Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Бусдыг аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх нь таныг эрүүгийн гэмт хэрэгтэн болгох эрсдэлтэй DNN.mn

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын зургадугаар багт иргэн Э нь 5-6 нохойд хазуулсан осол есдүгээр сарын 6-нд болсон юм. Тухайн үйл явдлыг яг дэргэд нь зогсоод харж байсан “Toyota Land cruiser” маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэн тусламж үзүүлэлгүй орхиж явсан нь олны эгдүүцлийг хүргэв. Нохойд зуулгасан эмэгтэй хүнд гэмтэж толгойдоо 10 оёдол тавиулжээ. Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэдийг тогтоож мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Түүнчлэн тусламж үзүүлж иргэний үүргээ биелүүлээгүй иргэнээс мэдүүлэг авсан гэнэ.
Аюултай нөхцөлд бусдад тусламж үзүүлэлгүй орхиж явах нь хуулийн ямар зүйл заалт зөрчдөг эсэх талаар хуульч Э.Энхцэцэгээс тодруулга авлаа.
-Эрсдэлд орсон нэгэндээ туслах сэтгэл бидэнд үзэгдэхээ больсон нь хэд хэдэн жишээнээс харагдлаа. Аюултай байдалд орсон нэгэнд тусламж үзүүлэлгүй орхих нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү?
-Цагдаагийн хувцастай залуу бусдад зодуулаад ухаан алдахад бичлэг хийгээд зогссон залуу, сүрэг нохойд бариулж буй эмэгтэйг орхиж явсан иргэн энэ жишээнүүд хууль зөрчсөн үйлдэл мөн. Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлд Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх тухай заасан байдаг. Тодруулбал бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл нохойд бариулж буй эмэгтэйн дэргэд зогсож байсан жолооч тусламж үзүүлэх үүргийг хуулийн өмнө хүлээсэн гэсэн үг. Бусдад зодуулж эрсдэлд орсон нэгэнд тусламж үзүүлж эмнэлгийн байгууллагад мэдэгдэх нь ч хуулийн өмнө хүлээсэн үүрэг. Иргэдийн тухайд үүнийг тэр бүр ойлгодоггүй. Хэн нэгний амь тэмцэж байхад халааснаасаа утсаа шүүрч аваад бичлэг хийдэг. Уул нь эрсдэлд орсон нэгэнд тусламж үзүүлж, холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Харамсалтай нь манайхан машинд дайруулаад ухаангүй хэвтэж байгаа хүнээс сэжиглэж холуур тойрдог болсон. Энэ нь мухар сүсэг хар бодолтой холбоотой байх.
-Эрсдэлтэй нөхцөлд тусламж үзүүлээгүй үйлдэлд ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Аюултай нөхцөлд бусдад тусламж үзүүлэлгүй орхиж явсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *