Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Батзориг: Бидний өвөг дээдэс Хүннү нар дэлхий дээр анхдагч байдлаар шатар тоглож, хэрэглэж, ашиглаж байсан нь тогтоогдсон DNN.mn

Түүхийн шинжлэх ухааны доктор, Эртний шатар судлаач А.Батзоригтой ярилцлаа.


-Эртний Хүннү нар анх шатар тоглож байсан нь, таны хийсэн судалгаагаар тогтоогдсон гэж сонслоо. Иймээс шатрын спорт Энэтхэг биш Монголоос үүссэн болж таарч байна уу?

-Шатрыг Монголоос үүссэн гэж үзэх нь шинжлэх ухааны хувьд тийм ч оновчтой тайлбар биш. Түүхэнд Монгол гэх нэр тэмдэглэгдсэн цаг үе нь, шатрын түүхээс нэлээд залуу юм. Өөрөөр хэлбэл, шатар нь хөгшдөөд, Монгол нь залуудаад байна гэж ойлгож болно. Харин өнөөгийн Монгол Улсын газар нутаг дээр оршин байсан Хүннү нар шатар мэддэг, тоглодог, ахуй амьдралдаа хэрэглэдэг байж.

-Үүнийг та ямар баримтаар тогтоож байгаа юм бэ?

-Архангай аймгийн Хайрхан, Эрдэнэмандал сумдын зааг, Бөхөн шарын нуруунд орших Хүннүгийн оршуулгын газар гэж нэрлэгддэг Гол мод1 гэх газарт, ШУА-ын Археологийн хүрээлэнгий нархеологич Ч.Ерөөл-Эрдэнээр ахлуулсан баг Францын археологичидтой хамтарч Хүннүгийн язгууртны 1 тоот булшинд 2001 онд малтлага хийсэн юм. Малтлагын явцад 17.5 метрийн гүнээс авсны өндөртэй чацуу түвшнээс, нэгэн хөлөгт тоглоом илэрсэн. Энэ тоглоомыг Францын музейн сэргээн засварлах газарт бэхжүүлэлт хийж, он цагийг нь тодорхойлох судалгаа хийхэд, одоогоос 2000 орчим жилийн өмнөх болох нь тогтоогддог. Тухайн үед археологич Ч.Ерөөл-Эрдэнэ, шууд шатар гэж хэлэх боломжгүй байсан. Учир нь шатрын тодорхойлолт нь 8х8 буюу 64 буудалтай гэж тодотгодог бол, тухайн олдсон тоглоом нь нэг тал хөлөг буюу 5 харьцах 11-ийн хэмжээтэй байсан. Иймээс олдворыг шатар гэхээс илүү хөлөгт тоглоомын ангилалд хамруулж байлаа. Миний бие 2019 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнд албан ёсны хүсэлт өгч, судлах боломжийг олж авсан юм. Судалгааны үр дүнд хөлөгт тоглоом бус харин Хүннүгийн үед тоглож байсан Тэнгэрийн нууцтай их шатрын хөлөг мөн гэдгийг нь тогтоолоо.

-Яаж тогтоов?

-Хоёр баримтаар тогтоогдож байна. Нэг нь Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч баг Шатрын хөндий, Шатрын ам гэх газарт амьдардаг Найдангийн удмынхан, түүний угсааны Пунцагийн Ядам гэх хүнээс, Шатар удмынхнаас шатрын тухай гайхалтай уран яруу өгүүлэх “Хөх өвгөн сахиустай, хөл модон шатрын туульс”-ыг анх удаа олж 99-н бадгаар тэмдэглэн авлаа. Энэ буурал одоо ч мэнд байгаа. Туульсд өгүүлснээр шатар гурван хэлбэртэй нь харагддаг. 1. Газрын сахиустай бага шатар. 2. Дайны сүлдтэй бүтэн шатар. 3. Тэнгэрийн нууцтай их шатрын тухай өгүүлэмжүүд гардаг. Энэ гурван шатрын талаар нарийвчилсан судалгаа хийхэд бага шатар нь 8х8 буюу 64 буудалтай, дайны сүлдтэй бүтэн шатар нь 10х10 буюу 100 буудалтай, Тэнгэрийн нууцтай их шатар бол 10х11+2 буюу 112 буудалтай хөлөгтэй шатрын тухай өгүүлэмжүүд бий. Туульсын өгүүлэмж, археологийн олдвор хоёр яг тохирч байгаа нь гайхалтай. Энэ бол Тэнгэрийн нууцтай их шатар мөн болохыг тогтоох эхний баримт нь.

Нөгөө баримт нь Иран улсын төв Көк саран тосгонд байрлах Аль амулидигийн эртний Персийн судар бичгийн хүрээлэнгээс “ТНГР ИН ШИД ИРҮ” гэх нэртэй судар оллоо. Энэ судар нь эртний монгол хэлээр, эртний перс үсгийн нэг хэлбэр болох авестан бичгийн хэлбэрийг ашиглаж бичигдсэн байна. Ийм учраас өнөөг хүртэл хүний анхаарал таталгүй, тайлагдаж уншигдалгүй ирсэн байх. Энэхүү судрыг тайлах ажил үндсэндээ дуусч байна.

Тоймлон өгүүлбэл сударт Хурмаст тэнгэр, Ашим бөө, Төмөр хаан гурвын хоорондын яриа, яруу найраг мэт дүрслэлээр бичигджээ. Тэд 10х11+2=112 буудал бүхий шатрын хөлөг дээр 44 түм, хоёр ойрадыг бүтнээр өрж, ес есөн тэнгэр босгон, улс орныг хэрхэн удирдах, гадаад улс оронтой хэрхэн харилцах, хэрхэн хаан байх, хурмаст тэнгэрийн өмнө хэрхэн ивээлд нь багтах, эртний бөөгийн жидага гэх хоёр хэлбэрийн зан үйлийг хэрхэн хийх гэх мэт их сонирхолтой зүйлсийг эртний шатрын дүрмээр өгүүлж буй тухай гарна. Энд өгүүлэх шатрын хөлөг мөн л 112 буудалтай юм. Иймээс Археологийн олдвор болох хөлөг бол шатар мөн, он цагийн хувьд 2000 жилийн өмнөх Хүннүгийн үед хамаарна. Эдгээр нотолгооны зүйлсийн үр дүнд 1500 жилийн түүхтэй гэх шатрын түүх 500 жилээр урагшилж 2000 жилийн түүхтэй болж байгаа юм. Өнөөгийн баримтаар бол үүссэн гэж тайлбарлаж болохгүй ч Хүннү нар шатрыг анхдагч байдлаар мэддэг байж, тоглодог байж, ахуй амьдралдаа хэрэглэдэг байжээ. Дашрамд өөр нэгэн сонирхол татах баримт хэлье! Эртний Хүннү нарын тухай өгүүлэх Давс, төмрийн өгүүллийн Гавьяаны анги гэх бүлэгт.“Хүннүгийн шаньюу, ван ноёд нь их хуралдай хийхдээ …мод хавтаслаж ясаар хийсэн нэгэн зүйлээр хоорондоо харилцаад байна, энэ бол бичиг үсэг биш…” гэх өгүүлэмж бий. Шатрын түүх судлаач хүний хувьд энэ өгүүлж буй зүйлийг эргэлзээгүй шатар гэж боддог.

-Шатар Энэтхэгт үүссэнийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Үүнийг та яаж няцааж байгаа юм бэ?

-Түүхийн шинжлэх ухаан анхдагч эх сурвалжийг чухалчилдаг. Анхдагч эх сурвалжийн судалгаа ихээхэн ач холбогдолтой. Ямарваа зүйлийн бүрэн хэмжээний судалгаа нь, дараа дараагийн цаг үедээ эш татагдаж, тайлбар болж явдаг. Зарим түүхчид анхдагч эх сурвалжийг анхааралгүй, дахин судалгаа хийлгүй үнэн мэтээр тайлбарлаад явдаг тохиолдол ч бий. Магадгүй, ийм байж болзошгүй байна, би ийм таамаглал дэвшүүлж байна гэх мэтээр бичигдсэн зүйлийг, гарцаагүй нотлогдсон мэтээр эх сурвалж болгон авч ашиглах гашуун сургамжууд одоо ч мэр сэр ажиглагдсаар байна. Шатрын түүх яг л энэ зам мөрөөр явж 100 гаруй жилийг өнгөрөөжээ. Иймээ

шатар Энэтхэгээс үүссэн гэх дүгнэлтэд гарцаагүй хариу олох зорилгоор анхдагч эх сурвалжийн судалгааг хийлээ. Шатрын түүхийг бүрэн хэмжээнд шинжлэх ухааны түвшинд судалсан анхны бүтээл бол яах аргагүй 1913 онд Оксфордын их сургуульд хэвлэгдсэн H.J.R Murray “A History of chess” гэх бүтээл болох нь тодорхой болсон. Жишээ нь Дэлхийн шатрын холбооны албан

ёсны веб сайт, Британика нэвтэрхий толь, Wikepedia болон бусад эх сурвалжуудыг харахад бүгд “А History of chess” номыг анхдагч эх сурвалж болгосон байна. Энэ бүтээлээс анхаарал татах хоёрхон эшлэл хэлье!

  1. Энэтхэгүүдийн шатрын хөлгийг зээлдэн авч шинээр зохион бүтээсэн “ЧАГТУРАНГA” гэх тоглоом нь бидний судалж буй шатартай огтхон ч хамаагүй тоглоом…
  2. Энэтхэгчүүдийн тайлбарлаж буй МАХАБХАРАТА гэх сударт үнэхээр Чагтуранга гэх тоглоомын тухай өгүүлж байвал Шатрын түүх МЭ-V зуунаас эхэлнэ… гэсэн байдаг.

Энэхүү судрыг олж үзэхэд чагтуранга гэх өгүүлэмж хавсралт судар болох Вухнугийн гэр бүл буюу ХАРТВАМСА судрын 1504-р мөрнөөс эхэлж байгаа ч шатрын эсвэл тоглоомын тухай өгүүлэхгүй байна. Чагтуранга гэх эртний Хиндигийн цэргийн армийн бүтцийн тухай л өгүүлсэн байна. Иймээс шатрын анхны хэлбэр мөн хэмээн мэлзэж байгаа Чагтуранга гэх тоглоом болон чагтурангийн тухай өгүүлэх эртний туульс нь авцалдаж холбогдохгүй байгаа юм. Чагтуранга гэх тоглоом нь болох дөрвөн тал болох Заантай цэрэг, Сүйх тэрэгтэй цэрэг, Морин цэрэг, явган цэргүүд 64 буудалтай хөлөг дээр, шоо хаяж азад найдсан хэлбэрээр тоглодог тоглоом. Шатрын цорын ганц гайхамшиг нь хэзээ ч азад найддаггүй, зөвхөн оюун ухаанаараа өрсөлдөхийг чухалчилдаг. Энэ болзолыг төөрөгдүүлэн мэлзсэн Чагтуранга гэх тоглоом хангадаггүй юм.

-Энэ анхдагч эх сурвалж гэж үзээд байгаа H.J.R Mur­ray “A History of chess”-д монгол шатрын тухай юу гэж өгүүлсэн байдаг вэ?

-Английн судлаач H.J.R Murray “A History of chess” бүтээлээ 13 жил судалж байж хэвлүүлсэн байдаг. Энэ хугацаандаа Хойд Манж буюу Монгол Улс руу шатрын судалгааны ажлаар ирэхийг хүсч байж. Харамсалтай нь, Манж нар хилээр оруулаагүй байдаг. Анхны хэвлэл дээр нь “Хойд Манж буюу Монгол Улсад судалгаа хийхээр хандсан ч хилээр нэвтрүүлсэнгүй. Миний чадах зүйл бол Орос улсаас Хойд Манж улсад

суух Элчин сайдын яам руу захидал бичсэн. Захидалд Монгол Улсад шатартай холбоотой ямар нэгэн баримт байвал өгч тусална уу хэмээн онцлов. Захидал хүлээж авснаас хойш долоо хоногийн дараа Элчин сайдын яамны ажилтан Падрин гэх хүн “Хойд Манж буюу Монгол бол хамгийн ядуу, хоцрогдсон улс. Энд шатрын өв соёлын талаар өчүүхэн ч зүйл байхгүй. Шатар мэддэг цөөн

хүн байж магадгүй. Тэд Төвд рүү мөргөл үйлдэх замдаа сурсан байж магадгүй” гэх хариу ирүүлсэн” гэж онцолсон байгаа юм. Судлаач Mur­ray захидлын доор тайлбар бичихдээ “Би үүнд итгэхгүй байна. Учир нь Хойд Манж улсыг хойд талаар тойрсон бүс нутгаар судалгаа хийхэд нэр томьёоны хувьд бүгд монгол үгтэй шатрууд байдаг. Ат, буур, нохой, гөлөг гэх мэт. Тийм учраас төв нь Монгол гэж ойлгогдож байгаа. Харамсалтай нь намайг оруулсангүй. Судалгаагаа хийж чадсангүй, энд хүрээд өндөрлөе” гэж тэмдэглэсэн байгаа юм. Ингээд монгол шатар дэлхийн түүхэнд тэмдэглэгдэж үлдээгүй түүхтэй.

-2016 оноос хойш хийсэн таны судалгааны ажлуудын гол ач холбогдол нь юу вэ?

-Аливаа улс үндэстэн түүхийн дурсгалт зүйлээ үнэлж, хүндэлж, ойлгож байх ёстой. Бидний өвөг дээдсээс өнөөдрийг хүртэл уламжлагдаж ирсэн энэ гайхамшигтай тоглоом хэд хэдэн шалтгааны улмаас дарагдаж, танигдахаа больж, мартагдсан явдал монгол шатрын түүхэнд хар мөр үлдээжээ. Шатартай байлгахгүй гэсэн Манжийн үеийн санаархал оролдлого, Элчин сайдын яамны хариуцлагагүй албан тушаалтнууд, өөрсдийн мэтээр тайлбарлаж өнөөдрийг хүрсэн судлаачдаас болж монголчуудын шатрын соёл мартагдах дээрээ тулсан нь эмгэнэлтэй. Үүнийг залруулж үнэн баримтыг гаргаж ирсэн нь миний судалгааны гол ач холбогдол. Монгол шатрын түүхийг дэлхий нийтэд үнэн зөвөөр нь таниулах нь судлаач миний үүрэг гэж боддог. Үр хойчдоо үнэн зөв түүхийг үлдээх ёстой. Гэхдээ өнөөдөр ганц би хэлснээрээ шийдэгдэх асуудал биш, Дэлхий нийтээрээ хэлэлцэнэ. Иймээс монголчууддаа юуны өмнө танилцуулж байгаа минь энэ. Миний судалгааг үгүйсгэх баримтууд гарч ирэхийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ өнөөдрийн түвшинд олдсон баримтуудаар “Бидний өвөг дээдэс болсон Хүннү нар дэлхий дээр анхдагч байдлаар шатар тоглож, хэрэглэж, ашиглаж байсан нь тогтоогдлоо”.

О.ДАШНЯМ

One reply on “А.Батзориг: Бидний өвөг дээдэс Хүннү нар дэлхий дээр анхдагч байдлаар шатар тоглож, хэрэглэж, ашиглаж байсан нь тогтоогдсон DNN.mn”

Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсэг нь олон янз, манай ард түмэн хөгжлийн шат өгсөх тоолонгоо бичиг үсгээ сайжруулж байсан юм уу гэж бодохоор байдаг. Энэ судалгаанд ч “Иран улсын төв Көк саран тосгонд байрлах Аль амулидигийн эртний Персийн судар бичгийн хүрээлэнгээс “ТНГР ИН ШИД ИРҮ” гэх нэртэй судар оллоо. Энэ судар нь эртний монгол хэлээр, эртний перс үсгийн нэг хэлбэр болох авестан бичгийн хэлбэрийг ашиглаж бичигдсэн байна.” гэж зарлажээ. Бид ингэхэд хэдэн янзын бичиг үсэг хэрэглэж ирсэн ард түмэн бэ гэдэг нь хөөж судлахад сонин байхаар байна шүү..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *