Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн тэмцээнд энэ сарын эхээр эхлэх тов гараад байсан ч сагсныхан хоорондоо хагарч гурван хэсэг болоодохлоо. Сагсан бөмбөгийн дээд лигийн багийн эзэд холбооны удирдлагуудад дараах шаардлагыг хүргүүлснээр тэдний хооронд ан цав суусан юм. Уг шаардлагын агуулга нь сагсан бөмбөгийн дээд лигийн багууд олон жилийн турш багийн эзэн хөрөнгө оруулагчдын дэмжлэгээр оршин тогтнож өдий хүрсэн. Өнөөдрийг хүртэл сагсан бөмбөгийн хөгжлийг дэлхийн түвшинд гаргахын тулд хөрөнгө мөнгө зарцуулсаар явна. Гэвч зардал огцом өсч, улиралд нэг баг 1-2 тэрбум төгрөг зарцуулж, багийн эздэд эргэн төлөгдөхгүй байгаа нь асуудал үүсгэж эхэлсэн байна.Өөрөөр хэлбэл лигийн тоглолтын борлуулалтын орлогын 30 хувийг МСБХ, 70 хувийг “UG arena” авч, багууд тамирчдад огт хуваарилдаггүй байна. Тиймээс цаашид тоглолтын орлогын 25 хувийг багийн эзэн хөрөнгө оруулагчдын холбоонд хуваарилах, тоглолтын шууд дамжуулалт дундуур спонсор байгууллагын сурталчилгааны цаг олгох, багийн эздэд тусад нь суудал гаргаж өгөх, зэрэг найман шаардлага хүргүүлсэн юм. Уг шаардлагыг хүлээж авахгүй тохиолдолд МСБХ-ны лигийн тэмцээнд оролцох боломжгүй гэх байр суурийг “Дархан Гарьд”, “Завхан Бродерс”, “IHC Apes”, “Архангай Алтан Дорнод Монгол”, “Тэнүүн Өлзий Металл” багуудын зүгээс онцолсон юм.
Хариуд Монголын сагсан бөмбөгийн холбооны зүгээс дээрх шаардлагын хүлээж авах ямар ч боломжгүйг онцлоод дээд лигийн тэмцээнд оролцох эсэх нь та нарын асуудал” гэх байр суурийг илэрхийлсэн юм. Энэ бүхний сүүлд “BCHGarid”, “Завхан Бродерс”, “IHC Apes”, “Архангай Алтан дорнод Монгол”, “Тэнүүн Өлзий металл” багууд Спортын төв ордонд тусдаа лиг хийхээ багийн эзэд мэдэгдсэн байдаг.
Багийн эздийн холбооны төлөөлөл дараах байр суурийг илэрхийлж байна.
“IHC Apes” багийн үүсгэн байгуулагч О.Мөнхжин “Наймхан багтай хоёр тойрог тоглодог лиг өөр хаана ч байхгүй. Дээд лигийн багууд гаднаас өндөр зэрэглэлийн дасгалжуулагч урьж ажилладаг. Тэд маань лигийн хуваарийг хараад нүд нь орой дээрээ гарсан. Лигийн хуваарь нь арваннэгдүгээр сард шахаж тоглоно. Ингээд формдоо ороход нь шууд бүтэн сар амраагаад нэгдүгээр сараас дахиад шахаад эхэлнэ. Ингээд дахин амарна. Тоглогч нараар тоглосон ийм тоглоомын байж болохгүй. Үүнээс гадна бид багтаа бага биш хэмжээний хөрөнгө оруулдаг ч өөрсдөө 100 мянган төгрөгөөр билет худалдаж авч тоглолтоо үздэг. Багийн эздийн зүгээс харилцан ойлголцоод зөвшилцөөд явах л шаардлага хүргүүлсэн. Гэтэл хүлээн зөвшөөрөөгүй. Энэ янзаараа цаашдаа явахад дээд лигийн багууд оршин тогтнох боломжгүй болно. Өнөөдрийг хүртэл босгосон хөгжил яг энэ хүрээд зогсоно. Сагсан бөмбөг энэ хүртэл багийн эзэн, хөрөнгө оруулагчдын л нуруунд явж ирсэн” гэв.
“Завхан Бродерс” багийн үүсгэн байгуулагч О.Дагвадорж “Сагсан бөмбөг өндөр хөгжсөн орноос дасгалжуулагч урьж авчрах нь сагсан бөмбөгийн хөгжлийг шинэ түвшинд гаргадаг. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлын тухайд хэлэхэд сагсан бөмбөгийн хөгжөөн дэмжигч, багууд, хөрөнгө оруулагчдыг үл ойшоож хэн ч байсан лигийг зохион байгуулна л гэх байр суурийг холбоо илэрхийлж байна. Багийн ард нь эмч, сэтгэлзүйчээс авхуулаад олон арван хүн ажилладаг. Сагсны холбооны зүгээс үүнийг үл ойшоолоо. Өнөөдөр биднийг гарцаагүй нөхцөл байдалд орууллаа. Эндээс шинэ улирлыг хүлээж буй тамирчид, үзэгчид хохирч байна” гэв. Багийн эздийн зүгээс ийм байр суурийг илэрхийлж байна.
Харин Монголын сагсан бөмбөгийн холбооны байр суурийг авахаар хандсан ч тодорхой мэдээлэл өгсөнгүй. Талууд зөвшилцөлд хүрээгүй тул “UG Arena” болон Спортын төв ордонд хоёр өөр лиг зохион байгуулахад хүрсэн юм. Яг ийм сагсан бөмбөгийн тамирчдын холбооны зүгээс дараах байр суурийг илэрхийлж байна.
Монголын сагсан бөмбөгийн тамирчдын “Ирээдүй” холбооны гишүүн Г.Баттөр “Олон нийтийн сүлжээнд гарснаар сүүлийн 11 хоногийн хугацаанд МСБХ болон Багийн эзэд хоорондын үл ойлголцлын асуудалд Үндэсний дээд лигийн тамирчид нэгдсэн нэг байр суурьтай байгаа. Үндэсний дээд лиг арваннэгдүгээр сарын 3-нд эхэлнэ.
Дээрх хоёр холбоо бие биедээ тавьсан шаардлагаа биелүүлэхгүй байгаагийн улмаас Үндэсний дээд лигийн таван багийн 70 гаруй тамирчин удахгүй эхлэх лигтээ тоглох боломжгүй болоод байна.
Нийт тамирчны зүгээс нэгдсэн нэг л лигт тоглох албан ёсны байр суурьтай байгаагаа мэдэгдэж байна. Тамирчдын холбооноос дээрх хоёр холбоотой уулзаж хүсэлтээ тавьсан. Бид аль нэг холбооны талд орохгүй. Үзэгчдээ хүндлээд нэгдсэн нэг лигтээ л тоглоно. Ямар нэгэн байдлаар хоёр лигт хуваагдаж тоглох хүсэлгүй байгаа” хэмээн ярив.
“Хасын хүлгүүд” багийн тоглогч Б.Билгүүн “Үүсээд буй нөхцөл байдалд талууд янз бүрийн л байр суурьтай байна. Олон нийтийн сүлжээнд буруу мэдээлэлтэй явж буй хүмүүс ч байна. Манай багийн тамирчид эздийгээ дагаад Үндэсний дээд лигт оролцох шийдвэртэй байгаа.
Сагсан бөмбөгийн тамирчид маань нэгдсэн нэг байр суурьтай байх ёстой. Тамирчид нэг лигтээ тоглоно гээд бэлтгэлээ хийгээд явж байтал долоо хоногийн өмнө ийм шийдвэр гарсан нь үнэхээр харамсалтай байна.
Миний зүгээс ямар нэгэн баг, холбоог төлөөлж бус хувь хүнийхээ дагуу саналаа өгнө. Тиймээс тамирчид нэг лигт тоглох хүртэл миний бие Хасын хүлгүүд багийн бүрэлдэхүүнээс тоглохгүй” гэв. Тамирчдын зүгээс нэгдсэн байр суурийг илэрхийлж байна. Тэд хоёр тусдаа байр лигт тоглохгүй, нэгэн дээвэр дор өрсөлдөнө гэх байр суурийг илэрхийлэв.
Одоогийн байдлаар талууд нэг талдаа гараагүй байна. Энэ асуудал даамжирвал олон улсын сагсан бөмбөгийн холбооноос бандуулж ямар нэгэн тэмцээнд уралдаанд оролцох эрхээ дахин хасуулах эрсдэлтэй. Сагсан бөмбөгийн холбоодын хагарлаас шалтгаалж Монголын сагсчид сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд олон улсын тэмцээнд оролцоогүй. Асуудал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэмжээнд хүрснээр асуудал нэг талдаа гарснаас хойш удаагүй байгаа юм. Яг ийм үед дахин хагарал бий болсон нь тамирчдыг түгшүүрт автуулаад