Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Хагас коксоор сайжруулсан түлш агаарын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлнэ гэв DNN.mn

Ирэх өвлийн туршилтамжилттай болж, агаарын бохирдол хоёрдахин буурах уу?

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ирэх арванхоёрдугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 31 хүртэлх 45 хоногийн хугацаанд турших хагас коксын шахмал түлшний талаар хэвлэлийнхэнд танилцуулав. Хагас коксоор үйлдвэрлэсэн түлш агаарын бохирдлыг 50 хувиар буюу хоёр дахин бууруулна гэв. Гуравдугаар шатлалын нүүрс гэгдэх хагас коксон сайжруулсан түлшийг олон улсын жишгээр ойрын хугацаанд хэрэглээндээ нэвтрүүлэхээр 10 сарын хугацаанд судалгаа явуулжээ.

Ингэхдээ агаарын бохирдлын асуудалтай улс, орнуудын туршлагыг судалсан талаараа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ярилаа. Тодруулбал, тэд Английн Лондон хот, БНСУ-ын Сөүл, Хятадын Бээжин хотын туршлагыг судалжээ.

Сүүлийн таван жил миддлингийн дулааны аргаар боловсруулсан сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотод хэрэглээнд нэвтрүүлж, тодорхой үр дүнд хүрсэн. Цаашид сайжруулсан шахмал түлшний технологид сайжруулалт хийх боломжгүй учраас түлшний түүхий эдийг хагас коксоор солих шаардлагатай байгаа гэнэ. Улаанбаатар хотод 230 гаруй мянган өрх нүүрс түлж буй. Улаанбаатар хотын гэр хорооллын хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед миддлингээр хийсэн шахмал түлш агаарын бохирдлын хэмжээг бууруулахгүй гэв. Тиймээс хүрэн болон чулуун нүүрсийг угааж баяжуулсан нунтаг болох хагах коксыг БНХАУ-аас худалдан авч Эрдэнэс тавантолгой ТӨҮГ дээр сайжруулсан түлш үйлдвэрлэж 45 хоногийн хугацаанд туршилт явуулах юм.

Дэлхийн олон улс оронд хэрэглээнд амжилттай нэвтрүүлсэн хагас коксжуулсан түлшийг БНХАУ-д хэд хэдэн удаа туршжээ. Тэгэхдээ зөвлөх баг авч ажиллуулсан байна. Хорвуу чанарууд нь буурсан туршилтаар мидлингтэй харьцуулахад хүхрийн хэмжээ 2.4 дахин, дэгдэмхий 22-оос 10.5 болж буурчээ. Энэхүү туршилтад Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 242 сая төгрөгийг зарцуулсан байна. Түүнчлэн 80 тонн хагас коксжих нүүрс ашиглаж, Таван толгой түлш компанид дөрвөн төрлийн түлш хийсэн байна. Ийн зургаан лабораторид 100 гаруй дээж өгч, дээр дурдсан үр дүнг гаргажээ.

Энэ талаар ЭХЯ-ны БЗХГ-ын дарга Б.Насантогтох “Өнгөрсөн хавар туршилтыг дөрвөн хувилбараар хийсэн. 30 хувь, 50 хувь, 70 хувь, 100 хувиар мидлингтэйгээ хольж туршсан. Тэгэхэд үндсэн үзүүлэлтүүдэд томоохон өөрчлөлтүүд гараагүй. Лабораториудад шинжилгээг хийлгэсэн. 100 хувиар хийхэд хорвуу чанарууд буурсан үзүүлэлтүүд гарсан. Тиймээс 100 хувьтай байх нь зүйтэй гэж үзсэн. Туршилтаар илчлэгийн хувь 10 орчим хувиар илүү байсан. Хагас кокс үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн учраас түүхийн эдийн техникийн үзүүлэлтийг зааж өгнө. Тийм учраас асуудал гарахгүй, яг ижил байна. Хагас коксоор сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлэх нь туршилтаар батлагдсан” гэлээ. Хагас коксоор үйлдвэрлэсэн шахмал түлшийн туршилтаар тоосонцорын хэмжээ 73 хувь, хүхэрлэг хийн хэмжээ 86 хувь, агаарын хий 11 хувь, азотын исэл 24 хувиар буурсан байна. Тиймээс нийслэлд босгох гэж байгаа 500 тэрбум төгрөгийн бондоос 177.5 тэрбум төгрөгийг 45 хоногийн туршилтын хагас коксын түүхий эдийг худалдан авахад ашиглах саналыг гаргасан байна.

Хэрэв энэ өвлийн туршилт амжилттай болбол ирэх онд хагас коксын шахмал түлшийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлж, төр түлшний үнийн зөрүүнд 300 тэрбумыг төсөвтөө багтаахаас өөр сонголтгүй гэнэ. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “2022 оны эхний хагасын үнэлгээгээр Тавантолгой түлш компани нэг тонн түлшийг 450 мянган төгрөгөөр үйлдвэрлэж, 150 мянган төгрөгөөр борлуулж байна. Зөрүү 300 мянган төгрөгийн татаасыг Эрдэнэс Таван толгой ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд сүүлийн дөрвөн жил санхүүжүүлсэн. Хагас кокс шахмал түлшийг үйлдвэрлэхэд 450 мянган төгрөгийн өртөгтэй түлш маань 650-700 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Ийнхүү татаасын хэмжээ 300 орчим тэрбум төгрөг болж нэмэгдэх урьдчилсан тооцоо бий. Гүйцэтгэлээс шалтгаалж таван хувиар нааш цааш хэлбэлзэх магадлалтай. 150 мянгаараа борлуулна” гэлээ. Хоёр долоо хоногийн өмнө Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 45 хоногийн хугацаанд хагас кокжсон түлшээ борлуулж үзэх саналыг Эрчим хүчний яамнаас танилцуулжээ. Импортлоход шаардлагатай 177.5 тэрбум төгрөгийн 120 орчим нь хагас коксыг импортлох зардал, гааль, НӨАТ, гадаад дотоод тээврийн өртөг гэнэ.

Хагас коксон түлшийг түлэхэд зориулалтын асаагч шаардлагатай. Тиймээс 20 орчим тэрбум төгрөгөөр асаагчийг цуг импортлохоор төлөвлөжээ. Зориулалтын цахилгаан асаагчийн нэгжийн үнэ 80 мянган төгрөг байх бөгөөд эхний ээлжинд иргэдэд үнэгүй тараах ажээ. Туршилтын түлшний талаар Б.Чойжилсүрэн “Хэд хэдэн барьцалдуулагчийг оруулж ирж, түлшнийхээ чанарыг өөрчилж үзнэ. Ирэх арваннэгдүгээр сарын 1 гэхэд хагас коксон түлшээ оруулаад ирвэл арванхоёрдугаар сарын 15 хүртэл 115 мянган тонн түлшийг үйлдвэрлэж, туршилтын түлшийг түлж үзэх урьдчилсан төлөвлөгөөтэй байна” гэлээ.

2025 оны зургадугаар сарын 30 гэхэд хагас коксын үйлдвэртэй болно гэв

ЭХЯ-ны ТБХЗГ-ын дарга И.Лувсанцэрэн “Хагас коксын үйлдвэр барих судалгааны, техник эдийн засгийн үндэслэлийн ажлууд явж байна. Тэр хүртэл туршиж үзье. Үнэхээр боломжтой байвал 16-18 сарын хугацаанд үйлдвэрээ барих бүрэн боломжтой” гэлээ. Хагас коксыг дотооддоо үйлдвэрлэх зорилготой ТЭЗҮ ирэх есдүгээр сарын дунд гэхэд бэлэн болно. 2023 оны дөрөвдүгээр улиралд тендерийг зарласан тохиолдолд 2024 оны нэгдүгээр улиралд тендерийн компани тодорхой болно. 2025 оны зургаадугаар сарын 30 гэхэд хагас коксын үйлдвэртэй болохоор төлөвлөжээ. Багануурын уурхайг түшиглэн 600 мянган тонн түлш үйлдвэрлэх үйлдвэрийг гаднын хөрөнгө оруулагч барих аж. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Монголын тал үйлдвэр барих газрыг гаргаж өгнө. Үйлдвэрт нийлүүлэх нүүрсийг 10 жилийн хугацаанд Багануурын уурхай нийлүүлнэ. Тиймээс нүүрсний үнийг тодорхой болгож өгнө. Үйлдвэрээс хагас кокс, давирхай, хий гэх гурван төрлийн бүтээгдэхүүн гарна. Хий нь ойролцоогоор 30-50 мвт-ын цахилгаан үйлдвэрлэх боломжтой. Бид түүнийг Эрчим хүчний хуулийн дагуу төвийн эрчим хүчинд холбох ажлыг хийнэ” гэв. Таван толгой түлш компани шинээр баригдах үйлдвэрээс 600 мянган тонн түлшийг арван жилийн хугацаанд худалдаж авах гэрээг хийнэ гэв. Давирхайг бусад орнууд руу түүхий эд болгож экспортлох аж.

Үйлдвэр ашиглалтад орвол 2025-2035 он хүртэл хагас коксон түлшийг хэрэглэх бөгөөд энэ хугацаанд Монголын газар нутгаар дайран өнгөрч буй хийн хоолойгоос түлш авах нөхцөл боломжууд үүсэх магадлалтай хэмээн Эрчим хүчний сайд тооцоолж байгаа бололтой. Энэ үеэр Эрчим хүчний яам гурван үе шаттай агаарын бохирдолтой тэмцэхээр төлөвлөж байгаа танилцуулсан юм. Тодруулбал, хагас коксоор хийсэн түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх, хагас коксын үйлдвэртэй болох, 2030-2050 оны хооронд хийн хангамжийн нэгдсэн сүлжээг бий болгох, шахмал түлшний хэрэглээг бууруулах, урт хугацаанд төвлөрлийг сааруулж, дагуул хотуудыг хөгжүүлэх, иргэдийг орон сууцжуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Хагас коксын шахмал түлшийг ердийн галлагаатай зууханд хэрхэн ашиглах, шатаах тухай танилцуулгыг хийв. Энэ үеэр монгол, хятад, цахилгаан, мод гэх дөрвөн төрлийн асаагуураар мидлинг болон хагас коксын шахмал түлшийг асааж, үр дүнг нь харуулсан юм. Ийн практик дээр хоёр түлшийн утаа ялгаруулалтын хэмжээг харьцууллаа.

Б.Түвшин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *