Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баруун гурван аймагт ажиллаад иржээ. Ард иргэдийнхээ үгийг сонсож, ахуй амьдралтай нь танилцаж, сум орон нутгийн болохгүй бүтэхгүйтэй нь хамт хөгжил дэвшлийг нь ч нүдээр үзээд ирсэн нь сайн хэрэг. Сонгууль ойртоод хөдөө гадаагүй “гүйж” байна гэх шүүмжийг зарим хүн нийгмийн сүлжээнд бичсэн харагдана лээ. Тийм ч биз, үгүй ч биз.
Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ сул гишүүн байхаасаа л ярьсан авлига, хээл хахууль, шударга бус зүйлтэй хийх тэмцлээ Ерөнхий сайд болсноосоо хойш эрчимжүүлэхдээ олон ч бүлэглэл, эрх ашгийн уур бухимдлыг асааж, тэр хэрээр “гал”-ыг өөр дээрээ дуудлаа.
Хөдөөд ч хөндлөнгөөс иргэд ингэж дүгнэж буй.
Ерөнхий сайд болсноос нь хойш хоёр ч томоохон жагсаал болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрыг унагах гэхээсээ илүү төрийн бүх шатанд ажлаа хийж, нүүрсний хулгай, авлига, албан тушаалын хэргийг зад татах ёстойг жагсагчид шаардаж байв. Шударга ёсыг нэхэж Ерөнхий сайдаа “шахсан” л даа. Тэр бүхэнд мань эр асуудлыг намжааж, аргалах төдийхнөөр өнгөрөөлгүй, харин шууд нүүр тулчихсан. Манайд урьд нь нэг ч Ерөнхийлөгч, нэг ч Ерөнхий сайд, нэг ч УИХ-ын дарга ингэж ордноос жагсагчид руу гарч ирж байгаагүй. Хүмүүст содон сонин л санагдсан. Ерөнхий сайд Төрийн ордноос гарч ирж жагсагчидтай уулзаад дараа дараагийн шийдлээ ярилцаад асуудлыг олон ургальч байдлаар шийдэж байв.
“Ерөнхий сайд болсноосоо хойш ард иргэдээ сонсолгүй “вакумжиж” байгаад сонгууль дөхөөд ирэхээр орон нутаг руу “гүйдэлтэй” болж байна” гэдэг шүүмж сошиалд саяхан мэр сэр харагдсан. Энэ тийм ч оносон дүгнэлт биш байх. Өнгөрсөн жил ч Ерөнхий сайд Баян-Өлгий, Завхан, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар аймагт ажилласныг санаж байна. Тухайн үедээ мөн л болохгүй бүтэхгүй байгаа асуудлыг нь шийдэх гэж иргэдийн үгийг сонсоод явж байсан. Сая Говь-Алтай, Ховд, Увс аймагт ажиллахдаа ямар ч байсан тухайн орон нутгийн иргэдийн үгийг тэвчээртэй сонсчээ. Зарим аймгийн уулзалт найман цаг үргэлжилсэн байна.
Говь-Алтайд 40 гаруй, Ховдод 50 шахам, Увсад 50 гаруй хүн Ерөнхий сайдад хандаж үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, зарим нь аймаг орон нутгийн удирдлагуудынхаа талаар бодит байдлыг ярьж, зарим нь улс төрийн, хувийн, бизнесийн шалтгаанаар зохион байгуулалттайгаар аймгийнхаа даргыгаа “матаж” хүртэл үзсэн байна. Нэг нь нөгөөгөө балбадаг, ялангуяа хөдөөгүүр бол байдаг л нэг улс төржилт мэт боловч Монголд хоцрогдсон л арга л даа. Гүйцэтгэх засаглалын тэргүүн талцал намчирхалаас илүүтэй асуудлыг том зургаар нь харахыг уулзалт бүхэн дээр хэлж явжээ. Харин болохгүй бүтэхгүй байгаа, шийдэх шаардлагатай бүтээн байгуулалтын ажлуудын санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгуулах саналыг нь иргэдээр өөрсдөөр нь эрэмбэлүүлсэн байна. Нэг талаараа шинэ жишиг. Хэзээ байтлаа ирэх жилийн төсөв батлахын өмнө Ерөнхий сайд нь гүйж очоод саналыг нь авдаг байлаа. Энэхүү зөв жишиг нэг талаараа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэнтэй шууд холбоотой.
Нөгөө талдаа асуудлаас зугтаадаггүй, ажлыг тойруулдаггүй хувь улстөрчийнх нь онцлог харагдаад байгаа юм. Ийм чанар уг нь улстөрч бүхэнд байх учиртай. Л.Оюун-Эрдэнэ улс төрд орж ирэхдээ ч, Ерөнхий сайд болохдоо ч “тэмцэгч” гэдгээрээ л танигдсан. Тэгвэл түүний Засгийн газрын явуулж буй шударга бустай тэмцэх 5Ш ажиллагааг баруун гурван аймгийнхан битүү дэмжсэн байна. Хөгжлийн банк, нүүрсний хэргийг иргэд сайшааж, төрийн албаны хүнд суртал, газар олголт, тендер зэрэгт 5Ш ажиллагаа ихээхэн нэмэр болох учраас шударга бустай эвлэрч болохгүйг иргэд Ерөнхий сайдад хэлжээ.
Засгийн газраас хөдөөгийн хөгжилд онцгойлон анхаарч 2022 онд “Мянганы зам” төслийн хүрээнд 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож дууссан. Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутагт шилжиж амьдрах иргэдэд таатай нөхцөлүүдийг санал болгож буй. Энэ мэтчилэн нэг газарт бөөгнөрөх бус орон нутагт ч аятай тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээ Л.Оюун-Эрдэнэ уулзалт бүрдээ мэдэгджээ.
Ерөнхий сайд танхимынхаа сайд нарыг дагуулан 21 аймгаа тойрч, иргэдийнхээ үгийг сонсож, асуудлыг шийдэх гэж байгаа төлөвлөсөн нь шулуухан хэлэхэд таалагдаж байна. Ялангуяа ирэх оны төсвийг удахгүй парламентаар хэлэлцэхийн өмнө, цаг үеэ мэдэрсэн чухал ажил гээд хэлчихмээр байна. Ер нь аливааг аргалж өнгөрөөдөггүй, асуудал бүхэнтэй нүүр тулдаг улстөрч л Монголд хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнэ чадаж байна. Ингэж гэмээнэ бид улс орны хөгжил дэвшлийн талаар нийтээрээ ярьдаг болно.
One reply on “Л.Оюун-Эрдэнэ чадаж байна DNN.mn”
соошлоор хөлснийхөн хиамдах шиг болж байна .