Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Ганбаатар: Шатахууны тасралт, нөөцийн асуудлыг шийдэхийн тулд Монгол Улс өөрөө энэ хэрэглээгээ хангадаг болох хэрэгтэй DNN.mn

УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас түлш, шатахууны асуудлаар тодрууллаа.

-Шатахуун борлуулалт, түгээлтийн асуудал үе үе гарч ирэх боллоо. Одоо зарим түгээгүүрүүд шатахуун өгөхгүй байна. Яагаад ийм асуудал болоод байдаг юм бэ. Нөөц хангалттай байгаа гэж мэдээлдэг шүү дээ?

-Энэ удаагийн үүсээд байгаа асуудал нөөцөөс шалтгаалаагүй. Ер нь шатахууны асуудал нөөцөөс огт болдоггүй. Шатахууны нөөцийг зургаан сар эсвэл бүр жилээр нь хадгалах боломжгүй. Учир нь бүтээгдэхүүний чанараас хамаарч хоёр сараас илүү хугацаанд хадгалах боломж байдаггүй. Урт хугацаанд хадгалах цаашлаад нөөцийн асуудал үүсгэхгүйн тулд Монгол Улс өөрөө шатахуунаа үйлдвэрлэх, боловсруулах шаардлагатай.

-Зарим колонкууд шатахуун өгөхгүй байхад зарим нь өгөөд байгаа нь ямар учиртай юм бэ?

-ОХУ-ын Засгийн газрын тогтоол сая гарсан, та бүхэн мэдэж байгаа байх. Тэр үеэр манай улс руу бараг хорь хоног ачилт огт хийгдээгүй байсан. Үүнээс болоод түлш, шатахууны салбарт үнэхээр шок үүссэн нь үнэн. Гэхдээ бид үүнд эмзэглээд байх хэрэггүй. Ганцхан Монгол Улс энэхүү хоригт орчихоогүй шүү дээ. Харин ч бид энэ шокноос бага багаар гарч байгаа. Өнгөрсөн сарын эхээр ОХУ хориг тавьсан. Тэр цагаас хойш өдийг хүртэл Монгол Улс АИ-92 бензинийг 36 мянган тонныг импортоор авчихаад байна. Манай улсын нийт хэрэглээ хамгийн ихдээ гэхэд 53 мянган тонн байдаг. Сарын хэрэглээ гэсэн үг. Тэгэхээр 36 мянган тонн ороод ирчихсэн байгаа. Тэгэхээр хойноос бензин түлшний хувьд байнга ачигдан импортлогдож байна. Тийм учраас ойрын өдрүүдэд бензиний асуудал 100 хувь жигдэрчихнэ гэж баттай хэлье. Колонк болгон яагаад адилгүй байгааг би мэдэхгүй байна. Ямартай ч нийлүүлэлтэд асуудал огт байхгүй. Харин баруун талаар орж ирдэг бензин, шатахууны урсгал түр хугацаанд хаагдчихсан байгаа. Тэр утгаараа энэ бас ерөнхийдөө нөлөөлж байх шиг байна. Хаагдчихсан гээд бидний хувьд ямартай ч зүгээр суугаагүй. Ажиллаж байгаа. Бидний хувьд баруун талын урсгалыг нээж өгөх хүсэлтийг ОХУ-ын талд байнга л тавьж байна. Удахгүй нааштай шийдэл гарч ирнэ гэдэгт итгэлтэй байгаа

-Бензин гэхээс илүү түлшний хомсдол манай улсад хаа сайгүй үргэлжилж байх шиг байна. Газар тариалангийн бүсэд ч дутагдалтай байгааг тариаланчид хэлж байна. Түлшний хомсдолыг яаж зохицуулахаар байгаа вэ?

-түлшний хувьд охУ хориг тавьснаас хойш өдийг хүртэл 44 мянган тонн манай улсад орж ирчихээд байгаа. тэгэхээр мөн адил нийлүүлэлтийн хувьд ямар ч асуудал байхгүй. Гэхдээ нэг асуудал байгаа юм. Тэр нь энэ арав, арваннэгдүгээр саруудад түлшний шилжилт хийгддэг. Өөрөөр хэлбэл зуны түлшнээс өвлийнх рүү шилждэг гэсэн үг. энэ шилжилтийн процесс нь өөрөө олон асуудлыг үүсгэдэг. Учир түлшийг нөөцлөж болдоггүй. эсвэл өвлийн түлшийг урьдчилаад оруулаад ирэх боломжгүй байдаг. тэгэхээр яг өдийд нийлүүлэлтээс бус шилжилтийн хөдөлгөөнөөс хамаараад асуудал бий болоод байгаа юм. Гэх мэт олон бэрхшээл бий. Гэхдээ ирэх жилээс төр ядаж өөрөө хадгалаад авчихдаг савтай болох шаардлагатай байгаа юм. Ядаж бид түлш, шатахуунаа гуч биш тавь хоног хадгалдаг болчихмоор байна.

-Түлшний үнийн хувьд харьцангуй өндөр байгаа. Энэ нь мэдээж эдийн засагт том дарамт болж байна. Иргэдийн амьжиргаа, үнийн өсөлтөд ч нөлөөлж байна. Түлшний үнийг бууруулах боломж юу байна. Уг нь энэ сард тодорхой хэмжээгээр буурна гэж байсан шүү дээ?

-Үнийн хувьд саяхнаас колонкууд 200 төгрөгөөр л нэмсэн байна лээ. Бөөнөөр нь авч байгаа газрууд, салбарууд бас бий. Тухайлбал, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарынхан бөөнөөр нь шууд авчихдаг. үүнээс болоод үнийн хөөрөгдөл явж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнд бид оролцох ямар ч боломжгүй. Учир нь энэ бол хувийн хэвшил. Хувийн хэвшлүүдийн хоорондох харилцаанд төр оролцох нь өөрөө хууль бус. тиймээс бид өөр гарц шийдэл л хайх шаардлагатай гэж бодож байна. үнэ буурах асуудлыг та бүхэн өөрсдөө нэг хараарай. Есдүгээр сард дэлхийд биржийн үнэ ямар байж гэдгийг хар. одоо үнэнд нөлөөлнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид түлшнийг зах зээлийнх нь үнээр л авч байгаа. Аи-92 шиг гэрээ байгуулсан зүйл байхгүй. Аи-92-ын үнийн гэрээ ирэх жил дуусна.

-Шатахуун түгээж байгаа компаниуд үгсэн нийлж, зориуд үнээ өсгөхийн тулд хомсдол бий болгож байгаа юу. Ийм байх боломжтой юу?

-Тэгэх ямар ч боломжгүй. тийм зүйл байхгүй. зарим колонкуудын өдрийн хангалтаа авахын тулд хоёр удаагийн таталт хийгддэг. Уг нь өмнө нэг удаагийн таталтаар өдрийнхөө хангалтыг болгочихдог байсан. харин одоо хоёроос дээш удаа таталтаа хийж байна. тэгэхээр ингэж ажиллах колонк тийм ч их биш. нэг удаагийн таталт хийгдэнэ гэдэг цаанаа тухайн колонкод асар их зардалтай байгааг бид ойлгох хэрэгтэй. иймэрхүү асуудлаас болоод колонк болгоны түгээлт борлуулалт өөр өөр байгаа юм.

-Шатахуун түлшний хомсдол бий болгохгүйн тулд Монгол Улс өөрөө дотоодынхоо хэрэглээг хангах шаардлагатай гэж хэллээ. Тэр утгаараа нөгөө газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил юу болж байгаа вэ. Энэ асуудал дээр салбар хариуцсан сайдын хувьд та ямар тайлбар өгөх вэ?

-Төлөвлөгөөгөөрөө бол 2027 он гэхэд монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болно гэж байгаа. миний хувьд энэ төлөвлөгөөт хугацаандаа багтчих болов уу гэж ойлгож байна. Газрын тосны үйлдвэрлэлийн хувьд “эрдэнэс таван толгой” ххК-д харьяалагдах болсон. Тэгэхээр энэ асуудал дээр төрийн зүгээс бүх бодлогын шийдвэрүүдээ гаргачихсан гэж ойлгох хэрэгтэй. зөвхөн бизнесийн ажил л үлдэж байгаа юм. уг асуудлыг “Эрдэнэс Таван толгой”-н удирдлагуудаас л сайн асуух шаардлагатай болов уу.

Яамны хувьд бизнесийн ажилд учиргүй оролцох нь хаашаа юм, тийм үү. Энэ бол цэвэр компанийн удирдлагын ажил байгаа шүү. бодлогыг нь төр хангалттай гаргачихсан, шийдчихсэн.

Э.МӨНХТҮВШИН

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *