Монгол Улсад Халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэл хийлгэх ажлын хүрээнд Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн магадлан итгэмжлэлийн төвийн мэргэжлийн баг холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, шалгалт хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.
Тус баг 2023 оны 10 дугаар сарын 22-ноос 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд Монголд ажиллах бөгөөд хуваарийн дагуу 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Стандарт, хэмжилзүйн газарт ажиллахаас гадна Монголын томоохон мах экспортлогч үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах юм. Тус баг Монголд ажилласнаас хойш 1 сарын дотор шалгалтын тайлан, дүгнэлтээ хийж, Халал гэрчилгээний магадлан итгэмжлэл хийх шийдвэрээ гаргах юм.
Халал гэрчилгээ олгох магадлан итгэмжлэлийн асуудал ойрын хугацаанд шийдвэрлэгдэхтэй холбогдуулан Кувейтийн мах импортлогч компаниудын төлөөлөл 11 дүгээр сарын эхээр Монголд очиж, мах экспортлогч компаниудын удирдлагуудтай уулзах, махны үйлдвэрүүдтэй биечлэн танилцах, холбогдох гэрээ, хэлэлцээрийг хийхээр төлөвлөөд байна.
Эх сурвалж: Embassy of Mongolia to the State of Kuwait