Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё DNN.mn

Халамжийн бодлого хэт хавтгайрсан Монголд маань ажил хийдэг хүнгүй болжээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар хичнээн хүнд, хэдэн төрлийн халамж олгосныг дор үзүүлье.

-Тэтгэврийн даатгалын сангаас 2023 оны эхний хагас жилийн байдлаар 489.0 мянган хүнд 1619.7 тэрбум төгрөг олгосон.

-Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид 2023 оны эхний хагас жилд 73.5 мянган хүнд 17.3 тэрбум төгрөг олгосон.

-Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2023 оны эхний хагас жилийн байдлаар 57.4 мянган хүнд 92.4 тэрбум төгрөг олгосон.

-Нийгмийн халамжийн тэтгэмжид 2023 оны эхний хагас жилд 114.9 мянган хүнд 55.8 тэрбум төгрөг олгосон.

-Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 2023 оны эхний хагас жилд 109.1 мянган хүн хамрагджээ.

Үүн дээр хүүхдийн мөнгө, “Эхийн алдар” одонгийн мөнгөн урамшуулал, Ахмад настанд үзүүлэх тусламж, Алдар цолтон, ахмад настанд үзүүлсэн нэмэгдэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлсэн тусламж, хөнгөлөлт, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж, Насны хишиг, Цаатан иргэний тэтгэмж гээд нийт 2.3 сая орчим хүнд төрөөс ямар нэгэн тэтгэмж олгосон байна.

Бэлэн мөнгө орж ирээд, хоосон хоночихгүй байхад ажил хийе гэж боддог хүн ховор. Сар сараар амь зуулгыг нь таслахгүй байхад хүн гэдэг амьтан улам л залхуураад хэвтчихдэг гэмтэй. Үүнийг одоогийн бидний амьдрал бэлхнээ батлан харуулж байна. Ялангуяа ковидын хоёр жилд энэ байдал эрс даамжирсан. Хоёр жил гэртээ хоригдож, элдэв тэтгэмж, тэтгэвэр аваад сурчихсан хүмүүс хөл хорио тавигдмагц аялал зугаалгын талбарт сая саяараа бэлчсэн. Хорионы уйдаа нь гараа байлгүй гээд харахад дараа жил нь бүр олуулаа болоод найрлаж, зугаалж байв. Залгуулаад аймгуудын 100 жилийн ой давхцаж, аль нь баян аймаг болохоо харуулахаар уралдаа юу гэлтэй л юм боллоо. Аймгаас гадна сум, сургуулийн ойн баярууд ар араасаа залгуулаад ажил хийлгэхгүй, “амарч зугаал” гэж байгаа мэт даллан дуудаастай. Арай гэж ойн нүсэр баярууд дууслаа гэтэл төгсөлтийн, гэр бүлийн баяр, ураг удмын наадмууд залгаж хөгжилдөнө. Энэ их найр цэнгэлийн хаагуур нь ажиллах билээ. Ер нь баярлаж найрлаж л суувал аз жаргалтай байдаг ард түмэн болчихжээ. Их баяр цэнгэл “өнөө л ажилгүйдэл, мөнгөгүйн зовлон, түрээс, зээл”-ийн өрийг түр ч гэсэн мартагнуулдаг болохоор хүмүүс бүр л их шунан дурлаж байна. Сар бүр орж ирдэг тэтгэмжиндээ бас сэтгэл ханана.

Үнэндээ Монголд маань ажил хийдэг хүн тун цөөн болжээ. Ажилгүйдэл, ядуурлын түвшин нэмэгдэх бүр халамж хавтгайрч, найр цэнгээн олширно. Дуу хуур нэмэгдэнэ. Урлаг, уран сайхан, лам, эдийн засагч, хуулийн сургуулиуд оюутнуудаар дүүрч, хими, физикийн сургалттай сургуулиуд хоёр гуравхан оюутантай байх нь гомдмоор үнэн.

Томхон үйлдвэрүүд, ажил үйлчилгээний төвүүд шинээр нээгддэггүй. Хичнээн давхар шилэн байшин боссон ч давхар бүрд нь жижиг жижиг худалдааны лангуунууд дүүрэн. Бидний чаддаг нэг зүйл байгаа нь ченж ажиллагаа. Гаднаас бэлэн хүнс, бараа бүтээгдэхүүн олж ирээд үнийг нь хэд дахин нэмж зарна. Дотооддоо ч адил, мах гурил, хүнсний ногоог хямдаар аваад үнэд хүргэж хожно. Бэлэн юмны завсраас л мөнгө унагаж тоглодог болохоос ашдын ирээдүйд хэрэг болох томхон үйлдвэр үйлчилгээ бий болгох талаар боддоггүй. Хувь хүнээс гадна төрийн бодлого нь ч лазан хүнд. Ажил хийе гэсэн хүнд зориулсан тэтгэлэг, хөнгөлөлттэй зээл зэрэг нь жирийн бизнесмэнүүдэд олддоггүй.

Нийтээрээ ажил хийдэггүй, ашиг орлогогүй, халамж харж амьдардаг болохоор нийгэм маань яг л ийм төрхтэй болж байна. Адаглаад хүний хамгийн эрхэм чанар ёс зүй гэдэг зүйл нимгэрсээр. Өвгөдийн яриад байдаг хүний жудаг улам л ховордож эхэллээ. Нэг нэг приус уначихаад хүүхдээ зөөдөг, дур нь хүрвэл халтуур хийдэг хүмүүс сошиалын үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээнд итгээд бөөн уур уцаар, хэрүүл шуугиан тарина. Тухайн мэдээлэл баталгаатай эх сурвалжаас гарсан уу, бодит амьдрал дээр ийм байх боломжтой эсэх талаар ерөөсөө боддоггүй. Бүр хийх юмаа олж ядаад согтуу солиотой нь мэдэгдэхгүй хүмүүсиийн шууд бичлэгийг хэдэн зуугаараа үзэж баясана.

Ийм байхаар улс орон ядуу тарчиг байхаас ч яахав. Ядуу ард түмнийг сошиалын ганц комментоор удирдах боломжтой болохоор улстөрчид нь ард түмнээ яг ийм чигээр нь байлгах сонирхолтой байдаг. Энэ хэдэн улстөрчөөр дамжуулан гаднаас явуулж байгаа бодлого ч юм билүү гэж хардахад хүрч байна.

Угтаа бол хэдүүлээ нийлж гутал хийгээд зарахад, хуушуур бууз хийгээд худалдахад элдэв төрлийн зөвшөөрөл, бичиг цаас нэхмээргүй байгаа юм. Орон нутагт уул уурхайн үйлдвэрлэл явуулах гэхээр хэдэн поп нөхөр очоод хаагаад хэвтчихдгээ болимоор байна. Бүхий л үйлдвэрлэл эцсийн дүндээ мөнгө болдог. Мөнгөтэй бол хөгждөг. Хөгжихийн тулд үйлдвэрлэлд стандарт мөрдүүлэх. Ердөө тогтсон стандарт хангах ёстой гээд гаргаад өгчих ёстой юм. Төрийнхөн ингэж ярьж байгаа ч амьдрал дээр хэрэгждэггүй. Монголдоо хийсэн бүтээгдэхүүнийг гадагш нь гаргахад ч төрөөс түмэн зөвшөөрөл нэхэж, хориг тавиад боломж олгодоггүй. Яаж ийгээд мөнгө олох боломжуудыг хаачихаа төр нь андахгүй юм, гайхмаар.

Ажил хийж байгаа хүнийг алдаршуулан магтдаг болмоор, энэ тал дээр хэвлэл болон сошиал инфлүүнсэрүүд тогтож анхаардаг болмоор байна. Хоёрын хооронд хандалт авах алиа хошин бичлэгүүдээ багасгаж “хөрөнгөтөн хүн гэмт хэрэгтэн биш” гэдгийг олон нийтийн тархи толгойд бат хоногшуулж өгөх хэрэгтэй. Эсрэгээрээ ядуу хоосон, халамжинд найдан суугаа хүмүүсийг “улс орныхоо хөгжилд тээг саад бологч” гэсэн ойлголт нийгэмд суулгах ёстой. Бид нэрэлхүү хүмүүс болохоор хүний дор орохгүй гээд л ажиллаад эхлэх ч юм билүү. Үүнийгээ больё гэхэд ажил хийдэг ард түмэн хий хоосон горьдлого тээж, найр наадамд сатаардаггүй. Нийгмийн сүлжээг дагаж нийтээрээ намирдаггүй. Элдэв аар саар зүйлийг тоохоо больдог.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *