Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд хүүхдийн яргын орон байдгаа болих хэрэгтэй DNN.mn

Монгол Улс хүүхдэд ээлгүй орон болж хувирлаа. Энэ байдлаар нийт хүн амын ердөө гучаадхан хувийг эзэлдэг 1.3 сая монгол хүүхдийн ирээдүй үнэхээр хэцүү харагдаж байна. Жилээс жилд гэмт хэргийн золиос болдог хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байгаа. Өнгөрсөн онд 1500 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсныг статистик бэлхнээ хэлээд өгөв. Энэ бол зөвхөн хууль, хяналтын байгууллагад бүртгэгдсэн л дүн. Цаана нь цагдаад дуудлага өгөөгүй хэчнээн бяцхан зүрх айдастайгаа нүүр тулж, зовж шаналдгийг хэн ч мэдэхгүй. Ийм байхад бид өөрсдийгөө хүүхэд, залуусын орон гэж цээжээ дэлдээд яах юм бэ.

Ер нь монголчууд хэзээнээсээ хүүхдийн эрхийн талаар ямар ч ухамсаргүй явж ирсэн улс. Өнөөдөр л гэв гэнэт хүүхдүүдэд харгис хандаад, үл тоогоод байгаа юм биш. Бүр эртнээс хүүхдийг зарцын хэмжээнд ярьдаг байсан. Хүүхдээ төрүүлэхдээ “Хөлөө хучуулах хүүхэдтэй болно. Хөгшин болсон хойноо туслуулах үртэй байх хэрэгтэй. Үхэхдээ өргүүлнэ” гэдэг. Тэгээд “Хүүхэд том болоод сайхан байна. Малын хошуу эргүүлдэг боллоо” гэж боолчилно. Үүнийгээ амьдралын ухаанд сургаж байна гэж өөрсдийгөө зөвтгөнө. Энэ бүгдийг эргүүлээд харахад монголчууд эртнээсээ болон одоо хүртэл хүүхдийн яргын орон байжээ. Яг үнэндээ Монголд хоншоортой нь л хүн болдог байж. Баргийн хүүхэд хүн болдоггүй. Үхээд дуусдаг. Одоо үүнийгээ болих хэрэгтэй байна. Тэгээд болоогүй би чамайг төрүүлсэн гээд өөрийнхөө хүссэнээр байлгах гэдэг. Тэр хүүхдийн ертөнц, үзэл бодол, эрх чөлөөг огт бодолцдоггүй. Хүүхэд бол ая тухтай амьдралынх нь төлөөс байх ёстой мэтээр аашилдаг. Энэ бол монголчуудын мунхаг үзэл. Сүүлийн үед төр засгийн үйл ажиллагаа нь хүртэл яг ийм болчихсон. “Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ, хүүхдийн эрхийг хуулиар хамгаална” гээд л бодлогын түвшинд сүрхий шийдлүүд ярьдаг хэрнээ хөрсөн дээрээ хэрэгжилт нь нойл. Сая гэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа парламентад Хүүхэд хамгааллын сангийн тайланг танилцуулна лээ. Улсаас санхүүждэг энэ байгууллагын зардал хүүхэд хамгаалахад хүрэлцдэггүй юм байх. Өнгөрсөн жил найман тэрбум төгрөгийн төсөвтэй байсныг ирэх онд 14 тэрбум болгож нэмэгдүүлэхээр УИХ-д өргөн барьсан гэнэ. Ингэснээр хүүхэд хамгааллын ажлыг илүү өргөн цар хүрээнд хийж чадна гэж салбарын сайд нь ярина лээ. Энэ сан төсвөөс авсан найман тэрбумынхаа ердөө гуравхан тэрбумыг нь зориулалтын дагуу зарцуулсан гэж тайлагнасан байгаа юм. Харин таван тэрбум төгрөг нь хүүхэд хамгаалахад биш өөр зүйлд зарцуулагджээ. Архи, виски, сонгуулийн зардал гээд явж өгсөн байна лээ. Тэр бүү хэл гэр орондоо цахилгаан хэрэгсэл хүртэл авчээ. Энэ бүхэн аудитын дүгнэлтээр ил цагаан болсныг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан ярих шив дээ.

Хүүхдүүдээсээ голоо тасартал харамладаг манай төр малд мөнгө өгөхдөө их өгөөмөр. Ямааны ноолуур, үнээний сүүнд гээд л мөнгөө цацаж өгнө. Өнгөрсөн хавар үхэр ээмэгжүүлэхэд 13 тэрбумыг зориулна гэж салбарын сайд нь мэдэгдэж байлаа. Тэгсэн хэрнээ хүүхдийн мөнгөн дээр яаж үхэн хатан эсэргүүцлээ дээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хүүхдүүдэд 100 мянган төгрөг өгдгөө болимоор юм. Хөдөө хүүхэд болгон дугуй унаж байна” гэж байна. Ингэхэд яагаад хүүхэд дугуй унаж болдоггүй юм бэ. Энэ бол хамгийн наад захын хэрэгцээ шүү дээ. Хүүхдийн 100 мянган төгрөг өгснөөс болж айл өрхүүд баяжаад толгой дарааллан дугуй авч унаад байна гэж гомдолсон. Тэд дугуйгаар наадаад эрхэм гишүүнд ажил хийж өгөхгүй байгаа гэнэ. Хүүхдийн мөнгөөрөө амьдраад иргэд ажил хийхээ байлаа гэж мушгисан. Ганц Ц.Даваасүрэн ч биш өчнөөн олон гишүүн ил, далд хүүхдийн мөнгийг болиулах гэж гүйсэн. Ард түмний боломжийг хулгайлж, хэдэн үеэрээ идэж барахгүй хөрөнгө цуглуулчихсан төрийн түшээд нь хүртэл ийм муухай үзэлтэй. Энэ бүх зүйл дээрээс монголчууд хүүхэд хөгшиддөө ээлгүй улс гэдэг нь харагддаг. Хүч чадалгүй сул дорой нэгийгээ дээрэнгүй ханддаг хулчгар улсын л зан юм даа. Одоо үүнийгээ болих хэрэгтэй.

Сая Дорноговь аймагт харамсалтайгаар амиа алдсан 12 настай охины үхэл монголчуудын жинхэнэ нүүр царайг харууллаа. Таксинаас эхэлье л дээ. Машинтай хүн болгон таксинд явдаг болсон. Одоо энэ асуудлыг цэгцлэх ёстойг хөөрхий охинд тохиолдсон эмгэнэлт явдал гашуун сургамж болов. Такси бол үйлчилгээний нэг төрөл. Таних тэмдэг, стандарт гэж байх ёстой. Гэтэл хэн дуртай нь болсон болоогүй таксичид гэж галзуурдгийг зогсоомоор байна. Дээрээс нь нийгэмд үгүйлэгдэж байгаа хамгийн том асуудал бол камержуулалт. Мэдээлэл технологийн эрин үед манайх шиг ийм харанхуй улс алга. Зургаан жилийн өмнө Замын-Үүдэд Д.Сэржмядаг охиныг алга болоход л орон нутагт камер тавина гэж ярьдаг байсан. Гэтэл өнөөдөр бахь байдгаараа. Хүүхдүүд алга болсоор, амиа алдсаар л байж байг уу. Яс юман дээр улсаас камер суурилуулаарай гээд мөнгө өгөөгүй биш, өгдөг юм билээ. Харамсалтай нь хөгийн шимигчид тэр мөнгөнөөс нь хулгай хийж идчихээд юу ч болоогүй юм шиг сууж байна. Камержуулсан дүр үзүүлдэг. Дараа нь камерын засвар үйлчилгээний мөнгө гэж дахиж төсөв өгдөг ч тэрийг нь хуу хамаад дуусдаг. Энэ бол монголчуудын дээрээсээ доошоо хүртэл бүх шатанд хулгай хийж гаршсаны үнэн төрх. Тэр дундаа хүүхэд хэл ам хийхгүй болохоор бүр ч дээрэнгүй хамдаг.

Хүүхдүүдээ зүгээр л хөсөр хаячихжээ, манай улс. Хүүхдийн хажууд архидан согтуурах нь энгийн үзэл. Энэ байдлыг нийгмээрээ хүлээн зөвшөөрчихсөн. Цэцэрлэг дотор архидаж байгаа багш, сурган хүмүүжүүлэгч нарыг “Яахав дээ ганц баярын өдрөөрөө наргиж цэнгэж л байг” гээд өмөөрцгөөх. Гол нь хүүхдийн орчинд согтууруулах ундаа хэрэглэж байгаа зохисгүй үйлдлийг нь огт олж харахгүй шаагилдах юм. Бас хүүхдээр морь унуулна. Монголчууд өөрсдийнхөө зугаа цэнгэл, дур хүслээ гүйцээхийн тулд хүүхдүүдийг адгуусан дээр мордуулаад барианы цаана хөөрч зогсцгоодог. Хүүхдүүдийн эрх зөрчигддөг өөр нэг асуудал бол дотуур байр байна. Аймаг, сумын төвд зургаан настнуудыг аав, ээжээс нь салгаад дотуур байранд аваачаад хашчихдаг. Ийм балчир хүүхдүүдэд ямар ч шоронгоос илүү тамын газар. Гэр бүл, өсч торнисон орчин, адаглаад тоглоомоо хүртэл санаж бэтгэрнэ. Ээж, аавынхаа энгэрээс салж үзээгүй зургаан настнуудын хувьд дотуур байранд өдөр өнгөрөхгүй. Нэг хоног бүтэн жил шиг л удаан санагддаг. Гэтэл манайхан дотуур байр шиг сайхан жаргалтай газар байхгүй гээд л ярьцгаадаг. Бодит үнэн гэвэл дотуур байранд хүүхдүүд яаж ганцаарддаг, өлсдөг бүүр цаашлаад амиа хорлох явдал гарсаар байгааг парламентын танхимд хэлэлцэж л байна шүү дээ. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа өөр нэг орчин бол сургууль байна. Өнөөдөр нэг анги бараг 60 хүүхэдтэй хичээллэдэг. 20 хүүхэд суух стандарттай өрөөнд гурав дахин их хүүхэд бөөгнүүлж хашчихаад юу сурна гэж найдаж хүлээх юм бэ. Ядаж л амьсгалах агаарын хүрэлцээ ямар байхыг бодолцох ёстой. Цонхоо онгойлгох юм бол хөлдөж үхчих гээд хэцүү. За тэгээд тэр олон хүүхдэд дуу хоолойгоо хүргэх гээд багш самбарын өмнө өдөржин орилно. Орой нь тэр багшийн яриа хүүхдүүдэд дуулдах уу. Хүүхэд хичээлээ ойлгох уу. Хүүхэдтэй холбоотой бүх юмаа эргүүлээд нэг бод доо.

Монголчуудын сэтгэлгээнд хүүхэдтэй болбол хариуцлага хүлээдэг гэдгийг нутагшуулах ёстой юм байна. Сүүлдээ хүүхнүүд нөхрөө тогтоохын тулд бушуухан хүүхдийг нь гаргана гэж ярьдаг болсон ч байх шиг. Хүүхэд ямар завхайрлын золиос юм уу. Тэгэх хүүхдийн эрх, амьдрах орчин гээд бүхий л зүйлсийг нь стандарт, ном журмын дагуу болгох хэрэгтэй байна. Шийдэл нь мэдээж хуулийн гаргалгаа гэдэг. Саяын хэрэгтэй холбоотой хүүхэд хүчирхийлэгчдэд өршөөл үзүүлдэггүй больё гэж ярьж байна. Ингэж ярихаасаа урьдаар хүчирхийлэл үүсдэг орчныг нь болиул л даа. Өнөөдөр Монголд хүүхдийг яаж л бол яаж хүчирхийлж болохоор байна. Эрхбиш монголчууд номхон тулдаа л тэсээд байх шиг. Дотуур байр, хонины бэлчээрт охид бэлгийн хүчирхийлэлд өртдөг явдлыг яагаад зогсоож болдоггүй юм бэ. Суурин газраас илүү сум орон нутагт хэдэн малчдын хүүхдүүд ийм айдастай нүүр тулан амьдарч байгаа. Зэлүүд сумын нэг захаас нөгөө зах хүртэл сургуульдаа алхаж явдаг хүүхдүүд олон. Аль ч суманд очвол өсвөр насны охин 4-5 км-ийн зайтай сургуулиасаа гэр рүүгээ шөнө оройн цагаар алхаад явж л байгаа. Хэн ч түүнийг хүүе, хаая гэж анхаараад хүргэж өгч, тосдоггүй. Үеийн хөвгүүд нь татаж чангаана. Хүүхэд болсон хойно ичиж, ээж аавдээ хэлж зүрхлэхгүй. Насанд хүрсэн эрчүүл нь харин нэрээ хичээгээд гайгүйхэн өнгөрөх юм даа. Хүн цөөнийх л байдаг байх. Хэн гуай явуулахгүй байсан гээд ярьвал нүдний булай л даа. Энэ бол манайд өдөр бүр л болдог асуудал. Энэ бүхнийг бий болгож байгаа орчныг нь үгүй болгох ёстой. Наад зах нь сумын сургуульд хүүхдийн унаа авч өгөх хэрэгтэй байна. Хүүхэд хамгаалах ажлыг ингэж л хийдэг байх. Тэрнээс хэдэн утасны дуудлаганд хариулаад тоон дүнг нь нэгтгээд, сургалт явуулсан болоод төсвийн мөнгийг үрэн таран хийхийн нэр биш шүү. Хэрэв энэ янзаараа яваад байвал Монгол Улс хүүхдийн яргын орон хэвээрээ л байна.

Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжөөд 100 жилтэйгээ золгох гэж байна. Ардчилсан хүмүүнлэг нийгмийг цогцлоосон гэж дэлхий дахинд үнэлэгддэг бид хүүхдүүддээ дэндүү харгис байгаа нь нүүдэлчдийн хатуу ширүүн орчинд аминчхэн үзэлтэй явж ирсэний л гай. Суурин иргэншилд шилжсэн бид одоо энэ зангаасаа салах хэрэгтэй байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *