Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Хүрэлбаатар: Нийгэмд сенсаци зориуд гаргаж, түүнийхээ сүүдэр дор парламент хоорондын комисс гэх Оросын нөлөөг Монголын төрд нутагшуулж байна DNN.mn

Ардчилсан намын гишүүн, зөвлөх хууль, улс төр судлаач Т.Хүрэлбаатартай Орос, Монголын парламент хоорондын хамтарсан комиссын асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг Орос, Монголын парламент хоорондын хамтарсан комиссын асуудлыг хуульчдаараа судлуулна гэж мэдээлэл өгч байсан. Зөвлөх хуульчийн хувьд энэхүү асуудлыг юу гэж ойлгож байгаа вэ?

-Юуны өмнө ийм комисс байгуулагдсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болохыг бид баримттай ярьж байгаа. Учир нь Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ. УИХ ард түмний төлөөллөөс бүрддэг. Тэр утгаараа УИХ-аар батлагдаж буй хууль, журам болгон ард түмний саналыг тусгасны үндсэн дээр хэлэлцэгдэж баталдаг. Өөрөөр хэлбэл УИХ-ын хэрэгжүүлж байгаа үйлдэл, гаргаж байгаа шийдвэр болгоны цаана ард иргэдийн санал байнга явж байдаг гэсэн үг. Үүгээрээ ард түмэн төрийн эрхийг барих Үндсэн хуулийн эрхээ эдэлж байгаа гэж ойлгож болно. Гэтэл УИХ-ын дарга нь гадны улс орны парламенттай хамтрах асуудлыг ард түмэн битгий хэл УИХ-ын гишүүдээс асууж, саналыг нь авалгүйгээр дангаараа төлөөлж комисс хүртэл байгуулсан нь өөрөө Үндсэн хуулийн ноцтой зөрчил. Тиймээс АН-ын хуульчид энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр бэлтгэж байгаа.

-Хууль зөрчсөн үйлдэл юм байж. Улс төрийн өнцгөөр нь харвал энэхүү комиссыг ямар зорилгоор байгуулсан гэж та харж байна вэ?

-Ирэх жил бол сонгуулийн жил. Тэр утгаараа улс төрчид, намуудад сонгуульд оролцох хөрөнгө санхүү асар их хэрэгтэй болсон. Тэр утгаараа эрх баригчид тэр дундаа УИХ-ын дарга сонгуулийн мөнгөө босгохын тулд Оросын нөлөөнд орж иймэрхүү хууль бус үйлдэл хийсэн байж болзошгүй. Шууд улс төрийн өнцгөөр нь харъя, хардъя гэвэл иймэрхүү дүр зураг ажиглагдаж байна л даа. Нөгөөтэйгүүр УИХ-ын дарга УИХ-ыг төлөөлөх эрх байхгүй. Гэтэл яагаад дангаараа ийм шийдвэр гаргасан бэ гэдэг асуудал гарч ирнэ. Би үүнд нэг хариулт л хэлье. Эрх баригчид үнэхээр хүчиндээ солиорсон байна. Дарга болчихвол бүгдийг шийдвэрлэнэ, би л бүх юмыг мэднэ, миний өөдөөс дуугарах хүн байхгүй гэх коммунист үзэл суртлаар явж байна. Тэд ардчилсан орон, эрх зүйт төртэй улс гэдгээ таг мартчихаж. Босоо удирдлагын тогтолцоо МАН-д хүчтэй ноёрхож эхэлсний нотолгоо бол энэ. Дарга л бүгдийг мэддэг гэсэн үзэл агуулгаар асуудлыг шийдвэрлэх гэж муйхарлаж байна.

Энэхүү хамтарсан комиссыг ямар учраас байгуулсан, ямар зорилготой вэ гэдгээ УИХ-ын дарга болон холбогдох албаныхан тайлбарлаж байгаа. Тэдний хувьд хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах, стратегийн иж бүрэн харилцааг өргөжүүлэх зорилготой гэж үзэж байна. Энэ нь УИХ-ын хийх ёстой ажил уу?

-Мэдээж үгүй. Үүнийг Ерөнхийлөгч эсвэл Засгийн газрын түвшинд бүрэн хийгээд явах боломжтой. Харин УИХ-ын зүгээс гадаад бодлогын баримт бичгийг хуулиар боловсруулах л үүрэгтэй. Түүнээс биш УИХ гал тогооны ажилтай зууралддаг байгууллага огт биш шүү. Эрх баригчид давхар дээлийг хязгааргүй болгосон. Үүнээс болоод Засгийн газрын гишүүдийн дийлэнх нь давхар дээлтэй байна. Тэр утгаараа засаглалын эрх мэдэл, тогтолцоогоо хольж хутгасан. Хаана нь УИХ-ын

үйл ажил яваад байна, хаана нь Засгийн газрын бодлого хэрэгжиж байна гэдгээ ялгаж салгахаа больсон гэсэн үг. Угтаа УИХ хууль тогтоох үүргээ хэрэгжүүлж, гаргасан хуулийг нь Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, УИХ Засгийн газартаа чиглэл өгч, хяналт тавьж ажиллах тогтолцоотой гэсэн үг. Гэтэл давхар дээл, намын хэт дарангуйлал, босоо тогтолцоотой болсны хар гайгаар МАН засаглах зарчмаа гээсэн байна. Тэд нийгэмд сенсаци зориуд гаргаж, түүнийхээ сүүдэр дор парламент хоорондын комисс гэх Оросын нөлөөг Монголын төрд нутагшуулж байна гэж ойлгож байгаа.

-Ер нь бусад орнуудад парламент хооронд хамтрах туршлага байдаг юм болов уу?

-Парламентын тогтолцоотой оронд ийм үзэгдэл миний мэдэхийн лав байхгүй. Ерөнхийлөгч, Засгийн газар гадаад улсуудтай ингэж хамтарлаа л гэж сонсож байснаас хууль тогтоогч байгууллагууд хоорондоо хамтарсан комисс байгуулж ажилладаг жишээ, жишиг дэлхийд байхгүй л болов уу. Манай өнөөгийн УИХ-ын хувьд бүлгийн хэмжээнд гадаад улсын парламенттай хамтарч ажиллах, хууль, эрх зүйн арга туршлага солилцох асуудал байдаг. Хамтарсан бүлгийн даргууд ч бий. Харин бүтэн парламент хоорондын хамтрал олон улсад байхгүй ч манайд л шинээр ийм улс төрийн комисс байгуулагдаж байгаа нь сонин. Комисс байгуулагдсан. Одоо хэрэгжүүлэх үүрэг чиглэл нь юу юм бэ гэдгийг би хувьдаа ойлгохгүй байгаа. Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байдаг. Ард түмэн өөрийн төлөөллөөрөө дамжуулан энэхүү эрхээ эдэлнэ гэж хуулиараа зааж өгсөн. Гэтэл одоо Оросын ард түмэнтэй хамтарч энэхүү эрхээ эдлэх болж байна уу. УИХ-аас баталж гаргаж байгаа хууль монголын иргэдэд болон оросын иргэдэд мөн хамааралтай болох уу. Эсвэл оросын парламентаас гаргасан шийдвэр монголын иргэдэд ч бас хамаарч үйлчлэх үү. Тэгвэл бид тусгаар тогтнол гэж яриад яах юм. Оросын нэг колон улс болох зүг рүүгээ орчихож байгаа юм биш үү. Парламент гэдэг бол хууль л тогтоох үүрэгтэй байгууллага. Тиймээс хоёр улсын парламент хоорондын хамтарсан комисс гэдэг бол хууль л гаргана. Гаргаж байгаа хууль нь хэнд үйлчлэх вэ. Парламент Засгийн газар шиг хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг байхгүй. Тэр утгаараа стратегийн ямар бодлого зохицуулалтыг шийдвэрлэх гээд байгаа юм. Хуулиар шийдвэрлэлээ гэхэд ямар хууль гаргах вэ. Гаргалаа гэхэд хэн тэрийг нь мөрдөх вэ.

-Хоёрын улсын Ерөнхийлөгчдийн гаргасан шийдвэрийг мөрдүүлнэ гэж хэлсэн. Энэ хүрээндээ ажиллах юм биш үү?

-Орос бол Ерөнхийлөгчийн засаглалтай холбооны улс. Манайх парламент засаглалтай ардчилсан улс. Тэгэхээр нэг талдаа Ерөнхийлөгч нь төрийн эрх барьж байна. Нөгөө талдаа УИХ гэдэг байгууллага нь төрийн эрхийг барьж байна. Гэтэл ийм зөрүүтэй засаглал дээр яаж хоёр улсын Ерөнхийлөгчийн шийдвэрийг ижил түвшинд мөрдүүлэх вэ. Энэхүү комисс нь явж явж Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхийг нэмэгдүүлэх гээд байгаа юм уу. Манай Ерөнхийлөгч дангаараа хууль батлаад явах болж байна уу. Ер нь хуульч хүнийхээ хувьд хэлэхэд ямар ч тохиолдолд энэхүү хамтарсан комиссоос гаргасан шийдвэр, үйл ажиллагаа явах боломжгүй. Явлаа гэхэд араасаа асар олон хууль эрх зүйн зөрчил үүсгэнэ.

2 replies on “Т.Хүрэлбаатар: Нийгэмд сенсаци зориуд гаргаж, түүнийхээ сүүдэр дор парламент хоорондын комисс гэх Оросын нөлөөг Монголын төрд нутагшуулж байна DNN.mn”

Залуу хуульчид баярлалаа. Гадны тоглоом болохгүй, хөршүүдтэйгээ хуулиараа хэн хэнээ холгохгүй, залилахгүй харилцах анхны мэдэгдэхүүнийг нэгдлийн даргын хүү-Занданшатарт ойлгуулаарай. Хүрэлсүх гэх хар цэргийн мэдлэг боловрол ямар бна? Ашигт малтмалын стратегийн хууль гэж Занданшатарын хууль гадны хөрөнгө оруулагчдыг хөөж хөгжил чөдөрлөсөн.

Т. Хүрэлбаатарт болон АН -д баярлалаа. Энэ путин дарангуйлагчаас юу ч гарч болно. Орос дахь улс төрийн маразм гэдэг манайд нэвтэрч буй нь энэ. Ямарч утга учиргүй, эмх цэгцгүй, логикгүй, завхарсан жонхуу гэж энэ. Оросын парламент монголын хуулийг тогтоож эхлэх нь дээ. Коммунист оросууд эрүүл бус ичмээр тэнэг юмс бодож зохионо, түүнийг нь монгол коммунистууд нь даган баясана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *