Сонгинохайрхан дүүргийн зорчигч үйлчилгээний төв буюу бидний нэрлэж заншсанаар Драгон төв байршлаа өөрчилж Номин худалдааны төвийн зүүн талын автовокзалд үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн сарын 25-ны өдрөөс эхэлж энэ байршилд үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус төвөөс сурвалжилга бэлтгэлээ.
Драгон энд нүүж ирээд төдийлөн удаагүй байгаа ч үйлчлүүлэгчид аль хэдийнээ мэддэг болжээ. Цэлийсэн том зогсоолыг голоор нь хоёр хуваасан байв. Баруун хэсэгт нь хот хоорондын такси, зүүн хэсэгт нь автобуснууд эгнээд зогсжээ. Цааш яваад шилэн хаалгаар шагайвал сэлүүхэн заалнаас сэрүү татаж байна. Шинээр ашиглалтад орсон Драгон төвийн заалыг олон улсын түвшинд ойртуулж тохижуулсан нь ил цагаан харагдаж байлаа. Харин энэ том зааланд хоёр цонхоор л иргэдэд үйлчилгээ үзүүлж, билет бичиж байв. Энд харин урт дараалал үүсчээ. Гэсэн ч талбай нь уужуу учраас хоорондоо ам мурийсан асуудал алга.
Шинээр ашиглалтад ороод удаагүй байгаа газрын тохижилтын ажил хараахан дуусаагүй байгаа гэнэ. Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Зорчигч тээврийн хэлтсийн дарга Г.Дуламсүрэн “Шинэ автовокзалд үйлчилгээгээ илүү чанаржуулж, сайжруулах чиглэлээр нэмэлт тэмдэг тэмдэглэгээ байршуулах зэрэг ажлууд хийгдэж байна. Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан байршлаас тус шинэ автовокзал нь нийтийн эзэмшлийн талбай 5 дахин, үйлчилгээний талбай 1.5 дахин нэмэгдсэн.
Иргэдэд хэрэгцээтэй бүхий л төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, ая тухтай үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Тухайлбал, ариун цэврийн өрөө, гарц, зогсоолын тэмдэг, тэмдэглэгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан такси, ачаагаа зөөх тэрэг, гар утас цэнэглэх цэг, бэлэн мөнгөний машин, кофешоп, хоолны газар зэрэг хэрэгцээт бүх үйлчилгээ үзүүлнэ.
Цаашид иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ улам чанаржуулж, нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтран автобусны зогсоол, зорчих хэсгийг холбох зэрэг зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна. Түүнээс гадна хууль бус тээврийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг хязгаарлах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогтмол хяналт, шалгалт явуулж байна” гэв.
О.Доржтовуу: Нэг дороос цогц үйлчилгээ авах боломж бүрдсэн байна
Хүлээлгийн танхимд ойролцоогоор 200 гаруй хүн тухлах сандлыг байршуулжээ. Хот хооронд зорчихдоо автобусыг илүүд үздэг ахмадууд үүнд таатай хандаж байна. Зөөлөвчтэй сандалд тухлаад дугхийсэн ч боломжтой юм билээ. Бид зорчигч О.Доржтовуутай цөөн хором хөөрөлдлөө.
-Автовокзал шинэ бүсэд суурьшжээ. Үүнд ямар сэтгэгдэлтэй байна вэ, та?
-Би Ховд аймгийн Булган сумаас дөрөв хоногийн өмнө ирсэн. Вокзалын заал сэлүүхэн сайхан болжээ. Үүдээр орж ирэхэд л хаанаас ямар үйлчилгээ авах талаар ажилтнууд нь тайлбарлаад өгч байна. Өмнө нь бол жижигхэн талбайд хөлөө амраах газар ч олдохгүй хэцүү байлаа. Ачаа чирээд явахад тавих газар ч олдохгүй. Хулгайд алдчих гээд их хэцүү байсан. Энд бол амар болжээ. Ийм цэлгэр зааланд уурлаж уцаарлаж байгаа ч хүн алга. Хилийн цаана нь ийм тухтай орчинд үйлчилгээ авдаг байлаа.
-Энд ирэх гэж түгжрэв та?
-Нэг их түгжирсэнгүй. Харин унаа олох гэж жаахан будилж, цаг алдлаа. Таксидаж ирлээ. Хотын төвөөс ийшээ ирж байгаа автобус бараг алга. Заавал дамжих шаардлагатай юм байна. Тэр бүрийг хүлээж, хайхад хугацаа алдаж унаанаасаа хоцорчих гээд байлаа. Энэ чиглэлд илүү олон автобус явах шаардлагатай санагдлаа.
-Үйлчлүүлэгчийн зүгээс өөр ямар санал байна вэ, танд?
-Гадаа талбайд орж ирэхэд яг хаанаас ямар унаа явах нь тодорхой бус юм. Үүнд тэмдэг, тэмдэглэгээ хэрэгтэй санагдлаа. Өөр санал алга даа. Хажуудаа том үйлчилгээний төвтэй нь зүгээр юм. Нэг дороос цогц үйлчилгээ авах боломж бүрдсэн нь таалагдлаа. Өмнө нь бол драгоны хажуугаар явахад энд тэнд барилгын ажил яваад хаанаас юу нурж ирэх бол гэх айдастай байлаа. Энд бол сэтгэл тайван амар үйлчилгээ авах боломж бий болжээ” гэв. Хүлээлгийн заалны хойморт хүүхдийн тоглоомын өрөөг тохижуулжээ. Төрөл бүрийн тоглоом өрж үлгэрт гардаг шиг л тохижуулсан энэ өрөөнд унаа хүлээх зуураа хүүхдээ тоглуулах боломжтой. Энд хүүхдийн бужигнаан тасардаггүй юм билээ. Хажууханд нь харин эх нярайд зориулсан өрөөг гаргаж өгсөн байна. Энэ өрөөг нялх хүүхдийг хуурайлаад гарахад зориулж тохижуулжээ. Түүнчлэн хол замд явдаг жолооч нарт зориулсан амрах өрөөг гаргаж өгчээ. Шөнөжин дахиж ирсэн жолооч нүдний хор гаргаж хажуудах кофе шоппоос өглөөний унд уугаад ажилдаа гарах боломжтой. Автобусны суудал дээрээ тухгүй амардаг байсан асуудал ард үлджээ.
Жолооч Б.Энх-Эрдэнэ: Сэлүүхэн зогсоолтой амар байна
Автобусны жолооч Б.Энх-Эрдэнээс тодруулга авлаа.
-Шинэ автовокзалын талаар та ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Шинэ вокзал сэлүүхэн байна. Өмнөх байршилд бол битүү барилга босчихсон. Сүүлдээ зогсох газар ч олдохгүй болсон шүү дээ. Төв замаасаа салж ороход ч их төвөгтэй. Зогсоол байхгүй учраас зорчигчид холоос ачаагаа зөөх зэрэг хүндрэл гардаг байлаа. Энд тийм асуудал алга. Хаанаас ямар үйлчилгээ авах нь тодорхой. Орж ирээд л шууд унаандаа сууж байна.
-Ийшээ ирэхэд замын ачаалал их байна уу?
-Өмнө нь ч түгжирдэг л байсан. Зарим тохиолдолд зогсоол руу орох гэж цаг орчим зогсдог байсан шүү дээ. Ялгаагүй л түгжирдэг. Энд ирснээрээ тухтай амраад замд гарах нөхцөл бүрдсэн. Өмнө нь бол 25 автобусны зогсоол багталцдаггүй байлаа. Одоо бол 50 автобусны зогсоолд ийм асуудал тулгарахгүй байна. Хажуугаар нь 500 машины зогсоолтой” гэв.
Зогсоолын баруун талд Номинтой залгаа байранд food court үйл ажиллагаа явуулж байна. 100 орчим хүний багтаамжтай энэ зааланд гурван цонхоор иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Монгол хоолноос гадна европ хоолны сонголт байна лээ. Автовокзал Номингийн байршилд нүүж очсон нь шүүмжлэл дагуулж байгаа. Энэ асуудлын хүрээнд “АТҮТ” ТӨҮГ-ын захиргааны хэлтсийн дарга Б.Баатарцол “Та анзаарсан бол өмнөх байршилд барилгын үйл ажиллагаа явж байгаа. Дээрээс тоосго унаад хүн цохивол нүүж байхгүй яав гэдэг асуудал хөндөгдөнө. Энэ бол зорчигчийн аюулгүй байдлын үүднээс л гаргасан шийдвэр. Хэн нэгэн сайд хэлэхэд нь нүүчихсэн асуудал огт биш. Судалгаа хийж гаргасан шийдвэр юм шүү” гэх байр суурийг илэрхийлэв. Зааланд цугласан иргэдийн онцолж байгаагаар энд ирэхдээ хоёроос гурван автобус дамжиж байгаа нь хүндрэлтэй байгааг онцлов. Үйлчлүүлэгчдийн зүгээс энд дугаарлаж зогссоноос онлайнаар тасалбар захиалдаг болсон гэнэ. Ирэх замдаа хугацаа алдаж хоцрох эрсдэлтэйг хэлж байв.
Өнөөдрийн байдлаар шинэ драгон руу 6-7 чиглэлээс автобус явж байгаа гэнэ. Үүнийг нэмэх ажил хэлэлцээрийн шатанд явааг ажилтнууд хэлж байлаа. Түүнчлэн энэ орчимд нийслэлээс төмөр замын дөрвөн нүхэн гарц гаргах ажлыг эхлүүлсэн гэнэ. Илүү тодруулбал “Энхжин” худалдааны төвийн нүхэн гарц ирэх сард ашиглалтад орох юм байна. Ингэснээр Драгоныг чиглэсэн түгжрэлийн асуудал цэгцэрнэ гэж тооцоолж байгаа гэнэ. Энэ нь хотын түгжрэлийг бууруулах ажлын нэг хэсэг болохыг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Драгоныг хотын зах руу шахсанаар төв рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал буурна гэж тооцоолжээ. Бид хаанаас ч ирсэн ямар ч жуулчны өмнө нүүр бардам үйлчлэх зорчигч үйлчилгээний төвтэй болжээ. Food court-д үндэсний хоол зоогломогцоо Номин супермаркетаас эрүүл хүнс торлоод зорьсон газрынхаа унаанд суух боломжоор хангаж өгсөн байна. Унаагаа хүлээх зууртаа хүлээлгийн танхимд зурагт хараад тухлах болно. Энэ завсартаа утсаа цэнэглэхээс авахуулаад наад захын шаардлагатай бүхэн энд байна. За тэгээд ямар ч овор хэмжээтэй ачааг тэргээр зөөгөөд өгөх хүмүүс бэлэн сууж байна лээ.