Categories
гадаад мэдээ нийгэм

Аргентины ерөнхийлөгчийн сонгууль болно DNN.mn

Аргентины ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль ням гарагт буюу өнөөдөр болно.

Аргентинчууд энэ өдөр төрийн тэргүүнээс гадна, Конгрессын 130 гишүүн, 24 сенатчийг сонгох юм. Төрийн дээд албан тушаалын төлөө таван нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд гол өрсөлдөөн эрх баригч “Эх орны төлөөх холбоо” эвслээс нэр дэвшсэн Сержио Масса, Аюулгүй байдлын сайд асан Патрисия Буллрич, сөрөг хүчний томоохон эвсэл болох “Өөрчлөлт шинэчлэлтийн төлөө хамтдаа” эвслийн төлөөлөгч, “Эрх чөлөө ирж байна” эвслийн бүрэлдэхүүнд багтдаг Либерти намын дарга Хавьер Майли нарын хооронд өрнөх төлөвтэй байна.

Ерөнхийлөгчийн суудлын төлөө мөн Кордоба мужийн амбан захирагч Хуан Скиаретти, “Зүүний болон ажилчдын фронт” эвслийг төлөөлж буй Мириам Брегман нар өрсөлдөж байна. Рейтинг нь 20 хувиас доош унаад байгаа одоогийн төрийн тэргүүн Альберто Фернандес хэдийгээр Үндсэн хуулиар түүнд сонгуульд дахин өрсөлдөх боломж олгосон боловч нэр дэвшихгүй гэдгээ дөрөвдүгээр сард мэдэгджээ.

Наймдугаар сард болсон сунгааны дүнгээс харахад өмнө нь ерөнхийлөгчөөр сонгогдох магадлалтайд тооцогддоггүй байсан Х.Майли хамгийн олон санал (31%) авсан байна. Ихэнх санал асуулгын дүнгээр тэрбээр сонгуулийн өмнөх өрсөлдөөнд тэргүүлэгч хэвээр байгаа хэдий ч нэр дэвшигчдийн дэмжлэгийн зөрүү хоёр дахь шатны сонгууль болох магадлалтайг харуулжээ. Олон нийтийн санаа бодлын судлах төвөөс явуулсан судалгаанаас харахад хоёр дахь шатны сонгуульд Х.Майли, С.Масса нар өрсөлдөх магадлал хамгийн өндөр байна.

Санал авах байрууд орон нутгийн 08:00 цагт нээгдэж, 18:00 цагт хаагдана. Сонгуулийн урьдчилсан дүнг ням гаргийн орой зарлана.

Хэрэв эхний шатанд нэр дэвшигчдийн хэн нь ч 45-аас дээш хувийн санал эсвэл хамгийн ойрын өрсөлдөгчөөсөө хамгийн багадаа 10 хувийн зөрүүтэй байгаа тохиолдолд 40 хувийн санал авч чадаагүй бол хоёрдугаар шатны санал хураалт 11 дүгээр сарын 19-нд болно. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч 12 дугаар сарын 10-нд тангараг өргөнө.

Коронавирусний цар тахал, Аргентины түүхэн дэх хамгийн сүйтгэлт ган гачиг болсны улмаас улам даамжирсан эдийн засгийн хямралын үед тус улсад ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Оны эцэс гэхэд Аргентины инфляцын түвшин 100 хувьтай байх төлөвтэй байна. Гадаад валютын нөөцийн хомсдолтой холбогдуулан ам.долларын худалдан авалтыг хязгаарласнаас үүдэлтэй хөрөнгийн бирж, хар зах дээрх үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналтад үнийн өсөлт улам нөлөөлж байна. Тус улсын ядуурлын түвшин 40 хувьтай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *