Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Цогтгэрэл: Хулгайгүй Монголыг бий болгоход том түлхэц өгөх бодлогын шийдэл бол Баялгийн сангийн тухай хууль DNN.mn

УИХ дахь АН-ын бүлгийн хурал өчигдөр хуралдаж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Бүлгийн хурлаар ямар асуудал хэлэлцэв. Мэдээж ирэх оны төсөвтэй холбоотой асуудлаар бүлэг нэгдсэн байр суурьт хүрсэн байх л даа…?

-Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэлэлцэгдэх гэж байна. Энэ бол өнөөгийн нийгэмд үүсээд байгаа асуудал, цаг үеэ дагасан асар чухал хуулийн төсөл гэж бодож байгаа. Хулгайг үндсээр нь таслахын тулд бид юу хийх ёстой вэ. Зүгээр ургачихсан шарилж, толгой хэсэгтэй нь оролдож байхаар бид үндсээр нь оролдох, өөрчлөх цаг болсон. Авлигын хөрс үр шимтэй байна. Гэтэл бид хэдэн хулгай, хэдэн хүний талаар яриад л өнгөрч байна. Тиймээс яг үндэстэй нь оролдохын тулд уул уурхайн асуудлыг ил тод болгох, Баялгийн сангийн тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай.

Мөн бүлгийн хурлаар Ногоон автобусны асуудлыг авч хэлэлцлээ.

-Баялгийн сангийн тухай хууль яг ямар ач холбогдолтой талаар та тодорхой тайлбар хэлэхгүй юу?

-Уул уурхайн баялгаа бид 2006 оноос албан ёсоор борлуулж эхэлсэн. Тэр цагаас хойш өдийг хүртэл хийсэн борлуулалтын орлого 83 тэрбум ам.доллар байна. Оройлцоогоор 300-400 их наяд төгрөг гэсэн үг. Гэтэл Дэлхийн банкнаас Монгол Улсын уул уурхайн борлуулалтын 400 их наядын орлогоос ирээдүйдээ ердөө нэг хувийг нь хадгалж үлдсэн гэсэн дүгнэлтийг гаргаж. Одоогийн дүнгээр бараг нэг хувьд ч хүрэхгүй. Ирээдүйн өв санд 2.7 их наяд төгрөг л байгаа. Тиймээс бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа өргөн барих хэрэгтэй. Ер нь өнөөгийн баялаг бол зөвхөн бидний баялаг биш. Энэ бол бидний үр хүүхдэд, ирээдүйн иргэдэд хүрэх ёстой баялаг. Дэлхий дахинд үүнийг ирээдүйдээ өвлүүлэх олон янзын шийдэл байдаг. Энэ асуудал дээр АН засгийн эрх барьж байх бүрдээ дандаа санаачилгыг авч ажилладаг байсан. Хамгийн сүүлд 2012-2016 онд АН “Ирээдүйн өв” сангийн тухай хуулийг өргөн барьж батлуулж байсан түүхтэй. Тиймээс одоо энэхүү хуулиа цаг үетэйгээ нийцүүлэн улам чамбайруулж боловсруулаад дахин өргөн барих гэж байна.

-НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох асуудал дээр хоёр талын өнцөг гарч ирсэн. АН-ын хувьд НӨАТ дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Зөвхөн НӨАТ буурах асуудал биш. Ер нь Монгол Улсад татвар буурах ёстой. Өнөөдөр төр томорсоор байгаад эдийн засгийнхаа 40 хувьд хүрээд ирлээ. Манай урд хөрш буюу БНХАУ-ын эдийн засгийн 25 хувийг төр нь эзэлдэг юм билээ. Манайхаас өөр дэглэмтэй, өөр тогтолцоотой орон шүү дээ. Манайх ардчилсан орон атлаа 40 хувийг нь Хятад коммунист орон атлаа 25 хувийг эзэлж байна. Нөгөөтэйгүүр энэ бүх орлого татвараар бүрдэж байна. Тиймээс татварын иж бүрэн реформыг Монгол Улсад хийх шаардлагатай. Ингэж байж төр нь жижиг, үр ашигтай, иргэд нь баян, хөдөлмөрч болно. Тэр ч утгаараа ирэх сонгуульд АН татварын иж бүрэн реформ хийх асуудлыг гол уриа лоозонгоо болгоно. Улмаар бид ялалт авч энэхүү зорилгоо хэрэгжүүлэх болно.

-Төрийн шууд худалдан авалттай холбоотой дүн мэдээг АН-ын бүлгээс зарлалаа. 6.1 их наяд төгрөгөөр шууд худалдан авалт хийлээ гэж байна. Энэ яг бодитой тоо юу?

-Энэ бол 2017-2022 онд хийгдсэн худалдан авалтын дүн. Түүнээс биш 2023 онд хийгдсэн Ногоон автобусны худалдан авалтын дүн энэ дотор ороогүй шүү. Тэгэхээр 6.1 их наяд гэдэг дүн бол илүү нэмэгдэж, өөрчлөгдөнө гэсэн үг. Үүнтэй адил бидний хувьд ковидын үед зарцуулсан хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийе гэж байгаа. ковидын хуулиар халхавчилсан асар их үнийн дүнтэй худалдан авалтууд хийгдсэн. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтгүй, өрсөлдөөнгүй, хаалттай худалдан авалтууд хийгдсэн гэсэн үг. Тиймээс бидний хувьд энэ асар их тоо руу орохоосоо өмнө, энэ сонсголыг чанартай явуулахын тулд мэдээ мэдээллээ хангалттай цуглуулах шаардлагатай байгаа юм аа. ковид дээр 20 их наяд нэмээд төр болон орон нутгийн шууд худалдан авалтад 6.1 их наяд төгрөгийн асуудал байна. Энэ бүхний учир шалтгаан нэг зүйл дээр очиж огтлолцох тэр асуудлыг бид ярьж байгаа юм.

-Ковидын сонсгол хийх асуудал нэг л гацаатай байгааг олон нийт харж байгаа. Энэ гацаанаас нь АН-ын бүлэг яаж гаргаж, энэ ярьж байгаа ажлуудаа бодит болгох юм бэ?

-Ковидын сонсголыг шинжээчтэй явуулах шаардлага тавиад биелэхгүй байна. Түр хорооны 19 гишүүний гарын үсэг хүрэхгүй зогсчихлоо гэж байна, одоо яах вэ гэж байна, тийм үү. Бүлгийн хувьд энэ асуудлыг нухацтай ярьж, хэлэлцэж байгаа. Эхлээд энэ асуудлуудаа бид Ардчилсан намын удирдлагуудад танилцуулах хэрэгтэй гэж бодлоо. Ер нь цаашид асуудал байгаа нь үнэн. Үнэн асуудлыг эрх баригчид зохион байгуулалттайгаар нуун дарагдуулж байгаа нь ч гэсэн бодит үнэн шүү. Эрх баригчид сонсголыг нь хийлгэхгүй, түр хороог нь байгуулж өгөхгүйгээр сонгуультай тулна гэдгээ ард түмэндээ шууд хэл. Эрх баригчид л бүгдийг боож, хааж байгаа. Тэд асуудлаа ил тод ярихаас айж байгаа. Шууд худалдан авалт гэдэг бол Монголын өнөөгийн нийгмийн асар том асуудал болж байна. Тиймээс бид цаашид хулгайгүй, үр ашигтай цомхон төрийг бий болгохын тулд Баялгийн сангийн тухай хуулийг өөрчлөн батлах ёстой. Хулгайгүй Монголыг бий болгоход асар том түлхэц өгөх бодлогын шийдэл бол Баялгийн сангийн тухай хууль юм. Тиймээс АН-ын бүлгийн хувьд энэхүү хуулийн төслийг энэ намрын чуулганаар өргөн барьж, хэлэлцэхийг шаардаж явна.

-Хотын шинэ дарга давс мэт шорвог шийдвэр гаргана шүү гэж хэлсэн. Түүний нэг нь хотын төвөөр автомашинтайгаа явсан тохиолдолд татвар оногдуулахаар болж байх шиг байна. АН-ын хувьд энэ асуудлыг ямар байдлаар хүлээн авах вэ?

-Дахиад л татвар хураамж. Эрх баригч нам татвар хураамж өндөр авдаг шигээ халамжийг хавтгайруулдаг. Энэ зарчмаараа л явж байна. Ардчилсан намын хувьд нэг л зүйлийг хэлж байгаа. Монголын ард түмнээс авдаг татвар хураамж шат шатандаа төрөл бүрдээ багасах ёстой. Социализм, коммунизм байгуулж байгаа Хятад улсаас хэд дахин өндөр татвар авдаг төртэй болж хувирлаа. Гэхдээ хотын төвөөр зорчихдоо татвар төлнө гэсэн хуулийн төсөл нь орж ирээгүй тохиолдолд шууд дүгнэлт хийх арай эрт байна.

Э.МӨНХТҮВШИН

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *