийн ард түм­­­ний дуу хоолой, итгэл тээн илгээсэн цахим санал асуул­гад парламентын гишүүд ч, Засгийн газрын гишүүд ч санаачилгатай, шийдэлтэй оролцох нь тэдний үүрэг юм. Эрхэм гишүүд ээ, бүгдээрээ хожъё л доо.

Б.ЗАЯА

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *