Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа ХУД-ийн гал унтраах 30 дугаар ангийн жолооч, ахлагч Х.Баттулга галд автсан гэрээс гурван хүнийг аварч эсэн мэнд гаргаж, тусламж үзүүлжээ. Галд автсан байшинд тухайн айлын эзэгтэй зургаан настай хүү болон 11 настай охины хамт байсан гэнэ. Аврагч Х.Баттулгатай ярилцлаа.
-Та галд автсан байшингаас гурван хүний амийг аварчээ. Тухайн айл галд автсаныг яаж мэдэв?
-Энэ сарын 17-ны ням гаригт ажлаасаа буугаад гэртээ ирэхэд 21:00 цаг болж байлаа. Галаа түлээд сууж байтал нүргэлсэн чанга дуу гарах нь сонсогддог юм. Том машины дугуй буудаж байгаа юм уу гэмээр чанга чимээ гарсан. Гайхаад гүйгээд гартал хажуу айлаас улаан гал дүрэлзэж байдаг юм даа. Байшингаас жаахан хүүхдийн хашхирах чимээ сонсоод л шууд гүйж ороод өргөөд гаргасан. Ингээд шууд гал командад дуудлага өгөөд буцаж ороод ээж болон эгчийг нь гаргаж авсан. Яаралтай арга хэмжээ авахгүй бол гал газар авч нөхцөл байдал яаж ч эргэж мэдэхээр байлаа.
-Гэрт орохдоо өөрийн аюулгүй байдлаа хэрхэн хангав?
-Ажлын бус амралтын цаг учраас надад багаж хэрэгсэл байгаагүй л дээ. Аюулгүй байдлаа хангах боломж надад байсангүй. Гал дүрэлзсэн байшингаас жаахан хүүхдийн хашхирах дууг сонсоод л шууд ухасхийсэн. Гүйгээд ороход утаа харанхуйлаад хаана юу байгаа нь мэдэгдэхгүй, амьсгалж ч болохгүй нөхцөл байдал хүнд байлаа. Гэрт таг харанхуй байсан учраас хүүхдийн чимээгээр нь барагцаалж байгаад л байршлыг нь олсон. Хурдхан шиг л гаргаад дуудлага өгөөд эргэж ороод ээж, охин хоёрыг гаргаад сая нэг тайвширсан. Гал гарах үед байшинд хүү, охин хоёр ээжийн хамт байсан. Тухайн үед унтахаар амарч байсан юм билээ. Байшингаас гаргахад хүү, охин хоёр хувцасгүй байсан. Надад хамгаалалтын хувцас хэрэглэл байгаагүй учраас 20 хэдэн жил хуримтлуулсан туршлагадаа найдахаас өөр арга байгаагүй.
-Тухайн айлын эзэгтэй бие давхар байсан гэв үү?
-Тийм. Энгийн л залуу гэр бүлийн төлөөлөл байсан. Эхнэр нь тулгар биетэй. Ихэр хүүхэд тээж буй байсан буянтай эмэгтэй. Амаржих хугацаа нь ч ойртчихсон байсан юм билээ. Байшинд байсан хүмүүсийн аюулгүй байдлыг хангасны дараа тухайн гэрийн эзэгтэй надад “Таван хүний халуун амийг аварлаа” гэж хэлээд талархал илэрхийлж байсан. Тухайн үедээ сайн ойлгоогүй л дээ. Сүүлд ихэр хүүхэд тээж байсныг нь мэдсэн. Залуу гэр бүлийг галын аюулаас хамгаалж, эсэн мэнд гаргаж чадсандаа сэтгэл дүүрэн сайхан байна. Онцгойн бид чинь түмэн олныхоо урмын үгээр тэтгэгдэж, илүү эрч хүчтэй ажилладаг хүмүүс л дээ.
-Тухайн айлын байшин галд бүрэн автсан уу?
-Галын аюул гэдэг аймшигтай л даа. Амьдрахын төлөө хөдөлмөрлөж яваа залуухан гэр бүлийн байшин галд автахыг харах амар биш л байлаа. Тухайн байшинд гарсан гал нэлээд газрыг авсан. Гэрт байсан зүйлс бүхэлдээ галд авсан. Дунд ангийн охин, бага ангийн хүү хоёр өмсөх хувцасгүй л хоцорч байна. Галын аюул хэнд ч хэний ч өмнө тулгарч болно. Галд өртсөн залуу гэр бүлийн төлөөлөлд ард түмэн минь тусламжийн гараа сунгахыг хувийн зүгээс уриалах байна. Хоёр ихэр хүүхэд тээж яваа эмэгтэй сар хүрэхгүй хугацааны дараа амаржих юм билээ. Ийм хариуцлагатай чухал үед дээрх нөхцөл байдал үүссэн. Үүнийг уншигчид маань ойлгож хөдөлмөрч, залуу гэр бүлд туслах байх аа гэж гэж найдаж байна. Монголчууд бид чинь бие биедээ халуун сэтгэлээр тусалдаг гайхамшигтай шинж чанартай хүмүүс шүү дээ.
-Та онцгой байдлын албаны босгоор хэзээ алхаж байв?
-Би 2000 онд Онцгой байдлын албанд гал сөнөөгчөөр ажилд орж байлаа. Ингээд зургаан жил алба хаагаад мэргэжил дээшлүүлж, хажуугаар нь ажиллахаар хилийн чанадыг зорьсон. Гадаадад тодорхой хугацаанд хөдөлмөрлөж, боловсролоо дээшлүүлээд буцаад ХУД-ийн гал унтраах 30 дугаар ангид жолоочоор ажиллаж байна.
-Та ямар ямар аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байв?
-Гал, ус, зуд, осол аваар гээд бүх л гамшгийн үед онцгойн алба хаагчид л зогсдог л доо. Зам тээврийн ослын үед ч шаардлагатай бол онцгойн залуус л бэлэн жагсдаг. Бид ийм тангараг өргөсөн улс. Миний тухайд гол төлөв галын шугамд үүрэг гүйцэтгэж ажилладаг. Том хэмжээний түймрүүдийн олонхид нь үүрэг гүйцэтгэж ажилласан болов уу. Хээрийн түймэрт бол хэд хоногоор ч үүрэг гүйцэтгэсэн удаа бий. Тэр бүрийн ард гарч байж л гүнзгий амьсгаа авдаг юм даа. Онцгойн алба хаагчид авхаалж самбаатайн хажуугаар бусдын төлөө гэсэн чин сэтгэлтэй хүмүүс байдаг. Тийм халуун сэтгэлтэй улс л бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн манаанд зогсдог юм. Бусдын хөрөнгийг хамгаалахаар дүрэлзсэн галын өөдөөс ордог хүмүүс бол онцгойн алба хаагчид.
-Аврагчийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Бусадтай л ижил гэж хэлж болно доо. Ажлын өдөр бол дуудлагад гарч ажиллана. Бусад үед бол гэр бүлдээ цаг гаргана. Гэхдээ бид утсаа унтраах эрхгүй, хариуцлагатай улс. Шөнө амарч байхад ажилдаа дуудагдах нь хэвийн үзэгдэл. Утсаа унтраагаад хариуцлагаас бултах аврагч гэж байхгүй.
-Таны бахархал юу вэ?
-Бусдын төлөө халуун сэтгэлээр ажилладаг миний мэргэжил. Байгалийн давагдашгүй гамшгийн өмнө бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж бэлэн жагсдаг мөрдэс нэгт нөхөд минь миний бахархал. Иргэд маань бидний ажил мэргэжлийг ойлгож, хүндэтгэлтэй ханддагт нь баярладаг юм. Бид чинь робот биш. Ачаалал авна. Дүрэмт хувцастайгаа харьж явахад таарсан хэн нэгэн талархал илэрхийлж, хүндлэл үзүүлэхэд л ажлын ачаалал алга болчих шиг санагддаг. Бид ийм зүйлээс урам зориг авч, цаашид илүү эрч хүчтэй ажилладаг юм.
О.ДАШНЯМ