Сонгинохайрхан дүүрэгт байшин шатаж нэг хүн өртөн амиа алджээ. Тодруулбал, 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 39 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу аравдугаар сарын 16-ны 07:04 цагт Онцгой байдлын газар иржээ. Дуудлагын дагуу алба хаагчдыг очиход тус тоотод иргэн О-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хана таазны хэсэг, эд зүйл шатаж байжээ. Улмаар 20 минут ажиллан унтраасан бөгөөд уг гал түймэрт 30 настай, эрэгтэй өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Иймд иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна.
Үүнд:
- Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх,
- Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх,
- Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх,
- Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх,
- Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх,
- Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх,
- Үнс нурмаа ил задгай асгахгүй байх,
- Гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх,
- Пийшин, зуухны галлагааг хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.