Драмын урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулах “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам боллоо.
Уг наадам нь Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан 2023 оны есдүгээр сарын 09-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан юм.
Өчигдөр шагнал гардуулах улаан хивсний ёслол болж шилдгүүдээ шалгарууллаа.
Гранпри шагналыг УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншаравын найруулсан “Сычуаны сайн хүн” жүжиг хүртжээ.
Драмын жүжгийн шилдгүүд:
- Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг МУГЖ Ц.Төмөрхуяг “Инээмтгий хүн” жүжгийн дүрээр
- Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг жүжигчин О.Энхтуул “Опал” жүжгийн дүрээрээ
- Шилдэг найруулагчаар Б.Даваасүрэн “Инээмтгий хүн” жүжгээрээ
- Шилдэг хөгжмийн зохиолчоор Дахалэ Жамбалов “Инээмтгий хүн” жүжгээрээ
- Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг жүжигчин Б.Шинэбаяр УДЭТ-ын “Сычуаны сайн хүн” жүжгийн дүрээрээ
- Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг Ардын жүжигчин Б.Сувд УДЭТ-ын “Сычуаны сайн хүн” жүжгийн дүрээрээ
“Шинэ эрэл” шагналыг Pro театрын бүтээл “Инээмтгий хүн” визуал драмын жүжиг хүртсэн бол Шүүгчдийн нэрэмжит цомын эзнээр УДЭТ-ын “Сычуаны сайн хүн” жүжгийн дүрээр жүжигчин Т.Хулан хүртсэн байна.
Харин хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг жүжигчин Б.Асардарь УДЭТ-ын “Миний аав супер баатар” хүүхдийн жүжгийн Шоргоолж хүүгийн дүрээрээ хүртсэн бол шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг жүжигчин Б.Золжаргал УДЭТ-ын “Миний аав супер баатар” хүүхдийн жүжгийн Өмхий харын дүрээрээ хүртжээ.
Наадмын шилдэг залуу уран бүтээлчээр “Сычуаны сайн хүн” жүжгээр УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншарав, “Инээмтгий хүн” жүжгийн Баркельфедрогийн дүрээр СТА жүжигчин О.Итгэл нар тодорсон байна.
Моно жүжгийн төрөлд шилдэг жүжигчнээр “Галт шувуу” жүжгийн Сарангийн дүрээр Б.Одгэрэл тус тус тодорчээ.