Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголоос бараа бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөл авахад 11 төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай DNN.mn

Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, экспортын салбарыг солонгоруулах шаардлагатайг олон жил ярьж ирсэн. Гадагшаа гаргаж чадвал монгол бүтээгдэхүүнүүд өндөр эрэлттэй байдгийг үйлдвэрлэгчид ярьдаг. Гол нь экспортын эрх авах, бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах үйл явц хүндрэлтэй байдаг гэдэг.

Уул уурхайн бүтээгдэхүүний хувьд улсын төсвийг дагнан бүрдүүлж байгаа учраас экспорт талдаа асуудал багатай, дэмжлэгтэй байдаг. Харин уул уурхайн бус экспортын хувьд тэр дундаа хүнсний бэлэн бүтээгдэхүүний экспортын хэмжээ үнийн дүнгээр 2018 онд хамгийн өндөр түвшин буюу 91.4 сая америк долларт хүрч, уул уурхайн бус экспортын 11.5 хувийг эзэлж байсан дүн мэдээ МҮХАҮТ-аас гаргасан экспортлогч аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдлын сэдэвчилсэн судалгаанаас харагдаж байгаа юм. Гэвч 2019 оноос экспортын дүн буурч, 2021 онд 47.1 сая америк долларын экспорт хийж, уул уурхайн бус экспортын 6.7 хувийг эзэлжээ. Мэдээж энэ нь дэлхий дахинд гарсан цар тахалтай холбоотой хүчин зүйл гэдгийг эдийн засагчид хэлж байна.

Харин өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа, уул уурхайн бүс бараа бүтээгдэхүүн экспортлоход хичнээн шат дамжлага дамждаг, тэдгээр нь хэр ажиллагаатай байгаа асуудал чухал юм. Салбар бүрийн бараа бүтээгдэхүүний экспортын зөвшөөрөл авах дэс дараалал, шат дамжлага өөр өөр байдаг аж. Манай улсын хувьд бараа бүтээгдэхүүн экспортод гаргахад дунджаар 11 төрлийн бичиг баримт шаарддаг юм байна. Түүнд 168 цаг зарцуулдаг. Энэ нь цаг хугацааны хувьд ч бүрдүүлж байгаа бичиг баримтын тооны хувьд ч дэлхийн олонх улс орнуудын гадаад худалдаанд шаардагдах бичиг баримтын тоо болон зарцуулагдаж байгаа цаг хугацааны хувьд нэлээд их байгаа нь манай улсын тулгамдсан асуудлуудын нэг болжээ. Харин Зүүн Ази, Номхон далайн орнуудад 6-7, Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн орнуудад дөрвөн баримт бүрдүүлдэг. Монгол Улс энэ үзүүлэлтээрээ 1,5-4 дахин өндөр байгааг МҮХАҮТ-аас гаргасан экспортын замын зурагт дурдсан байгаа юм.

Салбар бүрийн бараа бүтээгдэхүүний экспортын зөвшөөрөл авах дэс дараалал, шат дамжлага өөр байдгийг дээр дурдсан. Ноос, ноолуурын салбар, тэр дундаа ноолуур экспортлох үйл явц 2018 онд гэхэд загварын дээжид дүгнэлт гаргуулах, гаалийн лабораториар код тодорхойлуулах, ХХААХҮЯ-наас биржийн бичиг авах, МҮХАҮТ-аас гарал үүслийн гэрчилгээ авах, тээврийн байгууллага гаалийн зуучлагч байгууллагаас ачааны манифест, төмөр замын баримт бичиг бүрдүүлдэг. Ингээд цаашлаад гааль дээр гаалийн бүрдүүлэлт хийгдэх ёстой гэнэ. Үүнд, гаальд мэдүүлэх, үнэлгээ хийлгэх, бичиг баримтаа шалгуулах, татвар төлөх, R дугаар авах, гаалийн биет шалгалт хийгдэх зэргээр үргэлжилдэг байлаа. Харин өнөөдөр энэ процесс нэлээд хумигдаж, экспортын эрх авах ажиллагаанд хугацаа бага шаарддаг болсныг үйлдвэрлэгчид хэлж байна.

Харин махны экспортын хувьд квот авах асуудал хамгийн бэрхшээлтэй гэнэ. Хэрэв авсан тохиолдолд хамгийн түрүүнд загварын дээжид өгч дүгнэлт гаргуулах ёстой. Үүнд ажлын тав хоног зарцуулагддаг. Цаашлаад Стандартчлал хэмжил зүйн газраас тохирлын гэрчилгээ авах шаардлагатай. МҮХАҮТ-аас гарал үүслийн гэрчилгээ авдаг. Энэ үйлчилгээ цахимжсан учраас өдөртөө гарчихдаг гэж байна. Түүний дараа Мал эмнэлгийн эрүүл ахуйн гэрчилгээ авах ёстой. Үүнд хамгийн их хугацаа шаарддаг ажээ. Хуулийн хугацаа 14 хоног байдаг аж. Түүний дараа тээврийн байгууллага гаалийн зуучлагч байгууллагаас ачааны манифест, төмөр замын баримт бичиг бүрдүүлдэг. Мөн дээр нь гааль дээр гаалийн бүрдүүлэлт хийгдэх ёстой гэнэ. Үүнд, гаальд мэдүүлэх, үнэлгээ хийлгэх, бичиг баримтаа шалгуулах, татвар төлөх, R дугаар авахад нэг өдөр, гаалийн биет үзлэгт орох, бодит шалгалтад хамрагдаж экспортлох зөвшөөрөл авахад нэг өдөр, тээвэрлэлтэд 2-3 өдөр шаардагддаг байна.

Бид байгалийн ургамлыг тарималжуулан БНХАУ руу экспортын зөвшөөрөл авахаар хөөцөлдөж буй Өмнөговь аймгийн нэгэн компанийн захиралтай холбогдож дараах мэдээллийг авсан юм.

-Бараагаа экспортлох зөвшөөрөл авахад ямар шат дамжлага дамжиж байна вэ?

-Манайх байгалийн ургамлыг таримал руу шилжүүлэн ургуулдаг. Хүний эрүүл мэндэд тустай ургамлын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн үг. Мэдээж эрүүл мэндийн гаралтай бүтээгдэхүүн бий болгох хүртэл урт удаан хугацаа шаардагддаг. Ингээд экспортлох зөвшөөрөл авахаар хөөцөлдөж эхэлсэн. Хамгийн түрүүнд энэ салбар маань Байгаль орчны яаманд хамаарах уу, Хөдөө аж ахуйн яаманд хамаарах уу гээд л эргэлзээтэй асуудал эхэлдэг юм байна. Ямартаа ч Байгалийн ургамлын тухай хуулийн дагуу Батоникийн цэцэрлэгт хүрээлэнгээр нотлуулдаг.

-Батоникийн цэцэрлэгт хүрээлэнгийн нотолгоо ямар хэрэгтэй юм бол?

-Түүнийг нь үндэслэж байж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тодорхойлолт гаргаж өгдөг юм байна. Уг нь Батоникийн цэцэрлэгт хүрээлэнд хандах ямар ч шаардлагагүй баймаар юм. Байгаль орчны газар, ХАА-н газар гээд байгаа. Тэд ч өөрсдөө нотолгоо гаргачихмаар санагдсан. Илүү л ажиллагаа юм билээ.

-Цаашлаад ямар алхам хийсэн бэ?

-Ингээд МҮХАҮТ-д хандаж гарал үүслийн гэрчилгээ авсан. Тэр үйл явц нэг их цаг хугацаа, мөнгө төгрөг шаардсангүй. Одоо яг процесс дээрээ явж байна. Гаалийн бичиг баримт бүрдүүлэлт дээр шаардлагатай зүйлсийг харахад хүндрэл бага гарах болов уу гэж харсан. Яг очоод газар дээр ямар байхыг мэдэхгүй байна. Одоогоор Байгаль орчны яамнаас дүгнэлт хүлээж байна.

-БНХАУ руу экспортолно гэлээ. Импортлогч талаас ямар бичиг баримт шаардаж байна вэ?

-БНХАУ-д өнгөрсөн нэгдүгээр сараас Худалдааны хууль хэрэгжиж эхэлсэн юм билээ. Энэ хуулиар импортоо нэлээд чөлөөтэй болгож өгсөн юм байна. Тиймээс хүндрэл бага байна. Ялангуяа энэ хуулиараа иргэдийнхээ дархлаа дэмжих эм бэлдмэл, ургамлын амин дэмтэй бүтээгдэхүүний импорт дээр нэлээд чөлөөтэй болгосон юм байна.

Гол нь манайд дотооддоо экспортын бараа бүтээгдэхүүний шат дамжлага дээр анхаарах хэрэгтэй санагдсан. Дээр хэлснээр Батоникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шат дамжлага илүүц ажил. Хүнд сурталтай, бүрдүүлэх бичиг баримт ойлгох ойлгохгүйгээс эхлээд асуудал гардаг юм билээ. Экспортлогч бидний хувьд тэр бүрийг хүлээнэ, хүлцэнэ. Өөр яах билээ.

Б.ЭНХЗАЯА

 

2 replies on “Монголоос бараа бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөл авахад 11 төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *