Налайх дүүргийн иргэн Н.Алтангэрэлийнх наадмын дараа шинэ байшиндаа оржээ. Наран талдаа цэлийсэн цонхтой энэ байшингийн хэмжээ нь 70 м.кв. Онцлог нь тэрбээр барилгын материалаа Эрээнээс татаж байшингаа өөрөө барьсан гэнэ. Дотроо гурван тасалгаатай байшинг босгоход ойролцоогоор 20 орчим сая төгрөгийн зардал гарчээ. Өөрийнх нь онцолж байгаагаар мөрөөдлийн байшингаа босгоод буй нь энэ гэнэ. Түүнтэй хөөрөлдөж туршлагыг нь хуваалцлаа.
-Танай гэр бүл шинэ байшиндаа ороод удаагүй байгаа юм байна. Хэдий хугацаанд байшингаа босгов?
-Ковидын үед гэртээ амарч байхдаа байшингаа шинэчлэх талаар бодож эхэлсэн. орон сууц худалдаж авах гэхээр үнэ нь тэнгэрт хадчихсан, м.кв-т багадаа хоёр сая давсан үнэтэй. зээлд хамрагдах бараг боломжгүй. Хөөцөлдөөд зээл авлаа гэж тооцоолоход үлдсэн насаа өр төлж өнгөрөөх гээд байв. Ингээд аавынхаа хашаанд амины орон сууц барихаар шийдсэн. байшингаа босгох ажил өнгөрсөн хавар эхлээд зуны адаг сартай уралдаад дууслаа. Өмнө нь манайх том шавар байшинд амьдардаг байлаа. Шинэ байшинд орохтой зэрэгцээд хүү минь мэндэллээ. саруулхан байшинд шинэ хүнээ хүлээж аваад сайхан байна.
-Та байшингаа босгохдоо материалаа урдаас татсан гэв үү. Ямар хугацаанд ирж байна вэ?
-Тийм ээ. барилгын материалаа цуглуулахаар 100 айл зах орсон ч үнэ нь дийлдэхээргүй юм билээ. Урдаас оруулж ирээд даруй гурав нугалаад зарж байна лээ. Өөрт байгаа боломжоо тооцоолж үзэхэд 100 айлаас барилгын материал авахад яагаад ч хүрэлцэхгүй байсан юм. урдаас барилгын материал захиалахыг судалж үзсэн. эрээн дэх дэлгүүрүүд рүү Wеchat хаягаар нь хандахад барилгын материалын үнэ маш хямдхан байсан л даа. Эндээс захиалахад каргонд тавиад өгдөг юм байна. Захиалсан бараа материалаа ердөө хоёр долоо хоногийн дараа л хүлээж аваад шууд ажилдаа орсон. Тоо, хэмжээ нь яг захиалснаар л ирж байна лээ.
-Урд барилгын материал ямар үнэтэй байна вэ. Та байшингаа ямар өртгөөр босгов?
-Эрээнд сонголт өргөн юм билээ. энд захуудад худалдаалагдаж байгаа материалуудыг анзаарахад хамгийн хямд нь орж ирдэг шиг санагдсан. Миний тухайд бол байшингаа босгосон нийт зардал маань 20 гаруй сая төгрөг болсон. үүнд урдаас захиалсан барилгын материал, тээврийн зардал, дотор тохижилт зэрэг бүгд багтсан. Үнийн тухайд эндэхтэй харьцуулах аргагүй. Байшингийн хаалга л гэхэд 250-800 мянган төгрөгийн хооронд өргөн сонголттой байна лээ. Манайд бол доод тал нь 550 мянган төгрөгийн ханштай. Хамгийн доод үнэ нь ийм. Урдаас чанартай хаалгыг л 400 мянган төгрөгөөр авч байгаа юм. Миний авсан хаалганы ижил нь зах дээр сая давсан үнэтэй байна лээ. Мөн байшин барихад чухал хэрэгтэй дээврийн төмөр ширхэг нь ердөө 8000 төгрөгийн үнэтэй. Түүнчлэн чанартай хар паниар ширхэг нь 42 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Гипсэн хавтан л гэхэд ердөө 10 мянган төгрөг.
Үүнээс гадна байшингийн цонхны тухайд мкв нь ойролцоогоор 130 мянган төгрөгийн үнэтэй. Сангийн материалууд бол хэд дахин хямд үнээр захиалж авах боломжтой. Байшин барихад чухал хэрэгтэй дутавр гэхэд 12 мкв нь 400 мянган төгрөгийн үнэтэй. Энэ мэтчилэнгээр материал тус бүрээс мөнгө хэмнээд байхад хямдхаан өртгөөр чанартай барилга барих боломжтой санагдсан. Миний тухайд чанартай материалууд сонгож бариад өртөг нь ийм гарсан. Илүү төсөр зардлаар ч босгох боломжтой юм билээ. Ойролцоогоор 25 сая төгрөгөөр загварлаг тухтай зуслангийн байшин босоод ирнэ. Зөвхөн барилгын материалын үнэ нь ийм биш. Шууд ороод суухад бэлэн байшин л ийм өртгөөр босно.
-Амны орон сууц барихад гол асуудал нь дулаалга. Дулаалгын материалд гол үнэ нь явчихдаг шүү дээ. Та дулаалгын асуудлаа яаж зохицуулав?
-Байшингаа юугаар дулаалж болох талаар их судалсан. Олон ч хүн рүү хандсан. Дулаан байлгахын тулд том цонх хэрэгтэй юм билээ. Ингээд хоёр том цонх хийсэн юм. Дулаалахдаа шилэн хөвөнг сонгосон. Боодолдоо зургаан ширхэгтэй шилэн хөвөн 19000 төгрөгийн үнэтэй. 5 см зузаантай энэ шинэ хөвөнг хүмүүс түгээмэл ашигладаг юм билээ. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд хамгийн тохиромжтой нь гэж ойлгосон. Ийм шилэн хөвөнгөөр дулаалгаа шийдсэн олон айл дулаахан өвөлжихийг олон жишээнээс харсан л даа. Ингээд үүнийг сонгосон. Том цонхоор дулаана аваад гадагшлуулахгүй байхад гэрт гал түлж дулаалах хэрэгтэй огт байхгүй юм билээ. Хамгийн гол нь орж ирсэн дулаан гадагшаа сийгэхгүй байхад л тасалгааны дулаан 20 давсан градустай байдаг. Заавал нүүрс, түлээ гэх шаардлагагүй. Байшингаа сайтар дулаалаад л орон сууц шиг цэвэр орчинд байх боломжтой.
-Дотор тохижилтод бага биш зардал гардаг шүү дээ. Үүнийг хэрхэн зохицуулав?
-Энд тааз их үнэтэй байдаг. Урд бол хөнгөн цагаан тааз 60-200 юанын хооронд ханштай. 28 мянгаас дээш үнэтэй гэсэн үг. Сонголт мэдээж маш өргөн. Мөн паркетан шал чухал. Энэ мөн л өргөн сонголттой. Чанартай паркетыг 18000 мянган төгрөгөөр л захиалаад авчихна. Энд ирэхээрээ үнэ нугарч байна лээ. За тэгээд гал тогооны тавилга төрөл бүрээрээ бий.
Заавал энд зөөж ирсэн ченжүүдийн аманд орж хэлсэн үнээр нь бараа авах огт шаардлагагүй. Хэрэгцээндээ тааруулаад өөрөө захиалахад л хоёр долоо хоногийн дотор л ороод ирнэ. Хямд төсөр зардлаар чанартай байшин барих боломж бүрэн бий. Эрүүл мэнд, аюулгүй байдал талаасаа ч чанартай материалаар санаандаа таарсан байшин босгож болно. Заавал тоосго өрөх биш. Төрөл бүрийн материалаар хүссэн загвараараа байшин бариад сууж болно.