Categories
гадаад мэдээ

Арктикийн бүсэд хэрэгжих төлөвлөгөө DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байдены засаг захиргаа ойрын арван жилд баримтлах бодлогоо тодорхойлсон, Арктикийн бүсэд хэрэгжүүлэх үндэсний стратегийн төлөвлөгөө (NSAR)-г нийтлүүлэв. Үүний өмнөх хувилбарыг Барак Обамагийн засаг захиргаа 2013 онд баталж байсан юм. Шинэ баримт бичигт “АНУ энэ бүс нутагт хойшид гарч болзошгүй цэргийн мөргөлдөөн, тухайлбал геополитикийн хурцадмал байдлаас үүдэн Орос, Хятадтай үүсэх эрсдэлийг зохицуулахын тулд Арктикийн холбоотнууд, түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ.

Энэ нь үндэсний аюулгүй байдал төдийгүй Аляска муж улсын иргэдийн аюулгүй байдал, сайн сайхан байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна” гэж тэмдэглэжээ. Уг төлөвлөгөөний оршил дахь Арктик дахь АНУ-ын аюулгүй байдлын ашиг сонирхол гэсэн хэсэгт “Үндэсний батлан хамгаалах чадвар, дотоодын аюулгүй байдал, эрсдэлгүй худалдаа, арилжаа ба шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах зэрэг олон асуудлыг багтаасан” гэж тэмдэглэжээ.

АНУ нь мөн “Агаарын орон зай болон далайд учирч болзошгүй аюул заналыг илрүүлэх, хянах зорилгоор Арктик дахь өөрийн хариуцсан бүсийн хяналтын системийг шинэчлэх, мөн далайн мөс, хөлөг онгоцны хөдөлгөөн, цаг агаарын өөрчлөлтийг мэдэж байх зорилготой тандалт хийх чадавхаа сайжруулахад нэмэлт хөрөнгө оруулахаар төлөвлөж байна” гэсэн байна. Мөн АНУ-ын эрх баригчид Канад улстай хамтран Хойд Америкийн агаар-сансрын батлан хамгаалах командлал (NORAD)-ын чадавхыг шинэчлэхээр төлөвлөжээ.

Энэхүү баримт бичигт Арктикийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах тухай Цагаан ордны төлөвлөгөөг жагсааж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг анхаарч, байгаль орчныг хамгаалахын зэрэгцээ бүс нутгийн оршин суугчдын эдийн засгийн байдлыг сайжруулахын тулд Арктикийн тогтвортой хөгжилд хэрхэн, яаж шинэ хөрөнгө оруулахыг мөн багтаасан байна. Энэхүү шинэ төлөвлөгөөнд “үндсэн дөрвөн бүлэг, 30 гаруй зорилго, 200 гаруй үйл ажиллагаа”-г хэрэгжүүлэх хугацаа, үнэлэх шалгуурын

хамт нарийвчлан тусгасан байна гэж “Voice of Ameri­ca” (VOA or VoA) агентлаг мэдээлжээ.

Энэ бүхнийг энгийн үгээр тайлбарлавал, сүүлийн үед Хойд туйл байгалийн хий, нефть гэх мэт асар их баялагтай болох нь тогтоогдоод байгаа бөгөөд бас мөс нь хайлж энд маш товч худалдааны далайн зам шинээр бий болж буй нь хүн бүхэнд тодорхой болсон. Харин Кремлийн дэглэм энэ бүхнийг бусад улсын оролцоогүйгээр оросууд дангаараа эзэмших эрхтэй гэж үздэг. Иймээс энгийн хүн ам суурьшдаггүй энэхүү Арктикийн бүсэд ОХУ болон НАТО-гийн хүчнүүд хоорондоо тулгарч дэлхийн III дайн жинхэнэ ёсоороо эхэлнэ гэж зарим цэргийн шинжээчид бичиж байгаа билээ.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *