Цахим гавны хэрэглээний талаар хуульч, өмгөөлөгч Ц.Мөнхбаттай ярилцлаа.
-Хөдөө орон нутгийн иргэд цахим гав зүүж, хөдөлгөөн хязгаарлах ял тооцуулах явдал их түгээмэл байдаг. Гэтэл тэнд сүлжээгүй учраас эхний гурван сар дотроо хоёроос дээш зөрчил тооцуулан хорих ялаар солих тохиолдол их гардаг. Уг нь цахим гав хүнийг ажил хөдөлмөр эрхлэх, гэр орондоо байх эрхийг хязгаарлахгүй, хүний эрхийг хангасан энэрэнгүй ял гэдэг шүү дээ. Гэтэл тэдгээр иргэд гэр орондоо байх боломжгүй, мал хуйгаа маллах боломж хязгаарлагдмал. Энэ тохиолдолд хөдөө орон нутагт хэрэгжилтийг хэрхэн хангах ёстой вэ?
-Ял шийтгэл оногдуулж байгаа тохиолдолд түүнийг хэрэгжүүлэх нөхцөл нь тухайн ялтны үүрэг биш. Энэ бол Засгийн газрын үүрэг. Цахим гавыг хэрэглэх, нөхцөл бололцоогоор хангах нь Засгийн газрын үүрэг. Харамсалтай нь Засгийн газар энэ үүргээ биелүүлээгүй. Уг нь харилцаа холбооны салбарт бүх нийтийн үүргийн сан гэж бий.
Бүх нийтийн үүргийн санд төвлөрч байгаа мөнгийг сүлжээ байхгүй орон нутагт зарцуулж, сүлжээгээр хангах үүрэг нь бас л Засгийн газрынх. Эцсийн дүндээ цахим гав ял эдэлж байгаа хүмүүстээ зүгээр. Тухайн шүүгдэгчид ашигтай боловч хэрэгжих нөхцөл боломж нь байхгүй. Ийм нөхцөл байдал ажиглагдаж байгаа. Миний бодлоор сүлжээгүй газарт тэр цахим гав нь байж болно. Гэхдээ түүндээ хяналт тавих үүрэг нь шийдвэр гүйцэтгэгчийн л ажил. Гэтэл үүн дээр хүнд давхар ял оногдуулаад байгаа. Орон гэрээсээ тусгаарлагдмал, хөдөлмөрлөх эрх байхгүй. Уг нь цахим гав хөдөлмөр эрхлэх боломжоор нь хангах үүрэгтэй шүү дээ. Орон нутагт хэрэгжүүлэх нөхцөл боломжоо хангахгүйгээр шууд хэрэглээнд нэвтрүүлчихсэн.
-Үүнээс болоод эхний гурван сар дотроо хоёроос дээш зөрчил тооцуулаад хоригдчихсон хүмүүс буцаагаад гомдол гаргах эрхтэй юу?
-Уг нь бол эрх нь байх ёстой. Шүүх ч гэсэн эцсийн дүндээ тухайн оногдуулж байгаа ялыг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг хангах үүрэгтэй. Яагаад гэвэл Монгол Улсын Үндсэн хуульд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлооно гэж заасан. Шүүх асуудалд хүмүүнлэгээр хандах ёстой. Ийм хатуугаар хандаж болохгүй. Шүүх өнөөдөр тогтоолоор хэрэгжүүлж байгаа шийдвэрийнхээ үндсэн агуулгаа давхар харж байх ёстой.
-Тэгэхээр иргэдэд энэ талаарх мэдлэг боловсрол дутагдаад байна уу?
-Шүүхийн шийдвэрийг тайлбарлах, шүүхийн шийдвэрийг ойлгуулах, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажил. Шүүхийн шийдвэр гүйцэтгэхдээ тухайлбал ял эдэлж байгаа хүнд тайлбарлаж ойлгуулах, мэдлэг боловсролыг олгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд нь туслалцаа үзүүлэх чиг үүрэг нь шийдвэр гүйцэтгэгчийн асуудал. Харамсалтай нь орон нутгийн шийдвэр гүйцэтгэгчид хангалттай хүрэлцдэггүй. Орон нутгийн шийдвэр гүйцэтгэгч мэдлэг мэдээлэл олгохгүй шууд цахим гав зүүлгэж өгч байна.
Тэгээд л зөрчил гаргангуут нь шууд хорьчихдог. Гэтэл тэр зөрчил юунаас болж үүсээд байгаа юм бэ. Мэдлэг боловсролгүй байгаагаас үүсээд байгаа юм уу. Үүнийг нь хангалттай тайлбарлаж өгсөн юм уу гэдгийг харгалзан үзэх ёстой. Яагаад гэвэл Монгол Улс энэ шинэ зохицуулалтыг хэрэглээд удаагүй. Тийм учраас шийдвэр гүйцэтгэгч тухайн шийдвэр гүйцэтгэхэд хангалттай ур чадвар мэдлэг нь байхгүй, энэ талын мэдлэг өөрсдөд нь дутагдалтай гэж харагдаж байна. Үүнд иргэд буруугүй шүү дээ. Иргэд түүнийг мэдэх ч албагүй. Харин иргэдэд мэдээлэл олгох үүрэг нь Засгийн газар, шийдвэр гүйцэтгэгч байгууллагын үүрэг.
-Эрх үүргийг нь танилцуулаагүй байж эхний гурван сард хоёроос дээш зөрчил гаргангуут хорьчихдог. Хоригдоод гарч ирсний дараа иргэн ямар нэг байдлаар мэдлэг мэдээлэл өгөөгүй, боловсрол олгоогүй байж хорьсон талаарх гомдлоо эргүүлээд гаргах боломжтой юу. Тэр талаарх мэдлэг мэдээлэлтэй байсан бол би хоригдох ёсгүй байсан гэх мэтээр гомдлоо гаргаад цагаатгуулах ч юм уу нөхөн төлбөр авах боломжтой юу?
-Тэр хэцүү. Монгол Улс жам ёсны эрхийн хуулиар явдаггүй. Хууль дээр юу гэж байна, түүнийгээ л дагаж мөрдөнө. Тэгэхээр энэ нь хууль тогтоогчийн буруутай асуудал. Яагаад гэвэл хоёр удаа зөрчил гаргалаа. Эхний удаа сануулж болно. Шүүхийн шийдвэрээр танд ийм эрх үүрэг байгаа, та ийм алдаа дутагдал гаргалаа. Дараагийн удаа ийм зөрчил гаргавал таныг хорино шүү. Цахим гавыг хорих ялаар солино гэх мэтээр тайлбарлаж, боломжийг нь олгох ёстой. Гэтэл хууль дээр энэ нь байхгүй. Нэгэнт батлагдчихсан хуулийг шүүх хэрэглэнэ. Шүүх сонголтгүйгээр хэрэглэж байгаа. Тэгэхээр үүнийг шүүхийн буруу гэхэд ч хэцүү. Хууль тогтоогчид хуулиа тогтоохдоо үүнийг хэрэгжүүлэх механизмаар нь хангаж өгөх ёстой. Процессын шударга ёсны зарчим гэж байдаг. Үндсэн хуулийн томоохон зарчим. Тухайн процесс өөрөө шударга ёсыг хангаж чадаж байна уу. Алдаа дутагдал гарлаа гэхэд мэдлэг боловсрол байхгүй бол эхний удаад сануулга өгөх нь процессын шударга ёсыг хангаж байна гэсэн үг. Харамсалтай нь нэгэнт хуулиа баталчихсан бол энэ нь хууль тогтоогчийн асуудал болчихож байгаа юм. Үүнийг буруу гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хандана. Өнөөдөр Үндсэн хуулийн цэц хангалттай улс төрийн байгууллага биш.
Яг үндсэндээ Үндсэн хуулийг сахин хамгаалагч гэхээсээ илүү улс төрийн томилгоогоор очдог бүлэглэл болсон. Тиймээс Үндсэн хуулийн цэц яг энэ асуудал дээр Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргана гэж хэлэхэд хэцүү. Угтаа бол Үндсэн хуулийн цэц яг энэ асуудал Үндсэн хуулийн ямар агуулгыг зөрчөөд байна гэдэг дээр зарчмын хувьд дүгнэлт гаргах ёстой байгууллага. Гэтэл Үндсэн хуулиар үүнийг зохицуулаагүй байна гэдэг агуулгаар нь хараад байдаг. Үүнийг Үндсэн хуулийн зорилгоор нь тайлбарлах ёстой. Үндсэн хуулийн зорилго юу юм. Бидний сонгож авсан нийгэм юу юм. Үндсэн хуулийн оршил дээр энэ бүхэн байгаа. Тэрхүү Үндсэн хуульд байгаа оршил, тодорхой мэдлэг боловсрол иргэдэд олгох асуудал нь шүүхийн ч үүрэг, Засгийн газрын ч үүрэг. Хууль тогтоогч эрх мэдлийн ч үүрэг. Ер нь энэ бол төрийн үүрэг л дээ.
С.ОТГОНБАЯР