Балетын гоцлол бүжигчин Д.Одсүрэнтэй ярилцлаа
-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Дагвын одсүрэн гэдэг. Баянхонгор аймагт төрсөн. Айлын долоо дахь хүүхэд. Хөгжим бүжгийн коллежийг 2003 онд Сонгодог бүжигчин мэргэжлээр төгссөн.
-Хэдэн настайгаасаа бүжиглэж эхэлсэн бэ. Яагаад бүжигчин гэх мэргэжлийг сонгох болов?
-Багаасаа л бүжиглэх сонирхолтой, нугардаг хүүхэд байсан. Гэрийнхэндээ долоо хоног бүр өөрийнхөө бэлдсэн бүжиг, дуу, хөгжмийг тоглож үзүүлдэг байлаа. Аав ээжийнхээ бүх хувцсыг орон дээр гаргаж тавьчихаад л өөр өөр загвар гаргаж өмсөөд дуулж, бүжиглэж эхэлнэ дээ. Харин гэрийнхнээс нэг нь л байхгүй бол үзүүлбэрээ эхлүүлдэггүй байсан.
Анх арван настайдаа ээжийгээ дагаад Улаанбаатарт ирсэн юм. Тэр үед л урлагийн мэргэжлийн гараагаа эхлүүлсэн. Алдарт зууны манлай бүжигчин Ю.оюун гуай надаас шалгалт авч “Балетын ангид орох хүү байна” гэж хэлж билээ. Тэр үед би сонгодог бүжгийн ангид орно гэж үнэхээр төсөөлөөгүй.
-Таны бодлоор бүжгийн урлагийн хамгийн сайхан нь юу вэ?
-Бүжиглэх бүртээ өөр ертөнцөд очсон мэт болдог. Дотроос гэрэл асч. Бүх шар үсний нүх томорч байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Урлаг маш сайхан зүйл. Хүнд оюуны болоод сэтгэлийн гоо сайхныг бэлэглэдэг. Харин түүнийг уран бүтээлч хүн цааш нь улам нарийн хөгжүүлэх хэрэгтэй. Хүний амьдралыг үзэх үзлийг гэгээрүүлэх зорилготой гэж хэлж болно.
Одоо бол балетын урлаг хөгжиж европод 50 нас хүртэл бүжиглэх техник технологийг сургадаг болсон. Үүнийг залуу байгаа дээрээ сурсан маань миний хувьд таашаалтай, азтай зүйл.
-Ямар амжилтууд гаргаж байв?
-Дэлхийн бүхий л томоохон тайзан дээр Монгол Улсынхаа нэрийн доор уран бүтээлээ туурвисан. Амжилтаасаа дурдвал, Герман улсын 2012 оны шилдэг уран бүтээлийн театр оскарын шагнал, 2005 он Азийн олон улсын “Алтан хараацай” сонгодог урлагийн тэмцээнээс алтан медаль, 2008 онд Rudolf Nureyev нэрэмжит дэлхийн тэмцээнээс онцгой авьяастан шагнал, 2003 он Ази номхон далайн орнуудын хооронд зохиогдсон балетын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байлаа.
-Одоогоор ямар бүтээл дээр ажиллаж байна вэ. Мөн судалгааныхаа талаар танилцуулбал…?
-улсад суралцаж байгаа монгол, европ хүүхдүүдэд лекц уншихын хажуугаар бүжгийн хөдөлгөөний хичээл заадаг.
Судалгааны хувьд хүний оюун ухаантай маш нарийн холбоотой. Гурван өнгөөр хүний бие, нүд, уураг тархийг яаж бие сэтгэл рүү удирдан амьдралд хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун байхыг заадаг. Хөдөлгөөнт сургалт юм. Мөн өнгөрсөн зургадугаар сард Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид Герман улсын цахилгаан эрчим хүч болон хот төлөвлөлтийн талаар харилцан санал солилцох хурал хийсэн. “Дэлхийн шилдэг харилцаа” төрийн бус байгууллагатай хамтран Герман улсад байгаа Монгол Улсын төлөө гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүстэй уулзалтад оролцсондоо маш их баяртай байгаа. Хамт санал солилцож ярилцсан Б.сэргэлэнбаатар, ч. Мэндбаяр, Д.Энхбаяр, В.Мөнхцэцэг, л.отгонбаяр нартаа баярлалаа.
-Залуу хүний хувьд хийж бүтээх юмсан гэж боддог зүйл юу вэ?
-Миний хувьд гол дүрийн бүжигчин болсон учир ажлын хувиар өөр болсон. олон орны их театруудын балетын жүжгүүдэд гол дүр бүтээхээр гэрээ хийсэн. Хамгийн эхний бүжгийн жүжиг бол “Парисын дарь эхийн сүм” балетын ламын дүрээр Бельги улсын Антверпен хотын эх театрт бүжиглэнэ.
Мөн ирэх аравдугаар сарын 5-нд Герман улсын Франкфурт хотын эх театрт шилдэг гоцлол бүжигчдийн фестивальд монгол модерн бүжгээр оролцоно. Энэ фестиваль нь “Raffaele Irace”-ын нэрэмжит европын шилдэг гоцлол бүжигчдийн нээлттэй тоглолт юм.
-Монголынхоо уран бүтээлчидтэй хамтарч уран бүтээл гаргах төлөвлөгөө бий юу?
-Монгол Улсынхаа урлагийн санд хувь нэмэр оруулах бодол бий. Дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчидтэй хамтран ажиллаж. Европын 10 гаруй жилийн театрын шилдэг удирдагч Martin Schleapfer, олон улсын бүжиг дэглээч, шилдэг эмэгтэй найруулагчийн шагналт Regina Von Berkel гэх хоёр уран бүтээлчийг эх орондоо авчрах төлөвлөгөөтэй байгаа. Сонгодог болон бүжгийн урлагт шинээр хөл тавьж буй хүүхдүүдийг шинэ зүйл бүтээгээсэй гэх үүднээс энэ гайхалтай уран бүтээлчтэй хамтран ажиллах санал тавьсан. Мөн Монголын балетын урлагт зориулсан шинэ уран бүтээл хийх саналыг маань хүлээж авсан Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Б.сарантуяа гуайд талархаж буйгаа илэрхийлье.
One reply on “Д.Одсүрэн: Дэлхийн бүхий л томоохон тайзан дээр бүжиглэсэн DNN.mn”
Ээжийнхээ хүслийг биелүүлж ёстой л Од шиг гялалзаж яваад нь маш их баярлалаа .ЭЭЖ нь холч монгол ухаантай хөгжилтэй сэргэлэн сайхан хүн байсан даа .Одоо ч үгүйлэгдэж байдаг найз минь юм шүү