Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ц.Цэрэнпунцаг: Ханшийг богино хугацаанд буулгах боломж манай улсын хувьд их хязгаарлагдмал асуудал DNN.mn

– УРАНЫ ЗАХ ЗЭЭЛ БАГА Ч БИДНИЙ ХУВЬД СТРАТЕГИЙН ӨӨР НЭГЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧТАЙ БОЛЖ БАЙГАА НЬ ХАМГИЙН ТОМ ДАВУУ ТАЛ –


УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Намрын чуулганаар Эдийн засгийн байнгын хороо голлох ямар хуулийн төслүүдийг хэлэлцэж, УИХ-д оруулахаар ажиллаж байна вэ?

-УИХ-ын байнгын хороо, тэр дундаа эдийн засгийн байнгын хороо гэдэг бол бүхий л хуулийн төслийг авч хэлэлцэж байх ёстой чухал хороо л доо. Мэдээж намрын чуулганаар яригдах гол зүйл бол ирэх оны улсын Төсвийн тухай хуулийн төсөл. Тэр утгаараа манай байнгын хороо энэ чиглэлд голлож анхаарч ажиллах байх. Өөр олон чухал хуулийн төслүүд орж ирнэ. Тухайлбал, Уул уурхайн тухай хуулийн төсөл орж ирж магадгүй. Энэ бол том хууль. Нэмээд Баялгийн сангийн тухай хууль явж байгаа. Энэ хуулийн ерөнхий зарчим бол ойлгомжтой байгаа байх. Баялгаас орж ирж байгаа үр өгөөжийг нийтэд тэгш хуваарилах асуудлыг зохицуулсан эрх зүйн өөрчлөлт шүү дээ. Бас л чухал хуулиудын нэг. Нөгөөтэйгүүр Хөрөнгө оруулалтын тухай хууль бас бий. Товчхондоо Эдийн засгийн байнгын хороогоор Улсын төсвийг хэлэлцэхээс гадна дээрх гурван том хуулийн төслийг хэлэлцэн батлуулахаар ажиллаж байна. Ер нь их завгүй байдаг байнгын хороодын нэг шүү дээ.

-Мэдээж энэ чуулганаар ирэх оны төсөв хэлэлцэгдэж байна. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд орж ирж байгаа төсөвт ямар байр суурьтай байгаа вэ?

-Мэдээж ирэх сарын 15-ныг хүртэл дан төсвөө л ярина. Одоогийн байдлаар Засгийн газрын зүгээс ирэх оны төсвийн төслөө УИХ-ын гишүүдэд нэг бүрчлэн өгчихсөн байгаа.

Тиймээс гишүүд төсвөө дор бүрнээ маш анхааралтай харж, судалж байгаа байх. Удахгүй Байнгын хороодоор ороод л явна. Тэр үед байнгын хороодын гишүүд ямар байр суурь илэрхийлэх нь үү, тэрийг нь тухайн үед мэдээллийг нь сонсоод явах байх. Хувь гишүүдийн тухайд гэвэл төсвөө гар дээрээ авчихсан байгаа. Тиймээс тойрог дээрээ тухайлан анхаарч харж байгаа болов уу. Ерөнхий том зургаараа гэж хэлбэл ирэх оны төсөв их тэлэлттэй орж ирсэн байгаа. Тэлчихсэн төсвийг шүүмжилдэгээрээ шүүмжлэх л байх. Ер нь аль ардчилсан орныг харахад гишүүд нь тойрогтоо өмнөх жилүүдээсээ илүү төсөв тавиулах сонирхолтой байдаг. Нэг талдаа гишүүдийн буруу биш. Угаасаа тойргоос сонгогдсон хүний хувьд тухайн тойрогтоо амласнаа хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй төсөв нэмэгдүүлэх, шинэ хөрөнгө оруулалт оруулах асуудал дээр анхаарна. Нөгөөтэйгүүр өнгөрсөн жилүүдийн тухайд хөдөө орон нутагт шинээр хөрөнгө оруулалт хийх төсөв огт тавиагүй. Тэр утгаараа одоо орж ирж байгаа төсөвт шахагдсан, нэмэгдсэн зүйл байгааг үгүйсгэхгүй л дээ.

-Монгол Улсын макро эдийн засгийн түвшин нэмэгдсэн гэж байгаа. Эдийн засаг нэмэгдээд байхад ханш яагаад буурахгүй байна вэ?

-Монгол Улсын валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар давчихсан явж байна. Хэдий дөрвөн тэрбум гарсан ч бидний хувьд энэ нөөц бол хангалттай түвшинд хүрсэн гэж үзэж болохгүй. Ирэх оны төсвийн төсөлд бол валютын нөөцийг таван тэрбум ам.долларт хүргэнэ гээд оруулаад ирсэн байна лээ. Тэгэхээр уг нөөцийг нэмэгдүүлэхийн тулд бид юун түрүүнд экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай. Экспорт нэмэгдүүлэхэд гол саад болж байсан боомт, тээвэрлэлт, нэвтрэлт гээд асуудлыг Засгийн газрын хувьд маш зөв бодлогоор нэмэгдүүлсэн. Үүний хүчинд валютын нөөц өдий зэрэгт хүрсэн байх. Цаашид ч нэмэгдэх бүрэн боломжтой гэж харж байгаа. Учир нь ойрын он жилүүдэд Монгол Улсын гадаад бодлого маш чамбай явж байгаа. Тухайлбал, урд болон хойд хөрштэйгөө бид харилцаа, хамтын ажиллагааны хувьд илүү өргөжсөн. Тэр дундаа урд хөрштэйгөө ойрын жилүүдэд илүү таатай харилцаатай явах байх гэсэн төсөөлөл байна. Тиймээс бидний хувьд урагшаа чиглэсэн экспорт жил ирэх тусам нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа нь манай улсын экспорт нэмэгдэнэ гэж ойлгож байна.

-Экспортын хувьд ч нэмэгдэх асуудлыг эдийн засагчид хэлж л байсан. Энэ мэт эдийн засаг нэмэгдээд байхад яагаад дотоодод ханш буурахгүй байна вэ?

-Макро эдийн засаг сайжирч байгаа нь үнэн. Гэхдээ хамгийн чухал асуудал бол төсөв алдагдалтай байгаа. Зарим эдийн засагчдын тооцож байгаагаар төсвийн зарлагын 70 орчим хувийг импортын зардал эзэлж байгаа юм билээ. Тэгэхээр бид төсвийнхөө ихэнх хувийг гадагш нь өгчихдөг гэсэн үг. Нэг үгээр хэлбэл гадагшаа чиглэсэн валютын урсгал төсвийн зардалтайгаа шууд хамааралтай байгаа юм. Дээрээс нь ирэх оны төсөвт маш их хөрөнгө оруулалт тавигдсан байна лээ. Тэгэхээр импортыг бид санхүүжүүлэхийн тулд нөгөө л валютынхаа нөөц рүү орохоос өөр аргаггүй болно. Тийм болохоор бидний хувьд ханшийг бууруулах асуудал их хүндрэлтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл гадагшаа чиглэсэн валютын урсгал их байна. Төсвийн зардлын 70 орчим хувь нь импортод явчихаж байна. Ийм эдийн засагтай үед ханшийг буулгана гэдэг хэцүү. Тэгэхээр бид яах ёстой вэ. Нэгдүгээрт, импортыг орлосон бүтээгдэхүүнтэй буюу үйлдвэртэй болох ёстой. Хоёрдугаарт, экспортоо төрөлжүүлж, улам нэмэгдүүлэх шаардлагатай. Одоо манай экспорт жил ирэх тусам нэмэгдэж байгаа ч дагаад импорт огт багасахгүй байгаа нь валютын ханш буурахгүй байгаагийн гол шалтгаан болоод байгаа юм. Тиймээс богино хугацаанд ханшийг буулгах боломж нь өөрөө манай улсын хувьд хязгаарлагдмал байгаа юм.

-Экспортоо нэмэгдүүлэх нь мэдээж чухал. Нүүрс, алт, зэс гээд голлох бүтээгдэхүүн байгаа. Нэмэгдээд уран орж ирж байх шиг байна, тийм үү?

-Ураны зах зээл өөрөө тийм өргөн биш шүү дээ. Нүүрс, зэсийн зах зээлтэй харьцуулбал бага. Тиймээс биет хэмжээ болон хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр нүүрс, зэсийн хаана ч хүрэхгүй л дээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн Францад айлчлаад хийгдсэн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг харж байхад Монгол Улсын хувьд ямар ч тохиолдолд ашигтай байхаар харагдаж байна лээ. Тэгэхээр цэвэр эдийн засгийн үр өгөөж нь тэр чинээгээр нэмэгдэж орж ирнэ л гэсэн үг. Түүнээс гадна бид экспортоо төрөлжүүлж байгаагийн нэг хэлбэр гэж ойлгох хэрэгтэй. Нэмээд хамгийн чухал зүйл бол Монгол Улс стратегийн өөр нэгэн хөрөнгө оруулагчтай болж байгаа нь бидний хувьд том давуу тал. Тэгэхээр зөвхөн эдийн засгийн ач холбогдлоос гадна улс орны аюулгүй байдал, гуравдагч хөршийн харилцаатай байна гэдэг нь өөрөө асар үнэ цэнэтэй зүйл юм аа.

-Байнгын хорооны зүгээс ядуурлыг бууруулах, байнгын ажлын байртай болгох чиглэлд ямар бодлого боловсруулан ажиллаж байна?

-Статистик мэдээллээс харвал нэг зүйлийг хэлээд байгаа л даа. Ядуурал их байна, ажилгүйдэл их байна гэдэг ч юм уу. Гэтэл үнэндээ цаасан дээр тоо харж суухаар бодит амьдрал дээр гараад хараад, судлаад үзвэл байдал шал өөр байгаа юм билээ. Миний хувьд Завхан аймгаас сонгогдсон улстөрч. Тэр утгаараа тойргийнхоо нөхцөл байдалтай танилцаад үзэхээр асуудал бас өөр байна. Тухайлбал, Тосонцэнгэл суманд дулааны цахилгаан станцыг өөрийнхөө хөрөнгөөр барьж байна. Уг төсөл маань ирэх онд ашиглалтад орно. Уг төсөл ашиглалтад орсныхоо дараа 100 гаруй тогтмол ажлын байр бий болгож байгаа. Гэтэл эдгээр ажлын байрт ажиллах хүн үнэхээр олдохгүй байна. Бүр өөрсдөө сургаж, бэлтгээд ажиллуулъя гэхээр зарим нь янз бүрийн шалтгаан хэлээд ажлынхаа дундаас явчих юм. Зөвхөн миний мэдэх нэг жишээн дээр л ийм байна. Гэтэл Монгол Улсад олон аж ахуйн нэгж бий. Тэр бүгдэд ажлын байр хэдэн зуугаараа байгаа. Харин ажиллах хүн байдаггүй юм билээ. Өөрөөр хэлбэл Монгол Улс ажиллах хүчний хомсдолд орчихсон гэсэн үг. Нөгөөтэйгүүр ажиллах сонирхолтой хүн гэж алга. Ажил хийе гэсэн хандлагатай хүн ховордчихож. Ажиллах хүсэлтэй нэг нь Солонгос руу эсвэл самар түүхээр явчихаж байна. Гэх мэт олон шалтгаан байна. Гэтэл иргэд та нар ажлын байр бий болгооч ээ гэж маш их шүүмжилдэг. Үнэндээ ажлын байр хангалттай байгаа. Гол нь ажиллах хүн нь алга байна.

-Цалин бага байгаа учраас тэд тогтмол ажлын байр бус орлого ихтэй салбарыг илүүд үзээд байгаа юм биш үү. Цалин мөнгө сайн болохоор л Солонгос руу явчихаад байна шүү дээ. Тэгэхээр цалингаа нэмэх ёстой биз дээ?

-Мэдээж цалин бага байгаа газрууд байна. Ажил үүргийн онцлогоос хамаарсан цалингийн бууралт ч байна. Манай хувийн хэвшилүүд гадны орнуудын өгч байгаа цалинг өгье, ажил хийх хүн байна уу гэхээр олдохгүй байна гэсэн асуудлаа их ирдэг. Нөгөөтэйгүүр шинээр ажлын байр бий болго гэдэг. Гэтэл мянган ажлын байр бий болгоод гадны орнуудын өгч байгаа шиг цалин өгөх хэмжээний бүтээмжтэй ажлын байр бий болгохгүй л бол энэ нь хоосон байшин л болно.

-Ер нь Солонгос улсаар жишээ авъя л даа. Тэнд сарын дундаж цалин төгрөгөөр гурван сая гаруй байна. Гэтэл манайд хэд билээ. Ядаж тэр улсын дундаж цалинд ойртуулж болохгүй юу. Өөрөөр хэлбэл дундаж цалинг ядаж 1.5 сая болгож болохгүй юу?

-Цалин яаж өсдөг вэ гэхээр цалин бүтээмжтэй холбоотойгоор л өсч байгаа. Цалин бүтээмжтэйгээ шууд холбогдохгүй л бол инфляци үүснэ. Цалин нэмж болно. Нэмчихлээ гэхээр зүгээр л цаас нэмсэнтэй ялгаагүй зүйл болно. Харин ч эсрэгээрээ эдийн засагт хор хөнөөлтэй. Тиймээс бүтээмж ямар байна, цалин тийм л байх хэрэгтэй. Бүтээмж сайн бол цалин нэмэгдэнэ. Бүтээмж сул бол цалин бага л байна гэсэн үг. Өнөөдөр манай улсын инфляци өндөр байгаа нь ерөөсөө бүтээмжтэй холбоотой. Нэмээд энэ олон хулгай, авлигын асуудал байна. Тэгэхээр бид цалин нэмэхийн тулд бүтээмждээ анхаарах ёстой. Цалин яаж нэмэх вэ гэхээс илүүтэйгээр бүтээмжээ бид яаж өсгөх вэ гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. Бүтээмжийг нь өсгөчихвөл цалин хүссэн, хүсээгүй нэмэгдээд явна. Ингэж нэмэгдсэн цалин эдийн засагт ямар ч дарамт учруулахгүй. Харин ч бодит байдлаараа эдийн засаг сайжирна гэсэн үг. Тэгэхээр бид Солонгостой адил бүтээмжээ дээшлүүлэх хэрэгтэй байгаа юм.

-Ковидын үед зарцуулсан хөрөнгийн задаргааг нээлттэй болгож, энэ чиглэлээр УИХ түр хороо байгуулан сонсгол хийхээр болсон. Үүнд байнгын хороо ямар чиг үүрэгтэй оролцож байна. Сонсгол хийхийг та хувьдаа дэмжиж байгаа юу. Нөгөөтэйгүүр зарцуулсан 20 их наяд төгрөгт хулгай орсон гэж үзэж байгаа юу?

-Үүнийг үнэхээр мэдэхгүй байна. Засгийн газрын сайд нарын тэр дундаа үе үеийн Эрүүл мэндийн сайд нарын зарцуулалтыг мэдэхгүй. Гэхдээ ковидын үед бид нэг их наяд төгрөгийг 300 мянгаар нь хуваагаад авчихсан шүү дээ. Энэ мэт зардлууд ковидын үеийн зардалд орсон явж байгаа. Хүмүүсийн ярьж байгаа шиг 20 их наяд төгрөг зарцуулагдсан гэж би бодохгүй байна. Миний харж байгаагаар энэ зардал хоёр орчим их наяд төгрөгт л багтаж байгаа байх. Одоо сонгууль ойртчихлоо. Тэр утгаараа ямар нэгэн асуудал болгон дээр улстөржилт асар их хийгдэх болж. Ямар ч асуудлыг улстөржүүлж байна. АН-ын хувьд ковидын үеийн зарцуулалтыг нээлттэй сонсголоор мэдээллийг нь ил тод болгоё гэж байгаа. Би хувьдаа үүнийг дэмжиж байгаа. Гэхдээ зарласан товыг нь хойшлуулах эрх хуулиараа надад байхгүй. Энэ асуудлаа тэр хүмүүс өөрсдөө зохицуулаад явах бүрэн боломжтой. Заавал Эдийн засгийн байнгын хороо тус сонсголын товыг хууль зөрчин барин хойшлуулах шаардлага байхгүй. Хууль нь байгаа бол би хойшлуулахад асуудал алга. Даанч хойшлуулж болно гэсэн хууль байхгүй болохоор уг асуудлаа өөрсдөө шийд гэдэг байдлаар байр сууриа илэрхийлсэн. Хүний өмнөөс хууль зөрчих зарчим гэж байх ёсгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *