Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотын дарга Д.Сумъяабазарын бяр нь хүрээгүй барилгууд баригдсаар, дүнхийсээр байна DNN.mn

Хотын дарга асан Д.Сумъяабазар үерийн амыг боож, голын эрэг рүү шороо түрж тэгшилж барьсан зарим барилга, шатахуун түгээх станцыг нураах шийдвэрийг гаргасан байдаг. Уг асуудлыг 2023 оны долдугаар сарын 5-нд орсон борооноос үүссэн үерийн дараа л ярьж эхэлсэн. Улмаар 2023 оны наймдугаар сарын 31-ны өдөр тухайн үеийн Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр Алтай хотхоны урд байрлах Шунхлай шатахуун түгээх станцыг нураах шийдвэр гарсан хэмээн мэдээлж, тэрхүү байршилд хэвлэлийн хурал зарлан, үерийн эрсдэлтэй бүсэд байгаа ХУД-ийн гуравдугаар хороонд байрлах Шунхлай шатахуун түгээх станц,

СБД-ийн нэгдүгээр хороонд байрлах “S Outlet”, ХУД-ийн XV хороонд байрлах “Акуа Гарден хотхон”-ы 2 блок барилгыг албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамжийг уншиж танилцуулж байв. Ингээд сэтгүүлчдийн нүдэн дээр экскаватор бүхий хүнд даацын машин ажиллуулан “яг одоо буулгах ажиллагааг эхлүүлж байна” хэмээж байлаа.

Харин өнөөдөр тэдгээр барилгуудыг нураасан уу гэдгийг сурвалжиллаа. Өчигдөр өдрийн 11:30 цаг орчимд Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, Алтай хотхоны урд байрлах Шунхлай шатахуун түгээх станцыг зорин очив. Тус шатахуун түгээх станцыг тусгаарлах тууз татан хаажээ. Хаалга, цонх нь бүгд түгжээтэй хүнгүй. Үйл ажиллагаа нь зогссон байв. Ойр орчмыг ажиглан хэсэг явлаа. Үер болох үед шуудайнд элс хийж далан дагуу өрж байрлуулсны зарим нь шуудай нь элэгдэж, асгарч гоожжээ. Голын эрэг рүү шороо түрж, дээр нь энэхүү барилга баригдаж, яг залгаад Дунд гол урсана. Шатахуун түгээгүүрүүд нь бүгд өлгөөтэй. Тог, гэрэл цахилгаан нь унтарсан байна. Галын аюулаас хамгаалах элс бүхий хайрцаг, хүрз жоотуу зэргээр тоноглосон улаан жижигхэн сараалжин хэсэг нь яг л хэвээрээ шороонд дарагдан үлджээ. Машин орох, гарах хэсэгт нь тэр хавийнхаа зогсоол болгоод машинаа байрлуулсан тул замын баруун тийш явах хэсэг бага зэргийн түгжрэлтэй байлаа. Шатахуун түгээх станцын зүүн талын хэсэг рүү очлоо. Орох жаахан хэсгийн замын хар асфальтыг хэсэгхэн газар хуулаад орхисноос өөрөөр энд юу ч нураагаагүй байна. Хэсэг ажин зогстол “Та хаанаас ямар зорилгоор явна” хэмээн нэг хүн дөхөөд ирлээ.

-Та эндэхийн ажилтан уу?

-Тиймээ. Би энд ажилладаг.

-Үйл ажиллагаа нь хэзээнээс зогссон бэ?

-Хотын орлогч гээд нэг хүн ирж захирамж уншаад, буулгана, нураана гэснээс хойш үйл ажиллагаа явуулаагүй.

-Энд хэдэн хүн ажилладаг байсан бэ?

-Арав гаруй хүн ажилладаг байсан. Одоо тэдгээр хүмүүс ажилгүй л болж байх шиг байна.

Та эндэхийг манаж үлдээ юу?

-Хааяа эргэж тойрдог юм.

-Тухайн үед нураана гээд том техник хэрэгсэл авчирсан байсан. Яагаад нураагаагүй юм бэ?

-Баахан сэтгүүлч авчирч сүрхий шийдвэр тушаал уншчихаад л экскаватороор энүүхэн замыг хуулж байгаад сэтгүүлчид, телевизийнхэн явсан чинь жаахан харж зогсож байгаад яваад өгчихсөн шүү дээ.

-Тэгээд нураахгүй гэсэн үг үү?

-Нураана гэсэн. Захирамж нь гарчихсан юм билээ.

-Хувийн өмчийг захирамж гаргаад шууд нурааж болдог юм уу. Тэр тухай танай байгууллагынхан ярилцаж байна уу?

-Манай төв оффист хуулийн багийнхан ажиллаж байгаа байх аа. Би нарийн ширийн юмыг сайн мэдэхгүй л байна.

-Энд шатахуун байгаа юу?

-Нураана гэдэг өдөр нь бүгдийг сулла гэсэн.

-Хотоос хураагаад авчихсан уу. Өөр салбар руу шилжүүлсэн үү?

-Өөр салбар руу байсан бүх шатахуунаа шилжүүлсэн.

Ингээд бид хоёрын яриа өндөрлөж, цааш явлаа. Тэр хавиар оршин суугчдын сэтгэдлийг сонслоо. Алтай хотхонд оршин суудаг иргэн Г.Хандсүрэн ярихдаа “Нэг өдөр сүрхий нураана гэж техник хэрэгсэл авчраад юу юугүй нураана гэж байснаа нэг хартал бүгд алга болчихсон байсан. Нураасан зүйл юу ч байхгүй хэсэгхэн зам хуулж, хүний нүд хуурч байгаад алга болж өгсөн дөө” хэмээв.

Үүний дараа буулгах шийдвэрт багтсан “Aqua garden” хорооллыг зорилоо. Тус хороололд өдрийн 12:30 цагийн үед очив. Дөрвөн блок бүхий барилгын гурвынх нь гадна талын пасадны дулаалгын ажил эхэлжээ. Гадуураа шилэн хөвөнгөөр ханыг бүрж байв. Барилгын хашаанаас гурван ажилтан гарч ирлээ. Хэсэг зуур ярилцах гэсэн боловч “Барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа. Бид өөр юу ч мэдэхгүй. Энгийн л туслан гүйцэтгэгч барилгын компанийн ажилчид” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Хотхоны хашааг тойрон зүүн талд байрлах гүүрэн зам руу очтол төмөр замын гарамтай хэсэг хэмээн төмөр троссоор хоёр талд нь хаасан байлаа. Тус гүүрээр машин, хүн зорчих боломжгүй болжээ. Тойроод урд талд нь очъё гэсэн ч төмөр замын сараалжин хаалтыг тойрох аргагүй аж. Ингээд хүн явах нь уу гээд хүлээн зогслоо. Замыг нь хаасан тул түүгээр хүмүүс бараг явахаа больжээ.

Цаг гаруй хүлээсний эцэст 40-өөд насны нэгэн эрэгтэй алхаж явав. Түүнээс хэдэн зүйл тодрууллаа.

-Энэ замыг хэзээнээс хаасан юм бэ?

-Зун нөгөөх айхавтар үер болсны дараа урд замыг нь сэтлээд, үерийн усыг зайлуулснаас хойш энэ замыг тэр чигтээ хаасан шүү дээ.

-Та энэ замаар зорчдог байсан уу?

-Тийм ээ. Энэ хорооллоос болж хэдэн мянган хүний эрх ашиг хохирч байна. Замын урд талын хорооллууд энэ замаар чигээрээ хотын төв рүү цаг алдалгүй оччихдог байсан бол одоо баруун болон зүүн талаар нь тойрох гэж маш их цаг зав, бензин шатахуунаараа хохирдог боллоо шүү дээ.

-Энэ хорооллыг нураана гэсэн юу болсон юм бол?

-Юун нураах одоог хүртэл үргэлжлүүлж бариад, үйл ажиллагаа нь яваад байгаа биз дээ. Тэр харж байна уу. Гадна талыг нь шилэн хөвөнгөөр бүрээд байгаа биз. Тэгээд юу гэсэн гэлээ. Нэг давхрыг нь л нураана гэсэн гэлүү. Барилгын ямар ч мэдлэггүй би хүртэл барилгыг дээрээс нь эхэлж нураана гэдэг наад захын логикыг мэднэ. Гэтэл хотын дарга нь тийм юм яриад байж байх зүгээр үү. Ганц нураана гэж байсан хүн нь одоо ажлаа өгчихлөө. Одоо гарах дарга нь үүнийг буулгаж чадах уу. Харж л байя. Эндээс үерийн эрсдэлийн бүсийг хааж барьсан гэх S Outlet дэлгүүрийг зорин очлоо. Барилгын гадуур нь төмөр хашаа барьжээ. Нэг хэсэг нь аюулгүйн тусгаарлах тууз татжээ. Замынх нь эсрэг талд жижигхэн манаачийн байр байв. Ахимаг насны нэгэн эрэгтэй машин оруулж гаргах, зогсоол зааж өгч байгаа нь тус оффисын манаач гэдэг нь ойлгомжтой тул хэдэн зүйл тодруулахаар зорин очлоо.

-S Outlet дэлгүүр ажиллаж байгаа юу?

-Хэвийн ажиллаж байгаа.

-Энэ гадуур барьсан төмөр хашаа урьд нь байсан юм уу?

-Байсан.

-Нураана гээд байсан. Нураах гээд битүүлэн бариагүй юу?

-Үгүй. Ерөөсөө энэ барилгыг нураахаар ямар ч техник, хүн ирээгүй.

-Та энд хэр удаан ажиллаж байгаа вэ?

-Би энд манаач хийгээд гурван жил болж байна.

-Тэгвэл зуны үерийн үеийн нөхцөл байдлыг мэдэх нь ээ?

-Мэднэ мэднэ. Айхавтар юм болсон. Энэ дэлгүүр чинь хамаг бараагаа үерийн усанд алдахгүй гээд борооноор бүх ажилчид нь ажилласан. Одоог хүртэл элс хийж өрсөн шуудайтайгаа хэвээрээ байгаа.

-Ажилчдыг нь таних уу. Тухайн хүмүүс юу ярьж байх юм?

-Нэг их сайн танилууд биш л дээ. Ганц нэг мэнд усны л зөрүүтэй явдаг хэдэн хүүхэд бий. Шууд л нураачихна гэдэгт би лав итгэхгүй байна. Энэ олон хүний аж амьдрал, орлогын эх үүсвэрийг яах болж байна. одоо тэглээ ч нураана гээд байсан хотын дарга нь огцорчихсон. Харин дараа жил тийм хэмжээний үер болбол л дахин яригдах биз. Тэр хүртэл одоо мартагнах байлгүй. Эндэхийн ажилчид хөөрхий юугаа мэдэх вэ дээ. Дарга удирдлагатай хүмүүс. Ажлын байр нь нураагдчихгүй, ажилтай орлоготой байхыг л ажилчид хүснэ шүү дээ. Гэнэт нэг өдөр нураачихвал эдний ажилчид яах болж байна. Иргэдээ бодсон л шийдвэр гээд байгаа. Эдний ажилчид, тэр нураах гэж байгаа барилгынх нь захиалагчид иргэн биш юм уу. Би бүр гайхаад байгаа

Ахимаг насны эрэгтэй ийн ярив. Тэрбээр машин байрлуулах болсон тул “За ах нь ажлаа бодъё” гэсээр ажлын байр руугаа эргэсэн юм.

С.ОТГОНБАЯР

 

One reply on “Хотын дарга Д.Сумъяабазарын бяр нь хүрээгүй барилгууд баригдсаар, дүнхийсээр байна DNN.mn”

Биелүүлдэггүй Засаг даргын шийдвэрээр яахав дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *