Улсын хэмжээнд 2023 оны 9 дүгээр сарын байдлаар 289.444 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 8 дугаар сартай харьцуулахад 0.5 хувиар өсжээ.
Нийт зөрчлийн хэргийн 73.4 хувь нь Нийслэлд, 26.6 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 95 хувийг Цагдаагийн байгууллага, 0.13 хувийг Гаалийн байгууллага, 0.16 хувийг Гадаадын иргэн, харьяатын газар, 0.08 хувийг Татварын байгууллага, 0.01 хувийг Онцгой байдлын газар, 4.7 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж, шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд 274.821 хүн, 786 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 1 хувиар буурсан бол хуулийн этгээд 50 хувиар өссөн байна.
Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76.8 хувь нь эрэгтэй, 23.2 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол дийлэнх буюу 64.3 хувь нь 26-45 насныхан байна.
Өнгөрсөн есдүгээр сард үйлдэгдсэн зөрчлийг наймдугаар сартай харьцуулахад нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 25 хувиар, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хууль зөрчих зөрчил 23.8 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил 12,7 хувиар тус тус өссөн байна.
Харин Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 57.1 хувиар, Хулгайлах зөрчил 23.5 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 15.6 хувиар буурчээ.