Categories
мэдээ эдийн-засаг

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын ТЭЗҮ-ийг хэлэлцэж дэмжжээ DNN.mn

ЗТХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын Техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж, дэмжлээ. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл хэрэгжүүлэхээр ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг өнгөрсөн тавдугаар сард сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан.

“Төр, орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу явуулсан тус сонгон шалгаруулалтад Хятадын “Төмөр замын зураг төслийн корпорац” ХХК шалгарч, гэрээний дагуу ТЭЗҮ, иж бүрэн зураг төсөл боловсруулах ажлыг энэ онд багтаан дуусгаж, барилга угсралтыг ирэх оны I улиралд эхлүүлэхээр төлөвлөж байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох хил дамнасан өргөн, нарийн царигийн төмөр замын дэлгэмэл урт нь 32.7 км, нэгдүгээр зэрэглэлийн, хос болон дан замтай гүүрийн урт 9.1 км юм. Эстакадан гүүр нь мушгирсан төлөвлөлттэй, 32 метрийн Т дам нуруутай, газрын гадаргаас хамгийн ихдээ 31 метр өндөр, жилд 30 сая.тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай.

Төслийн хүрээнд манай улсын Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, БНХАУ-ын Ганцмод-Бугатын Ваньшуйчуань чиглэлийн төмөр замыг холбохын зэрэгцээ нарийн, өргөн хос царигийн гүүрэн байгууламжтай замаар хил нэвтрэх төмөр зам барьж байгаагаараа онцлог юм. Хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор Гашуунсухайт-Ганцмод боомтод түшиглэсэн цогц төслүүд эдийн засгийг жилд 1.8-3.2 хувиар өсгөж, дунджаар 4.8-5.4 тэрбум ам.долларын нэмүү өртгийг үйлдвэрлэн, 5000 орчим шинэ ажлын байр, түүнийг дагасан 1800-3200 шууд бус хөдөлмөр эрхлэлтийг бий болгоно. Мөн нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэж, нүүрс тээвэрлэлтийн өртөг хоёр дахин буурснаар урсгал тэнцлийн тээврийн үйлчилгээний одоогийн 700 тэрбум ам.долларын алдагдал багасаж, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, төгрөгийн худалдан авах чадвар сайжирна. Нийт бүтээмж өсөж, эдийн засгийн урт хугацааны өсөлт, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө гарахыг ЗТХЯ-наас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *