Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Ариун: Үндэслэлгүйгээр эрүүгийн гэмт хэрэгтэн болох эрсдэл иргэд, сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөллийнхөнд учраад байна DNN.mn

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүйн багш доктор, дэд профессор Л.Ариунтай ярилцлаа.


-Та шинээр томилогдсон ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын “Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан тохиолдолд торгох шийтгэлийг хүчингүй болгож, 1-5 жил хорих ялтай болгож ялын бодлогыг чангатгах”-аар төлөвлөж байгаа тухай мэдэгдлийг сонссон байх. Сэтгүүлчийн мэргэжлээр оюутан бэлтгэдгийн хувьд та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Доромжлох үйлдлийг Эрүүгийн хуульд тусгах гэсэн энэхүү оролдлогын УИХ-аар хэлэлцэх нь маш олон хор хохирлыг дагуулах бодит эрсдэлтэй. Зөвхөн сэтгүүл зүй, хэвлэл мэдээлийн салбарт хамаатай асуудал биш иргэд сонгогчдынхоо мэдэх эрх, шүүмжлэлт дуу хоолойг хязгаарлах оролдлого гэж үзэж болно. Монгол Улсын Их хурлаас баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эрхэм зорилгод “… хүмүүнлэг нийгмийг цогцлоож, ардчилал, шударга ёсны засаглал бэхжүүлэх” талаар тусгасан. Гэтэл энэ оролдого үйлдэл нь ардчилсан Монгол Улсад байх боломжгүй үйлдэл юм.

Мөрдөн байцаалтын нууц задарлаа гэхэд тухайн хэрэгт мөрдөн байцаалтын багаас гадна прокурор, хохирогч, сэжигтэн, гэрч гэх мэтээр хэргийн маш олон оролцогч байдаг. Тэдний хэнээс ч мэдээлэл задрах боломжтой. Үүнээс болж хэн нэгнийг хэлмэгдүүлэх магадлал үүсч болох уу?

-Хангалттай үндэслэл болон судалгаанд суурилаагүй дээрх хуулийн төслийн өргөн барихдаа олон улсын зөвлөмж, мэргэжлийн байгууллагын саналыг тусгаагүй. Хэвлэл мэдээлэл, иргэдийн эрхийн асуудлыг хөндөж байж тэдний олон талт оролцоотой хэлэлцүүлэг, санал дүгнэлтийг аваагүй нь ямар зорилготой вэ гэдэг нь эргэлзээтэй. Үүнийг хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд хардаж, эрс эсэргүүцэж байгаа.

-Эх сурвалж сэтгүүл зүйд ямар үүрэгтэй вэ?

-Олон нийтэд мэдээллийг бодитой хүргэхийн тулд тухайн үйл явдалтай холбоотой янз бүрийн түвшний эх сурвалжтай холбогдох хэрэг гардаг. Сэтгүүлч эх сурвалжийнхаа аюулгүй байдлыг хангах, тэдний итгэл үнэмшлийг олж авах нь туйлын чухал. Тиймээс Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд “Хүний итгэлийг хүлээж, олсон мэдээллийнхээ эх сурвалжийг ямар ч тохиолдолд чанд нууцална” гэсэн агуулгатай заалт бий. Ийм заалт Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хуульд ч бас бий. Өөрөөр хэлбэл олон нийтийн эрх ашгийг зөрчсөн, нийгэмд хор хохирол учруулах буруутай үйлдлийг ил тод бөгөөд шударгаар шүүмжлэх эрх Монгол Улсын иргэн бүрд байх ёстой. Ингэснийхээ төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болох эрсдэл, оролдлого үүсгэж байна.

-Сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах, нууцлах үүрэгтэй. Тэгвэл хууль хүчний байгууллага сэтгүүлчийн эх сурвалжийг хэлүүлэх ёстой юу. Бид эх сурвалжаа хамгаалахын тулд юу хийх шаардлагатай вэ?

-Сэтгүүлч эх сурвалжаа хамгаалж чадахгүй бол бодитой мэдээлэл авах, хүргэх нөхцөл боломжгүй л болно гэсэн үг. Нэр төр гутаах, доромжлолтой холбоотой зохицуулалтыг Эрүүгийн хуульд оруулахгүйгээр шүүмжлэлт, эрүүл дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах бүрэн боломжтой. Энэ нь бусдыг доромжлох явдлыг өөгшүүлэхгүй бөгөөд үүнийг иргэний хэргийн шүүхээр болон хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагаар шийдүүлэх арга зам нь илүү тохиромжтой гэдгийг олон улсын байгууллагууд сануулсаар байна. Өөрөөр хэлбэл, хүний нэр төр алдар хүндийг хамгаалах, нөгөө талаас шударга, чөлөөт хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн идэвхтэнүүд айдасгүй, аюулгүйгээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нэгэн зэрэг хангах бүрэн боломж бий гэсэн үг юм.

-Сайдын дээрх шийдвэр хэрэгжээд эхэлбэл гарах хор уршиг нь юу вэ?

-Дараах хор хохирлыг дагуулах бодит эрсдэл байна хэмээн мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн байна. Нэгдүгээрт, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүний язгуур эрх чөлөөг хэтрүүлэн хязгаарлах, хясан боогдуулах, урвуулан ашиглах замаар ардчиллын үнэт зүйлээс ухрах. Хоёрдугаарт, шүүх хяналтын байгууллагад хүний нэр төр алдар хүндийг гутаасан гэх нэхэмжлэлийг улам өргөжүүлэх замаар үндэслэлгүй, зохиомол хохирол үүсгэх. Гуравдугаарт, төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал, шударга ёс, тэгш эрх, боломжийн талаарх иргэдийн чөлөөт шүүмжлэх эрх, эрх чөлөөнд халдаж цензур тогтоож, айдас үүсгэх. Дөрөвдүгээрт, шаардлагагүй хууль тогтоомжоор дамжуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төрд хяналт тогтоох чөлөөт сэтгүүл зүйг боомилох. Тавдугаарт, үндэслэлгүйгээр эрүүгийн гэмт хэрэгтэн болох эрсдэл иргэд, сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөллийнхөнд учраад байна.

-Энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээр сэтгүүл зүйн салбар яаж өөрчлөгдөх бол?

-Чөлөөт сэтгүүл зүй хөгжиж, Монгол Улс ардчилсан улс гэж хэлэх боломжгүй л болох байх даа. Иймэрхүү практик зөвхөн ОХУ-д л байдаг тухай судалгаа бий.

-Хамгийн сүүлийн жишээ гэхэд сэтгүүлч мэдээлж байж жолоочид мэдээлэл авч хэрэгтнийг барьсан. Хэрэв энэ мэтээр мэдээлэл дамжуулахгүй бол нийгэмд ямар байдал үүсч болох вэ?

-Нийгмийг бодитой мэдээллээр хангаж, танин мэдүүлж, соён гэгээрүүлж гэх мэтээр олон сайн сайхан нөлөөг хэвлэл мэдээлэл, сэт-гүүлчид үзүүлдэг, үзүүлсээр ч байгаа. Эрүүл нийгмийг цогцлоож, ардчилсан улс орныг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн чөлөөт байдал хамгийн чухал нөлөөтэй. Хатуу хязгаарлалт хууль цаазаас илүү зөөлөн хэм хэмжээг олон улс зөвлөж байгаа. Гүтгэх, доромжлохтой холбоотой асуудлыг шүүхийн бус шугамаар буюу Хэвлэлийн зөвлөл зэрэг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын механизмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд тэр тусмаа эрэн сурвалжлах сэтгүүл зүйд эх сурвалжгүй болно гэсэн айдас сэтгүүлчдэд учирлаа. Сэтгүүлчид эх сурвалжгүйгээр яаж ажиллах вэ?

-Ажиллах ямар ч боломж байхгүй. Сэтгүүл зүй хөгжих, оршин тогтнох ямар ч арга зам үлдэхгүй. Ийм нөхцөл байдал яагаад ч бий болгож болохгүй.

-Энэ нь нэг үгээр Дөрөв дэх засаглал буюу хэвлэл мэдээллийнхний амыг барих үйлдэл мөн үү?

-Шууд утгаараа мөн. Хамгийн гол нь ганц хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид биш. Иргэд олон нийт, сонгогчид, иргэний нийгмийн төлөөлөл ч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, шүүмжлэлт үзэл бодлоо хаалгаж байна гэж ойлгож болно.

-Ямарваа нэгэн хэргийг мэдээлэхгүйгээр үнэн бодит байдал илрэх боломтой юу?

-Асуух юун. Жинхэнэ хуурамч мэдээлэл, тархи угаалт л хөгжих байх даа.

-Сэтгүүлч мэдээлж байж тэр мэдээлэл амилж нийгмийн хараанд өртдөг. Гэвч одоо эх сурвалжаа ялтан болгох хэмжээнд хүрвэл энэ нь хэнд хамгийн ашигтай вэ?

-Цөөн хэдэн ёс зүйгүй улстөрчид, УИХ-ын гишүүдэд л ашигтай байх.

-Хэрэв сэтгүүлч эх сурвалжгүй байсан бол ЖДҮ, Хөгжлийн банк, 60 тэрбумын хэрэг, нүүрсний хэрэг гэх мэт нийгэмд асуудал тарьсан том хэргүүд олны хараанд өртөж чадах байсан уу?

-Зөвхөн дээрх хэргүүдээр тогтохгүй маш олон үйл явдал асуудлыг төр засаг олон нийтийн хараанд авчирч эергээр шийдүүлж ирсэн. Монголын нийгмийн хөгжил, өнөөгийн энэ чөлөөт сэтгүүл зүйн хөгжилд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид, мэргэжлийн байгууллагууд маш өндөр үүрэг гүйцэтгэж ирсэн юм шүү. Одоо харин ухралт хийх гээд байна. Уг нь манай оронд 2015 оноос хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын тогтолцоо бүрдэж, редакц болон иргэний хоорондын зөрчил маргааныг үр дүнтэй шийдвэрлэдэг жишиг загвар бий болсон. Үүнийг маань Зүүн Европ, Төв Азийн улс орнууд сайн туршлага болон суралцаж байна. Бид салбар дотроо ёс зүйгээ хэлэлцэж, сургалт судалгаагаар өөрсдийн алдаа дутагдлаа засах гэж маш олон ажлыг хийж байгаа үр дүнгээ ч өгөөд эхэлсэн. Хатуу хууль тогтоомжоор хэвлэл мэдээллийг зохицуулахгүй эргээд хүний эрхийн зөрчил болдог тул хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын механизмаар шийдвэрлэх нь зүйтэй болох тухай олон үндэслэл, судалгаа бий л дээ.

-Энэ хууль хэрэгжээд эхэлбэл сэтгүүлч яаж ажиллах ёстой болох вэ?

-Хүмүүнлэг, энэрэнгүй, шударга иргэний ардчилсан нийгэм цогцлоох нь монгол хүн бүрийн хамтын зорилго билээ. Шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг дээдэлж үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүний эрх, эрх чөлөөг улам бататгахын төлөө уг хуулийн төслийг эсэргүүцэх нь бидний өнөөдрийн хийх ёстой ажил. Энэ хуулийн төслийг дэмжихгүй байх гэж найдаж байна.

-Сэтгүүл зүйн салбар үүн дээр хэрхэн ач холбогдол өгч хандах ёстой вэ?

-Сэтгүүлчид, судлаачид, иргэний нийгмийнхэн, иргэд олон нийт бүгд энэ оролдлогыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлэх хэрэгтэй гэж бодож байна. ХМХ, мэргэжлийн байгууллагууд, судлаачид, сэтгүүлчид зэрэг манай салбарын хүмүүс энэ их хор хохирол дагуулах оролдлогыг зогсооход бүхий л арга хэлбэрээр дуу хоолойгоо хүргэхээр ажиллаж байна. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, Монголд чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлэхэд саад болох энэхүү үйлдлийг зогсоох нь угаасаа бидний үүрэг юм. Олон нийт, сонгогчдынхоо үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, шүүмжлэлт дуу хоолойг хамгаалж “Доромжлох” үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулахаар өргөн мэдүүлсэн төслөөс татгалзаж Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн алхам хийхийг УИХ-ын гишүүдээс хүсч байна.

С.ОТГОНБАЯР

 

One reply on “Л.Ариун: Үндэслэлгүйгээр эрүүгийн гэмт хэрэгтэн болох эрсдэл иргэд, сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөллийнхөнд учраад байна DNN.mn”

Их монгол гээд дампуурцан дээд сургууль төгссөн энэ багш буруу ярьсан байна. хэдий ярилцлага ч агуулгаа шалгадаггүй юмуу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *